АН: МАН-тай байгуулсан гэрээг дүгнэнэ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг
2015.06.22

АН: МАН-тай байгуулсан гэрээг дүгнэнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Ерөнхий сайдын мэдээллийг сонссоны зэрэгцээ Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцжээ.

Бусад гэсэн асуудлын хүрээнд Засгийн газарт хамтарсан МАН-ын гэрээний биелэлтийг хэлэлцэх байсан ч Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд орон нутагт ажиллаж байгаа, мөн гишүүдийн ирц бүрэн биш учраас энэ бүхнийг хангаж, нухацтай хэлэлцэх шийдэлд хүрчээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт ОХУ-д ажилласан юм. Энэ үеэрээ хойд хөрштэй хийн хоолой, төмөр зам авто замын талаар хамтран ажиллах боломж, дэмжлэг байгаа эсэх талаар санал солилцсон аж. ОХУ-ын талаас дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийлжээ. Гэхдээ ОХУ-ын талаас “Эрдэнэт” компанийн Оросын талын хувь нийлүүлэгч болох “Орос технологи” компанийн талаар шийдвэр гаргаж өгөх хүсэлт тавьсныг Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэнэ гэж Ерөнхий сайд бүлэгт мэдээлэл хийхдээ тодотгожээ.

Мөн Ерөнхий сайд ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинтэй Монгол Улсаас ОХУ-д экспортлох мах, махан бүтээгдэхүүнийн талаар ярилцсан төдийгүй визний асуудал, хил гааль дээр гарч байгаа хүндрэлийг зохицуулах талаар ярилцаж, арга хэмжээ авахуулах шийдэлд хүрсэн байна. Түүнчлэн “Орос атом” компанийн удирдлагуудтай Арбитрын шүүхийн асуудлаар ярилцжээ.

Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй холбоотойгоор Засгийн газраас сургууль, эмнэлэгтэй холбоотой менежмэнтийн хувьчлалтай холбоотой заалтыг хасах санал гаргасныг бүлгийн гишүүд 100 хувь дэмжжээ. Энэ тухай мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж нар хийсэн юм.

Сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгснийг хүргэе.

-Өмч хувьчлалын хүрээнд хэдий хэмжээний орлого олох юм бол?

Б.Гарамгайбаатар: 170-аад тэрбум төгрөгийг өмч хувьчлалаар олох боломжтой.

Ш.Түвдэндорж: Уг нь өмч хувьчлалын хүрээнд нийгмийн салбарын зохион байгуулалтыг өөрчлөх байсан юм. Нэг ёсны эмнэлэг, сургуулийн удирдлага, зохион байгуулалтыг төрөөс салгах зорилготой байсан. Баянзүрх дүргийн Эрүүл мэндийн төвийг очиж үзээрэй, энэ үйл ажиллагааг явуулснаар яаж сайн ажиллаж байгааг харж болно. Тийм л ажил хийхийг зорьсон, гэхдээ МАН-ын бүлгээс хойшлуулах шаардлагатай гэсэн учраас зарим заалтыг хаслаа. Өргөн баригдсан төсөл маань хоёр жил гаруй үргэлжилж байгаа учраас хурдавчлахын тулд хассан юм.

-Ардын намтай хамтарсан гэрээний талаар тодруулбал, гишүүд ямар тодорхой санал гаргасан бэ?

Б.Гарамгайбаатар: Намын дарга байхгүй учраас байлцуулъя, энэ асуудлыг зайлшгүй ярих цаг болжээ гэж дийлэнх нь үзэж байна. МАН Засгийн газарт хамтарч орсноосоо хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагааг нь харахад зөвшилцлийн гэрээнд туссан асуудлаас зөвхөн албан тушаалын хуваарилалт дээр бүрэн биелүүлсэн. Энийг дүгнэж үзсэн. Бусад асуудал дээр зөвшилцлийн шатанд, зарим нь зөвшилцөлд туссан асуудлаас эсрэг явж байгаа учраас нухацтай хэлэлцэж эцсийн шийдэл гаргах ёстой гэж үзсэн.

Ш.Түвдэндорж: Ард иргэдээс АН, МАН хамтарсан нь хэр таалагдаж байна вэ гэхэд 1000 оролцогчдын 63 хувь нь хамтрах шаардлагагүй гэж үзсэн.

-Цаашдаа гэрээгээ цуцалж магадгүй гэсэн үг үү?

Ш.Түвдэндорж: Одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна. Ер нь судалгаан дээр үндэслэж ажиллах ёстой. Түүнчлэн манай намын орон нутгийн байгууллагууд хамтран Засгийн газар байгуулсанд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Хамгийн гол нь УИХ-д суудалтай бүх нам, эвсэл хамтран 73 гишүүний бүрэлдэхүүнтэй том бүлэг байгуулсан. Тэгсэн хэрнээ Засгийн газраас оруулж ирсэн хууль, тогтоолын төслүүдийг унагаж байгаа.

-Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед “Зөвшилцлийн гэрээ”-г эргэж харна, хамтрах эсэхээ шийднэ гэхээр Засгийн газрыг тогтворгүй байдалд оруулах юм биш үү?

Б.Гарамгайбаатар: Эдийн засаг хүндрэлтэй байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа. Эдийн засгийг сайжруулахын тулд засаг, эдийн засаг, эдийн засаг гэх уриатай Засгийн газрыг бүрдүүлсэн. Харамсалтай нь, хамтарсан Засгийн газар эдийн засгийг огт сайжруулаагүй байна.

Хамгийн наад зах нь МАН “Бид хамтдаа” аян өрнүүлж байгаа. Энэ аяныг өрнүүлэх багт хамтарсан Засгийн газрын гишүүд оролцож, Засгийн газрын үйл ажиллагааг муулаад явж байна. Тухайлбал, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нар. УИХ-ын гишүүд өөрсдөө тойрогтоо ажиллаж болно.

МАН том учраас Засгийн газарт голлох нөлөө үзүүлж байгаа. Засгийн газрын гол яамдыг удирдаж байгаа. Бид Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжиж байгаа гэж боддог. Гэтэл өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн нэг ч заалт биелэхгүй байна гэх мэдээлэл хийсэн.

МАН-ын гишүүдийн илэрхийлж байгаа байр суурийг харахад Засгийн газрын үйл ажиллагаанд саад болох асуудал ярьж байна. Бид бол МАН-ын бүлгийг Засгийн газраас гаргах асуудал яриагүй. Гэрээний биелэлтийг л дүгнэх юм. Одоогоор бол гэрээний хэрэгжилт 50 хувьтай байна. Үүний дийлэнхийг албан тушаалын хувиарлалт эзэлж байна.

-Төрийн өмчийг хувьчлахтай холбогдуулан хүндрэл үүсэх үү. Төрийн өмчит үйлдвэрүүдийн үнэ унах уу?

Төрийн өмч үнэгүйднэ гэсэн ойлголт байхгүй. Хувийн хэвшлийн бизнес зах зээлийнхээ жамаар явна.

-МАН Засгийн газрын зарим хууль, тогтоолын төслийг дэмжихгүй унагаж байгаа тухай асуудал яригдаж байна. Үүнийг тодруулбал?

Ш.Түвдэндорж: УИХ-д өргөн барьсан олон хууль унасан. Тавантолгойн төслийг МАН дэмжиж байгаа. Харин Ардчилсан нам дотроо “зодолдоод” байна гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хийсэн байна. Ардчилсан намаас болоод Тавантолгой гацаад байгаа юм биш.

Хамтарч ажиллаж л байгаа бол бүх нам энэ талаар санал, санаачилга гаргах ёстой. Түүнээс биш бүх асуудлыг Ардчилсан нам руу чихээд байж болохгүй. Засгийн газар өргөн барьсан асуудлуудаа хамгаалж чадахгүй байна гэдгийг УИХ-ын дарга хэлж байсан. Тиймээс сайд нар Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж явах хэрэгтэй юм.

-“Зөвшилцлийн гэрээ”-г цуцлах тал дээр МАН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа бол. Энэ тухай ярилцсан уу?

Б.Гарамгайбаатар: Анх гэрээ байгуулах үед оролцсон МАН-ын ажлын хэсгийн гишүүдтэй уулзах болно. Үүний дараа Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны бага хурал хуралдаж, тодорхой шийдвэр гаргах байх.