С.Бямбацогт:Өнгөрсөн онд татварын орлого нэг их наядаар тасарч, хүү торгуулийн орлого давсан
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг хэлэлцэж, бүлгийн дэд дарга Д.Хаянхярваагаар ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ.
Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээс харахад өнгөрсөн онд зээлийн үйлчилгээний төлбөрт 500,3 тэрбум төгрөг төлжээ. 2011 онд 37,2 тэрбум төгрөгийг зээлийн үйлчилгээний төлбөрт хуваарийн дагуу төлж байсантай харьцуулахад энэхүү төлбөр 12.4 дахин нэмэгдсэн байна.
Үндэсний аудитын ерөнхий газраас Засгийн газрын 2014 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын шалгалтын тайланд тусгаснаар хүүний зардалд 2014 онд 1 их наяд 108 тэрбум 397 сая төгрөг төлжээ. Энэ нь 2014 оны нэгдсэн төсөвт суулгасан 500,3 тэрбум төгрөгөөс 608,1 тэрбум төгрөгөөр илүү байна. Энэхүү үзүүлэлт нь манай улс өрийн дарамтад орсны илэрхийлэл бөгөөд өрөө өрөөр дарж байна гэж МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэв.
Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлээс харахад төсвийн орлого 6,27 их наяд, зарлага 7,14 их наяд төгрөг болж, нэгдсэн төсөв 867,9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Энэ нь 2014 оны ДНБ-ий дөрвөн хувьтай тэнцэж байна.
Татварын орлого нэг их наяд 48 тэрбум төгрөгөөр тасарсан нь дотоодын аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдийн санхүүгийн чадавхи болон иргэдийн амьжиргааны түвшин хэр муудсан, улсын эдийн засаг хэр агшиж байгааг илэрхийлж буй үзүүлэлт болж байна. Нөгөө талаар хүү торгуулийн орлого 44,8 хувь буюу 116 тэрбум төгрөгөөр давсан нь төрийн хяналт шалгалт эрс нэмэгдсэнийг харуулж байна. 2012 онд 79 тэрбум төгрөг байсан хүү торгуулийн орлого ганцхан жилийн дотор 150,2 тэрбум төгрөгт хүрч 2,3 дахин өссөн нь аж ахуйн нэгж, баялаг бүтээгч, иргэдэд үзүүлж буй төрийн дарамт, шахалт ихэссэнтэй холбоотой ажээ.
Төсвийн ерөнхийлөн захирагчид, дарга нарын гадаад, дотоод томилолтын зардлыг хоёр тэрбум орчим төгрөгөөр хэтрүүлэн зарцуулжээ.
2014 онд цалин хөлсөнд 2012 оныхоос 389,2 тэрбум төгрөг илүү зарцуулсан байна. Төрийн албан хаагчдын цалинг 2014 онд дунджаар 6-11 хувь орчим нэмсэн байхад цалингийн зардал 30 гаруй хувиар өссөн нь төрийн албаны бүтэц, орон тоог нэмж, төрийн бүтцийг данхайлгаж, ажил үүргийн чиг хуваарийн давхардлыг нэмсэнтэй холбоотой аж.
Нийгмийн салбарын хувьчлалыг дэмжихгүй
УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхдээ нийгмийн салбарын хувьчлалыг дэмжихгүй гэдэгт санал нэгдлээ. Нийгмийн салбарын хувьчлал нэрээр томоохон эмнэлэг, их дээд сургуулийг өөрчлөн байгуулах замаар цаашид хувьчлах бодлого агуулж байгаа учраас дэмжих боломжгүй гэж үзсэн байна. Мөн Монголын хөрөнгийн бирж, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мэдээлэл харилцаа холбооны сүлжээ компани зэрэг суурь дэд бүтцийг хувьчлахгүй гэсэн байр суурьтай байгаа ажээ.