Б.Гарамгайбаатар: МАН-ынхан Ардчилсан намыг гутаан доромжлох бүх ажлуудаа хийж байгаа
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатараас тодрууллаа.
Ардчилсан намынхан МАН-ыг Засгаас хөөх тухай яриа гараад байна. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?
-Засгаас хөөнө гэж яриагүй. Манайх Засгаас хөөнө гэж яриагүй хамтран ажиллах гэрээгээ дүгнэж үзье. Үүн дээрээ хоёр нам харилцан ярилцъя, ойлголцъё гэдэг утгаар л МАН-д хандан хэлсэн юм.
-Цаашид МАН-ынхан Засгийн газрын бодлогыг дэмжихгүй, сөрөг хүчний байр сууринаас хандаад байвал ёс зүйн хариуцлага тооцно гэсэн. Ёс зүйн хариуцлага тооцно гэхээр яг яана гэсэн үг вэ?
-Засгийн газрын сайд нарт хариуцлага тооцдог тэр шат дамжлага явах байх гэж бодож байна. УИХ дахь МАН-ын бүлгийн даргатай уулзаж гэрээгээ дүгнэж үзье гэдгээ ярилцсан байгаа. Дахин уулзаж ямар зүйлс нь хэрэгжээд ямар нь хэрэгжихгүй байгаа талаар ярих байх. Хамтарсан Засагт АН, МАН хоёр хамтраагүй. Бүх намууд хамтарсан.
Хамтарсаны гол шалтгаан эдийн засгийг сэргээх, улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулахын тулд зөв замыг хайхын тулд хамтарсан юм шүү дээ. Тиймээс тээг болж, шүүмжлэгчийн байр сууринаас хандаад байх шаардлагагүй. Өнөөдрийн Засагт хамтарч байгаа намуудаас МАН хамгийн том нам нь. Засгийн газрын томоохон сайд нар тус намаас л томилогдсон.
Үүнийг мэдсээр байж Засгийн газар муу ажиллаж байна, дампуурлаа зарла гээд ярьж яваа нь шударга бус юм. Ардын намын нэг биш гишүүд Монгол Улс дампуурлаа зарлах болжээ гэдгийг нэг биш гишүүд хэлж байна. Энэ гишүүдтэйгээ нам нь ярих ёстой. Ингэж ард түмний сэтгэл зүйгээр тоглож, Монгол Улсын нэр хүндийг гутааж байна. Үүнийгээ санаатай хийж байгаа тул бид ярилцах ёстой.
-МАН-ын зүгээс танай намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт муу дүн тавиад байсан. Түүнчлэн хамтарсан мөрийн хөтөлбөр гэж байхгүй. Зөвхөн эдийн засгийн хүндрэлээс гарах төлөвлөгөө л гэж байгаа гэж байсан...
-Ямар ч нам сонгуульд орохдоо мөрийн хетелбөрөө боловсруулж ордог. Тухайн мөрийн хөтөлбөрийн судалж байж сонгогчид саналаа өгдөг. Тэгэхээр АН-ын мөрийн хөтөлбөр өнөөдөр ч гэсэн үргэлжилж байгаа. Энэ нь Н.Алтанхуягийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр үргэлжилж байна гэсэн үг.
Огт юу ч хийгээгүй гэж мэдээлэл хийж байгаа нь Засагт хамтарсан намынхаа нэр хүндийг гутааж байгаа юм. Ардчилсан намын Засаг барьж байхад МАН өөрсдөө шийдлээ гаргаж хамтрахаар орж ирсэн. Түүнээс биш гуйлгаж орж ирсэн гэж ярьж болохгүй. Тэднийг Засагт орох үгүйг өөрсдөө шийдсэн болохоос бид түүнийг нь шийдээгүй. Хамтарна гэж орж ирсэн юм бол цаашид хамтраад явахгүйгээр ажил урагшлахгүй. Сүүлийн үед орж ирсэн асуудлууд дээр тээг саад тавин завсарлага хүртэл авч байна. Ардын намаас Их хуралд үгээ хэлдэг хэдхэн гишүүд байдаг. Бусад нь хуралдаа ч суухаа байсан.
-Хамтарсан гэрээний дүгнэлтээ хянаад нааштай дүн гарахгүй бол одоогийн Засгийн газрыг яах ёстой юм?
-Тодорхой хэдэн зүйл заалт дээр л.бид ач холбогдол егч гарын үсэг зурсан. Түүнээс албан тушаалын асуудал нь биелэлээ олсон. Албан тушаалын асуудал гэдэг маань сайд, дэд сайд, байнгын хорооны дарга нар, Дорнод аймгийн Засаг даргын албан тушаал шийдэгдсэн гэсэн үг. Харин хэлцлийн шатандаа яваа Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль гээд цаг хугацаандаа яваа ажлууд бий. Үүнийг үгүйсгэхгүй. Бүлэг дээрээ дэмжсэн бол түүнийг дэмжээд явах ёстой гэдэг чиглэл байгаа ч өнөөдөр шал өөр дүр зургаар энэ бүхэн явж байгаа.
-Одоо ингээд хамтарсан гэрээний биелэлт гээд ярихаар аль ч нам нь өөрсдийгөө өмөөрөх л байх. Ямар гарц шийдэл байна вэ?
-АН-ынхан улс орны эдийн засгийн нөхцөл байдал, МАН- ынхны хоёр жил шүүмжилсэн шүүмжлэлийг дүгнэж цэгнээд хамтран ажиллах шийдвэр гаргасан. Энэ бол онцгой шийдвэр. Үүний дүнд өөрсдөө хамтран ажиллах нь зөв гээд ороод ирсэн. Хамтран ажиллах болоход Засгийн газрын албан тушаалын хуваарилалтын тал дээр санал тавьсныг нь АН шийдэж өгсөн. Тэд ажилдаа орсон ч Төрийн нарийн бичгийн дарга нараас эхлээд зөрчилдөөд эхэлсэн. Өнөөдөр АН Засгийн газрын бүтцийн 51 хувийг эзэмшиж байна. Тэр ч утгаараа бид асуудалд хүлээцтэй хандаж байгаа.
-Таван толгой, Гацууртын орд гээд төслүүд дээр АН-ынхан өөрсдөө тээг тавьсаар байгаад явуулахгүй байгаа гэдгийг МАН-ын гишүүд хэлж байна. Өөрсдийнхөө асуудлыг нөгөө нам руугаа бухаад байна гэх юм?
-Ардын намынхны тайлбарлаж байгаагаар харвал тэгж харагдаж магадгүй. Гацууртын ордын асуудал дээр Засгийн газар өөрсдийнхөө төслийг хамгаалж чадаагүйн улмаас унасан. Түүнээс АН-ынхан унагаагүй. Ноён уул гэж яг аль нь юм бэ гэхэд хариулт байхгүй байгаа юм. Мөн цэвдгийн судалбар нь Гацууртын орд орчмоор байна уу гэдэг дээр хариулт өгч чадаагүй.
Таван толгойн тал дээр Ардын намынхан АН-ын дотоод зөрчилтэй холбоотой хэмээн тайлбарлаад байна. Гэхдээ яах гэж Засагт орсноо санах хэрэгтэй. Аль алийг нь явуулъя гээд гарын үсэг зураа биз дээ. Ганцхан АН үүнийг шийдэх юм биш.
Ардын нам 2016 оныхоо сонгуульд орчихсон. “Бид хамтдаа” гээд аян эхлүүлээд явж байгаа бол залуучуудын байгууллага нь хурлаа хийчихлээ. МАН-ын гишүүд, сайд, дэд сайд нар нь орон нутгаар явж нутгийн иргэдтэй уулзаж байгаа нэрээр Ардчилсан намыг гутаах доромжлох бүх ажлуудаа хийж байгаа. Тэд аль эрт сонгуулийн хууль зөрчөөд сонгуулийн ажлаа хийгээд явж байгаа ч бид хүлээцтэй хандаж байна.