Элэгний өвчинтэй тэмцэхийг уриалав
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба
2015.06.25

Элэгний өвчинтэй тэмцэхийг уриалав

“Эрүүл элэг” үндэсний арга хэмжээ Эрүүл мэнд, спортын яаманд боллоо.

Арга хэмжээнд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, ДЭМБ- ын Монгол дахь суурин төлөөлөгч доктор Су Нуюнт У, Дэлхийн гепатитын холбооны ерөнхийлогч ноён Чарльз Гор нар оролцсон юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Өнгөрсөн 25 жилд Монгол Улсад олон дэвшилттэй зүйл гарсан. Монгол хүний дундаж наслалт 5-6 жилээр уртассан нь сайн үзүүлэлт. Гэвч дэлхийн хөгжилтэй орнуудын иргэдийн дундаж наслалттай харьцуулахад  доогуур байна. Амьжиргааны төвшин, улс орны хөгжил, эрүүл мэндийн салбарын болон хувь хүний хөгжилтэй уялдаж нас уртасдаг байх.

Үүний нэг нөөц хүчин зүйл бол хавдартай, түүний дотор элэгний хавдартай тэмцэх, анагаахын шинжлэх ухаанд гарч байгаа ололт, дэвшил, шинэ, эм тариаг эх орондообүртгэн авч хэрэглэж, нэвтрүүлэх арга хэмжээ авч байгаа явдал юм. “Эрүүл элэг” үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын төвшинд дэмжиж байгаа.

Монголд элэгний С вирусээр 400 гаруй мянган хүн шаналж байна гэсэн тоо бий. Үүнийг анагаах өндөр магадлалтай шинэ эмийг Эрүүл мэнд, спортын яам бүртгэж авч хэрэглэх гэж байгаа нь үнэхээр дэвшилттэй хэрэг юм.

Энэ өвчинтэй тэмцэхэд эрүүл мэндийн байгууллага, холбогдох бүх хүн баг болж ажиллах хэрэгтэй. 1000 хүнд ногдох өвчлөлөөр Монгол Улс Африкийн ганц орны өмнө, дэлхийд хойноосоо хоёрдугаарт орж байна. Энэ өвчинтэй тэмцэхийн тулд ганц яам, ганц хоёр мэргэшсэн эмнэлэг бус улс үндэстнээрээ хамтран ажиллах хэрэгтэй. Бидэнд ирсэн мэдээллээр Монгол Улс элэгний С вирусын өвчлөлөөс ангижирсан дэлхийн бараг анхдагч орон болох боломжтой гэсэн. Хэрэв энэ үнэн бол тэр үнэнийг гүйцэлдүүлэх нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт гарах түүхэн үйл явдал болно” гэв.

Мөн энэ үеэр “Монгол Улс дахь элэгний өвчлөлийн байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба “Манай улс бусад оронтой харьцуулахад  элэгний өвчлөл тэр дундаа гепатитын вируст халдварын өвчлөл, нас баралт, элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд өндөртэй улс орнуудын тоонд орж байна.

1952 оноос манай улс гепатитын вируст халдварыг албан ёсоор бүртгэж эхэлсэн. 1962 онд угхалдварын 28 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж 10 мянган хүн амд 331 тохиолдол байсан нь гепатитын вируст халдварын дэгдэлтийн оргил үе байсан гэж тооцдог. Харин 1991 оноос В вируст халдварын эсрэг вакциныг нэвтрүүлснээр өвчлөлийн төвшин тогтвортой буурч байна.

Харин С вирусын хувьд урьдчилан сэргийлэх тарилга хараахан гараагүй. Дэлхий дахинаа эмчилгээний хувьд өндөр идэвх бүхий вирусын эсрэг үйлчилгээтэй эмийг шинээр гаргаж авсан нь уг халдварын тархалт, нас баралтыг бууруулахад чухал алхам болж байна.

Иймд Монгол Улс энэ эмчилгээний шинэ эм Совалди болон Харвонийг эмчилгээнд хэрэглэх эрх зүйн орчинг бүрдүүлж, 2015 онд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгээд байна. Эдгээр эмийг АНУ-ын “Гилейд” компанийн “Хүртээмж" хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад дэлхийн зах зээлийн үнээс хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх тохиролцоонд  хүрээд байна. Эдгээр эм энэ ондоо багтан нийлүүлэгдэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэвтрэх болно” гэв.