12 мянган иргэний эрх ашгийг хүндэлнэ гэдэгт итгэлтэй байна
Баянзүрх дүүргийн нутаг, Сансар хороололд үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн баар, цэнгээний газрыг хаах саналаа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлж байгаа юм. Энэ талаар Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүүгээс тодрууллаа.
Танай дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас гаргасан шийдвэрт Сансар хороолол буюу Баянзүрх дүүргийн 3,7 хорооны иргэд ихээхэн талархаж байгаа нь лавтай.
Баянзүрх дүүргийн III, VII хороо буюу Сансар үйлчилгээний төв орчим байдаг 23, Баянцээлийн гудамж дагуу үйл ажиллагаа явуулдаг 37 цэг архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг. Эиэ нь иргэдийн амар тайван амьдрахад хүндрэл учруулж байгаа нь мэдээж. Дүүргийн холбогдох байгууллагад ирсэн өргөдөл, гомдлын 33.3 хувь нь согтууруулах ундаагаар үйлчлэх байгууллагуудтай холбоотой байгаа. Тэдгээр гомдлын 66.7 хувь нь дээрх хоёр хороонд согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын тухай байдаг.
Иргэд “амрах цагтаа тайван унтаж, амарч чадахгүй, охид, эмэгтэйчүүдийг айлгаж, ичээх, залуучууд зодуулж, дээрэмдүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд хаа дуртай газраа бие засахаас эхлээд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байна” гэж гомдоллодог. Түүнээс гадна гэмт хэрэг буурахгүй байгаа нь жил бүрийн тоон мэдээллээс харагддаг. Тиймээс согтууруулах ундаагаар үйлчилдэг энэ хавийн цэгүүдийг цэгцлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид III, VII хороог “Архигүй- Амар тайван хороо” болгох шийдвэр гаргасан. Энэ ажлыг иргэдийн олон жил гаргасан өргөдөл, санал, гомдолд үндэслэн хийж байгаа юм.
-Дээрх хоёр хороо хэчнээн хүн амтай вэ?
-III хороо 5933, VII хороо 6340, нийлээд 12 мянга гаруй хүнтэй. Манай дүүргийн харьцангуй цөөн хүн амтай хороо хэдий ч тэнд 60 аж ахуйн нэгж архи, согтууруулах ундаагаар үйлчилж байгаа нь оршин суугчдын амар тайван амьдрах нөхцөлийг маш ихээр алдагдуулдаг. Бид иргэдийн санал, гомдолд үндэслэн тус хороодод судалгаа явуулсан.
Судалгаанд 1585 иргэн оролцсоноос 70 хувь нь архидалт тэдний тайван амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлж байна гэсэн бол, мөн 800 иргэн өөрөө болон гэр бүлийнхэн нь гэмт хэргийн хохирогч болж, хэл амаар доромжлуулах эрсдэлд орж байснаа хэлсэн байгаа. Өнгөрсөн сард дээрх хоёр хорооны Иргэдийн нийтийн хурлыг хуралдуулахад оршин суугчдаас энэ асууддыг хамгийн ихээр сөхөн тавьж, эдгээр газрыг цэгцлэх ажлыг дэмжсэн юм.
Тэр хавийн хог, хаягддыг хариуццаг дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрынхан “Согтуу хүмүүс хаа таарсан газраа бие засаж, бөөлждөг. Зун тэр хавийн үнэр танар хэцүүддэг, өвөл болохоор хөлдөж, цэвэрлэхэд хүндрэл үүсгэдэг” гэж хэлж байгаа.
-Баянцээлийн гудамжинд цагдаагийн пост ажиллахын зэрэгцээ хяналтын камер суурилуулсан байх аа?
-Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэмт хэргийг бууруулах, илрүүлэлтийг нэмэгдүүлэх талаар олон ажил санаачлан хэрэгжүүлсний нэг нь Баянцээлийн гудамжинд байрлуулсан цагдаагийн пост. Ингэснээр ил задгай хог хаях, үйлчилгээний газрууд цаг хэтрүүлэн ажиллах зөрчил арилж, цөөнгүй гэмт хэргийг үйлдэл дээр нь таслан зогсоосон гээд тодорхой үр дүнд хүрсэн.
Согтууруулах ундаагаар үйлчилдэг шөнийн цэнгээний газруудын төвлөрөл гэмт хэргийн үүр уурхай болоход хүрээд байгаа нь асууддыг ингэж шийдвэрлэхээс өөр аргагүйд хүрснийг бизнес эрхлэгчид ойлгож, иргэдийн саналыг ухаалгаар хүлээн авч, хамтдаа шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Тэдгээр бизнес эрхлэгчид үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчлөөд цэцэрлэг, үсчин, халуун ус гээд иргэдэд чиглэсэн үйлчилгээ үзүулбэл бид дэмжиж, хамтран ажиллах боломжтой.
-Баянзүрх дүүргийн ИТХ -аас гаргасан саналыг Улаанбаатар хотын Захирагчийн алба хэрхэн шийдвэрлэх бол?
-Бид нийслэлийн ИТХ, Захирагчийн ажлын албатай нягт хамтран ажилласаар ирсэн. Үүний хүчээр олон ажил амжилттай хийж хэрэгжүүлж байгаа. Баянзүрх дүүргийн иргэдийн саналд үндэслэж, Тэргүүлэгчдээс гаргасан саналыг нийслэлийн удирдлагууд хүндэтгэн хүлээн авч, шийдвэрлэнэ гэдэгт итгэж байгаа.