Монголд зургаахан хуульч байдаггүй
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
2015.07.07

Монголд зургаахан хуульч байдаггүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан ирц хүрээгүйн улмаас товлосон цагаас 1.30 минут хоцорж эхэллээ.

Өнгөрсөн долоо хоногт тус хорооны зургаан гишүүн Эрүүгийн хуулийг эсэргүүцэж байнгын хорооноос гарж байгаагаа мэдэгдсэн. Гэтэл Ж.Батзандан болон О.Баасанхүү гишүүн нар ирцээ бүртгүүлж үг хэллээ. Энэ нь Дэгийн тухай хуулиараа ирцэнд тоологдож цаашид хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэдгийг хуралдаан даргалагч хэллээ. Тийм учраас тухайн хоёр гишүүн хуралдааныг орхин гарсан байнгын хорооын хуралдаан 42.1 хувийн ирцтэй үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Хууль зүйн байнгын хорооны зургаан гишүүн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулинд процессын алдаа гарсан гэж үзсэн. Хоёрт нь ажлын хэсгийн арван гишүүний долоо нь хуралдаа оролцоогүй байхад цөөхөн гишүүд суучихаад ажлын хэсгийн санал гэх маягаар хэлэлцүүлэг маш муу болсон гэж үзсэн.

Гуравт нь эрүүгийн хуулинд  хуулийн этгээдийг 40 гаруй зүйлээр ял оногдуулахаар оруулж ирж байгаа. Гурав дах шалтгаана нь “Хэрвээ Эрүүгийн хуулийг яг энэ хэлбэрээр нь баталбал хөдөөгийн хүмүүст нэг ял, хотын хүмүүст өөр нэг ял авах байдал үүснэ. Мал нь зуданд уруудаад явбал зорчих эрхээ хасуулахгүйн тулд эхнэрээ явуулах болж байгаа юм.

Дөрөв: Мөнгөгүй ядуу нь хорих ял авдаг, мөнгөтэй нэг нь хөнгө ял авдаг болно. Тавт нь хаана ч байхгүй тооцооны нэгж гэдэг ойлголтыг оруулж ирсэн. Бид монгол төгрөг чангарч ханш нь өснө гэдэгт итгэдэг. Гэтэл төгрөгийн ханш сулрах учраас тооцооны нэгж гэх зүйлийг торгууль дээр оруулсан.

Зургаадугаарт “Зөрчлийн хуулийг оруулсан ч зөрчлийн процесс нь өнөөдөр шийдэгдээгүй. Энэ хууль бол Эрүүгийн хуулийн “мини” загвар. Гэтэл процессыг нь шийдээгүй байхад нь яаруу сандруу гаргах гэж байгаа нь хуульч гишүүд хойшлуулах саналыг гаргаж байгаа юм” гэдгээ хэллээ.

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ажлын хэсгийн гишүүн гэдэг олонх шийдээд, цөөнх нь саналаа хурааж, санал нь тусгагдаагүй, дэмжигдээгүй бол чуулган дээр үг хэлэх ёстой. Гэтэл хэлэлцэх явцад миний хэлсэн саналууд ороогүй, тусгагдаагүй. Харин энэ талаар надад хэлэхдээ чуулган дээр хэлэлцэнэ гэсэн. Хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр үг хэлүүлэхгүйгээр, шуудхан хэлэхэд Ц.Оюунгэрэл гишүүн ар, хойгуур гишүүдийн кнопыг дарж явсны хариуцлагатайгаар хэлмээр байна. Энэ үйлдлээрээ хүний эрх, тэр дундаа монголын иргэдийн эрхийг зөрчиж байгаа юм. Энэ хуулиар мөнгөтэй хүмүүс ял наймаалцах процессийн заалт орж байгаа. Өөрөөр хэлбэл бусдынхаа өмнөөс ялыг нь үүрэх үйлдэл гарах юм.

Энэ үеэр байнгын хорооны дарга Д.Ганбат хуульч гишүүд гэсэн нэрэнд нилээд дургүйцсэн бололтой “ Ер нь хуульч, хуульч бус гишүүд гэж юу байхав дээ. З.Баянсэлэнгэ, Х.Тэмүүжин гишүүд хуульч биш юм уу” гэлээ. Харин энэ үеэр Х.Тэмүүжин болон О.Баасанхүү гишүүн нарын хооронд нилээд маргаан үүсэв.

Х.Тэмүүжин: Баасаа арилгаж чадахгүйн байж боль за. Женко та хоёр мөнгөөр хүн гүтгэхээ боль. Өөрийгөө хичээ. Женкогийн бөгсийг арчдаг юм байж.

О.Баасанхүү: Чи боль доо, явж тэр хүүхнийхээ асуудлыг шийд.

Д.Ганбат: Микрофонгүй битгий яриад бай. О.Баасанхүү гишүүнээ хэрвээ ингээд байхын бол таныг заалнаас гаргана шүү

Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин үг хэлэхдээ “О.Баасанхүү, Батзандан гишүүн нарын хэлж буй зүйл дээр хэлье. Ажлын хэсэг дээр бол Шүүгч, прокурор, өмгөөлөгч, амьдралаараа зовлон үзээд сууж байгаа залуучууд байна. Чам шиг хов жив хөөцөлдөөд, хэн нэгэн хүний араар нь бөгсийг нь ухаад явдаг тийм хүмүүс биш тэд.

Ер нь эрүүгийн болон зөрчлийн хууль УИХ-д өргөн баригдаад хоёр жил болж байна. Энэ хугацаанд ажлаа хийгээгүй явж байгаад “Үхэрийн сүүлэн дээр хутга гэгчээр” хариуцлагагүй байсан хүмүүсийн гайгаар найман мянган хүнийг хохироож болохгүй. Бас энэ хүмүүсийн гайгаар монголын гурван сая хүн энэ шоронжсон хуулийн золиос болохгүй. Тийм учраас бид бодох ёстой.

Хөдөлгөөний аюулгүйн дүрэм гэж байдаг. Тэр нь Улаанбаатар хот болон томоохон газруудад үйлчлэхээс биш хөдөө орон нутагт үйлчилдэггүй. Үүн шиг нэг хэсэгт нь үйлчлэхгүй байлаа гээд шууд нөгөө хэсгийг нь заавал шоронд хорих албагүй ш дээ.Бас хуулийн хариуцлагыг хуулийн этгээд хүлээлгэдэг тухай.

Хэрвээ ингэхгүй бол компани цаанаа үлдээд хувь хүн шоронд ордог. Яагаад аж ахуй нэгжийн ашиг сонирхол болон шийдвэр гаргасан удирдлагын өмнөөс гүйцэтгэх захирал болон нягтлан нь хариуцлага хүлээх ёстой юм. Ер нь зургаахан хүн Монгол улсад хуульч юм уу. Энэ хуулийг гаргахын тулд 250 хүн оролцож 5000 гаруй хуульч санал бодлоо хүргүүлсэн” гэв.