Цагдаагийн албаны тухай хуулийг ирэх намар хэлэлцэнэ
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулав.
Байнгын хороо хуулийн төсөл санаачлагчдаас урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 17, Байнгын хороодоос 37, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүдээс 42, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн С.Оюун нараас 11, Монгол Улсын Засгийн газраас 39, нийт 146 төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгуулахаар санал ирүүлсэн байна.
Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл Монгол Улсын хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тогтоолын төсөлд нэмэх санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн юм.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд:
1/Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;
2/Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;
З/Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл; 4/“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
5/Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
6/Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
7/Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
8/Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
9/Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
10/Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
11/Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
12/Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
13/Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд;
14/Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд; 15/Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд;
16/“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Халх гол чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
17/Органик хүнсний тухай хуулийн төсөл;
18/Хог хаягдлын тухай хуулийн төсөл;
19/Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
20/Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
21/Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд;
22/Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
23/Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
24/Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
25/бусад.
Эдгээрээс бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүр шийдвэрлэж байхаар тусгажээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, О.Баасанхүү нар Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулсан юм. Ингээд Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86.0 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.