Прокурорыг шинэчлэх тогтоолын төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр /2015.07.01/ өргөн барилаа.
Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг баталсан Улсын Их Хурлын 1993 оны 59 дүгээр тогтоолыг гарснаас хойш хугацаанд нийт 7 удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд тогтоолын нэгдүгээр хавсралтад прокурорын газрын нэрийг Дархан хот, Эрдэнэт хот, Чойр хот дахь прокурорын газар, прокурорын газрын байрших газрын нэрийг Цэцэрлэг хот, Өлгий хот, Булган хот гэм мэтээр заасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн агуулга, зохицуулалттай зөрчилдөж байгаа болно.
Түүнчлэн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж, мөн оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай зарим прокурорын газрын нутаг дэвсгэрийн харьяаллыг уялдуулах шаардлага үүсч байгаа аж. Дээрх үндэслэл, шаардлагын дагуу “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулжээ.
Тогтоолын төсөл батлагдсанаар прокурорын байгууллагын зохион байгуулалт нь 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай уялдуулан нийцэх бөгөөд эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны хэвийн явуулах нөхцөл бүрдэх юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.