Эрүүгийн хуулиар МАН-ын бүлэг завсарлага авлаа
Чуулган
2015.06.24

Эрүүгийн хуулиар МАН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы тусгай чуулганаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгийн төслийн анхны хэлэлцүүлгээр гишүүд багагүй шүүмжлэл өрнүүлсэн. Хууль хэт чанга болж байгааг олон гишүүн Ажлын хэсэгт сануулж байсан юм.

Харин УИХ-ын гишүүд:

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Энэ байдлаараа бол Эрүүгийн хууль явахгүй нь л дээ. Ажлын хэсэг бол асуудал дээр гурилддаг юм байна. Энэ чухал хууль дээр гурилдаж байгаа юм чинь. Аливаа хуулийг тал бүрээр нь ярилцахаас илүү олонхиороо түрээд шийдсэн. Энэ хууль бүхэлдээ дэвшил авчирсан хууль гэж харж байгаа.

Харин эдийн засгийн гэмт хэргийн бүлэг дээр дэвшил авчраагүй. Энэ хууль нөлөөлсөн нэг зүйл бол төрийн байгууллага. Дорлигжав сайд, Батцэрэн шүүгч гээд ажлын дэд хэсгээс маш сайн тайлбар ав. Энэ хуульд заагаагүй хүмүүсийг чөлөөтэй зорчин явах эрхийг нь хязгаарлаад, цагдан хорьдог заалтууд нөгөө хууль дээрээ байх ёстой.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монгол Улсад байнга оршин суудаг харъяаттай иргэний асуудлыг шийдээд өгөөч ээ гэсэн ажлын хэсэг Монголын Улсад байнга оршин суудаггүй, харъяалалгүй иргэн гээд утгыг нь алдагдуулаад оруулаад ирэх юм. Би ийм юм хэлээгүй юм шүү дээ. Ийм ойлгомжгүй нэр томъёогоор хууль батлуулах гээд явж байдаг.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Одоо бол зарчим гээд Ерөнхий юм яриад байна. Бүлгүүд үүнийг яарьж янзлахгүй бол асуугаад ч байгаа юм уу, үг хэлээд байгаа юм уу нэг сонин байдалтай явах нь ээ. Ажлын хэсэг дээр олон санал ирсэн байна лээ ш тээ. Танхимаас, Татвар төлөгчдийн холбооноос ирсэн гомдол, саналыг сонссон уу. Анхны хэлэлцүүлэг явчихдаг, дараагийн хэлэлцүүлэг дээр үүнийгээ босгох боломж байгаа юм уу. Өнөөдрийнх шиг байдлаар явбал яах вэ?

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Бид нар өглөөнөөс хойш Эрүүгийн хуулийг хэлэлцэх гээд зовоод байна. Ажлын хэсэгт орсон хүмүүс нь хоорондоо зөрчилдөөнтэй байна. 14 цаг хүртэл түр хойшлуулбал яасан юм бэ. Ажлын хэсэг ядаж ойлголцлоо нэгтгэх хэрэгтэй байна?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Ажлын хэсэг дээр ярилцах асуудал олон байна. Ялангуяа бизнес эрхлэгчтэй холбоотой асуудлаар ярилцах ёстой. Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарсан хүнд үед хувийн хэвшил, баялаг бүтээгчдээ дэмжих ёстой гэж ярьдаг.

Гэтэл Эрүүгийн хуулиар бизнес эрхлэгчдээ хүндрүүлсэн хууль баталж болохгүй. Ер нь эргэж ярилцая, 14 цаг гэж биш , өнөөдөртөө хэлэлцүүлэхгүй байя гэдэг санал гаргая. Албан ёсоор завсарлага авмаар байна" гэв.

Ингээд Монгол ардын намын бүлэг тав хоногийн завсарлага авснаар чуулганы хуралдаан өндөрлөв. Харин тусгай чуулган зарлаж, зургаан байнгын хороог нэг өдөр хуралдуулж шахуу ажилласан ч ийнхүү талаар болов.