Бид зах зээлийнхээ зарчмаар хөгжих бүрэн боломжтой
Vip76.mn УИХ-ын Байнгын хорооны дарга нарыг онцолж байна. Ингээд эхлэл болж Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Болортой ярилцлаа.
-Таны хувьд УИХ-ын гишүүний ажлын хажуугаар Төсвийн байнгын хорооны даргын албыг давхар хашдаг. Тэгэхээр байнгын хорооны дарга гэж ямар үүрэг хариуцлага хүлээсэн байдаг вэ?
Ер нь хууль батлагдахын өмнө заавал ч үгүй хуультай холбоотой бүх асуудал хэлэлцүүлгийн бүх шатанд байнгын хороогоор хэлэлцэгдсэний дараа чуулганаар орж батлагддаг юм. Ерөнхийдөө хуулийн төслийг техник талаас нь бэлтгэж, хэлэлцүүлэгт оруулахад хороо анхаардаг гэсэн үг. Харин даргын хувьд Байнгын хорооны хуралдааны бэлтгэлийг хангаж зохион байгуулах, хуралдааныг дэгийн хуулийн дагуу явуулах л үүрэгтэй.
-Төсвийн байнгын хороонд нийгмийн дунд нэлээд хүлээлт үүсгэж байгаа ямар хуулиуд хамаарч байгаа вэ, тухайлбал?
Төсвийн байнгын хороогоор улс орны болон иргэдийн эрх ашгийг хөндсөн асуудлууд шийдэгддэг учраас Улсын Их Хурал дахь голлох хороодуудын нэг л дээ. Улсын нэгдсэн төсөв, түүний гүйцэтгэл, татвар, санхүү, гааль, аудит, зээлийн хэлэлцээртэй холбоотой өргөн мэдүүлсэн бүх хуулиудыг УИХ-аар хэлэлцүүлж, батлуулах бэлтгэлийг хангаж ажилладаг.
Бид 2015 он гараад хамгийн түрүүнд төсвийн тодотголоо батлуулсан. Уг тодотголыг нэлээд үр дүнтэй гаргахын тулд Төсвийн байнгын хороо маш их ачаалалтай ажилласан. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотгол учир дутагдалтай олон асуудал байсныг засч янзлан батлуулсан.
Тухайлбал, Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгохоор оруулж ирснийг бүх хүүхдэд, одонтой эхчүүдийн мөнгийг хасахаар байсныг буцаан олгохоор, цалин, тэтгэврийг нэмэхгүйгээр байсныг 103.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, эх үүсвэрийг нь дэлхийн зах зээлийн үнийн бууралттай уялдуулан бензиний онцгой албан татварын орлогын нэмэгдүүлэх замаар шийдвэрлэсэн юм.
Мөн Өрийн удирдлагын тухай хууль болон Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 онд баримтлах стратегийн баримт бичиг батлах тухай Улсын Их хурлын тогтоолыг батлуулан хэрэгжүүлж эхэлснээр засгийн газрын өр, засгийн газрын баталгааны талаарх маргаантай асуудлууд, зарчмын зөрүүтэй ойлголтуудыг нэг мөр болгох боломж бүрдсэн.
Нийгмийн дунд нилээн хүлээлт үүсгэсэн хуулиудийн нэг бол Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль бөгөөд хэлэлцэх эсэх асуудлыг шийддэгдээд одоо анхны хэлэлцүүлгийн шатанд байна. Мөн татварын хууль, тогтоомжуудтай холбоотой нилээд олон хуулиуд бий.
-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Ирээдүйн өв сангийн тухай хууль, түүнчлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд туссанаар сангийн хөрөнгийг уул уурхайн ашгаас бүрдүүлэх тухай заасан. Тэр дундаа Ерөнхийлөгчийн хуулийг бол томоохон мега төслүүд хөдлөөгүй тохиолдолд цаг үеэ олоогүй гэдгийг зарим гишүүд хэлж байгаа. Байнгын хорооны даргын хувьд үүнд ямар байр суурьтай байна вэ?
Ер нь ирээдүйгээ төлөвлөхөд бид хэзээ ч оройтохгүй. Мэдээж юун түрүүнд хууль хэзээнээс хэрэгжих вэ гэдэг асуудал яригдана. Тэгэхээр өнөөдөр эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж уг хуулийг хэлэлцэх нь буруу гэж хэлж байгаатай би санал нийлдэггүй, харин ч энэ үед нь хэлэлцэн ярилцаж гарцаа зөв шийдэх ёстой.
Одоо үеийнхэн баялагийн үр шимийг хүртэх бус ирээдүй үетэйгээ хэрхэн хуваалцах асуудал хамгийн чухал асуудал юм. Иймээс ирээдүйгээ төлөвлөх зайлшгүй шаардлага байна. Түүнээс биш хэлэлцэх цаг үе нь зөв, буруу гэдэг нь гол асуудал биш.
Үүнийг хэлэлцлээ гээд нийгэмд хор хөнөөл үүсэхгүй. Миний бодлоор ирээдүйгээ төлөвлөөд том зургаа харж ажиллахад хэзээ ч оройтохгүй. “Ирээдүйн өв сангийн тухай” хууль хэлэлцүүлгийн шатанд байгаа учраас гишүүдээс гарсан саналыг хуулиндаа тусгаад явах бүрэн боломжтой.
Түүнээс биш хэлэлцэх цаг үе нь зөв, буруу гэдэг нь гол асуудал биш.
Харин эдийн засгийн хүндрэлтэй одоогийн нөхцөлд тогтворжуулалтын сангийн менежментийг Сангийн яам хийгээд явах нь зөв гэдэг утгаар нь“Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг дэмжиж байгаа. Харин уг хуулийн хэрэгжих хугацааг “Ирээдүйн өв сангийн тухай” хуультай уялдуулах шаардлага бол байгаа, үүнийг хэлэлцүүлгийн үед зохицуулаад шийдээд явж байна.
-Байнгын хороонд данстай хуулиудаас нийгэмд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа нь мэдээж “Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль”. Энэ хууль өнгөрсөн долоо хоногуудад нэлээд олон удаа хэлэлцүүлгээс хойшлогдлоо. Ер нь хойшлогдоод байгаа шалтгаан нь юу вэ. Эсвэл үнэхээр цаг үеэ олохгүй байна уу?
-Миний хувьд уг хуулийг батлах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Харамсалтай нь өргөн баригдаад нилээн удсан хугацаа их алдаж байна.
Харин хойшлогдоод байгаа шалтгаан нь намын бүлгүүд дээрээ гишүүд саналаа нэгтгэж чадаагүйтэй холбоотой байх, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед гишүүд горимын санал гаргаж хойшлуулаад байсан.
Гэхдээ ямартай ч хэлэлцэх эсэх асуудал нь шийдэгдсэн учраас хууль хөдөлчихлөө гэсэн үг. Нөгөө талдаа таны хэлдэгчлэн маш их хүлээлтийг нийгэмд үүсгэчихээд байгаа нь үнэн. Мэдээж төр хайр энэрлээ эсвэл өршөөлийг нэг удаа бизнес эрхлэгчдэд үзүүлэхэд гэмгүй.
Гэхдээ хуулийн төсөлд дан ганц өршөөлийн хэлбэр агуулагдаагүй. Гишүүдийн байр суурь янз бүр байгаа, нэг хэсэг нь дэмжиж, зарим нь дэмжихгүй байна, шалтгаан нь энгийн шударга ёсны зарчимтай холбож тайлбарлаж байна. Иймээс олон талаас нь ярилцаж, дэнслэн голийг нь олж яаралтай батлан хэрэгжүүлэх шаардлага бол байна.
Гэхдээ хуулийн төсөлд дан ганц өршөөлийн хэлбэр агуулагдаагүй.
-Хэрвээ Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдвал бодитоор эдийн засагт ямар нөлөөг үзүүлэх вэ?
Ер нь ийм төрлийн хууль дэлхийн улс орнуудад маш олон удаа гарсан байдаг. Дандаа тухайн улсынхаа эдийн засаг хүндэрсэн үед гаргаж байсан байдаг. Манай улс ч гэсэн өмнө нь гаргаж байсан туршлагатай, эдийн засагт бодит үр дүнгээ үзүүлж байсан статистик бий.
Ингэснээр далд эдийн засгийг ил болгож эдийн засгийг идэвхжүүлэх, хувь хүн, хуулийн этгээдүүд нуусан хөрөнгөө ил болгон бүртгүүлэх, албан татвар, хүлээх хариуцлагаас чөлөөлөх нөхцөл хангагдаж, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн нэгэн адил иргэдийн талархлын хүлээсэн хууль болох нь дамжиггүй.
-Хаврын чуулган эхлээд л төсөвт тодотгол хийгээд эхэлсэн. Гэтэл нэг мэдсэн чинь жилийн тэн хагас нь өнгөрчихлөө. Зарим улс төрчид “Цалингаа тавьж чадахгүй болчихсон гэдгээ ард түмэнд хэлээч” хэмээн Ерөнхий сайдад хэлж байгаа харагддаг. Тэгэхээр үнэхээр төр цалингаа тавьж чадахгүйд хүрчихсэн юм уу?
Үүнд Засгийн газар хариулт өгвөл илүү тохиромжтой байх. Түрүүнд би тодотголын талаар дэлгэрэнгүй ярьсан.
Миний хувьд төсвийн талаарх мэдээллийг албаны шугамаар байнга авч байдаг. Гэхдээ ямар ч байсан тэдгээр хүмүүсийн хэлээд байгаа “Цалингаа тавих боломжгүй болчихлоо” гэдэг нь хэт өрөөсгөл. Одоохондоо бид хараахан тэр хэмжээнд хүрчихээгүй байна. Эдийн засгийн хямрал гэж их яриад байх юм. Уг нь хямрал гэдгээ манай мундаг улстөрч хүмүүс мэдчихмээр юм.
Хямрал болоход ажилгүйдэл, инфляцийн төвшинд өөрчлөлт орох, хүн ам зүйтэй холбоотой үзүүлэлтүүд буурах зэрэг маш олон зүйлд нөлөөлдөг л дөө. Гэтэл одоо бидэнд тулгараад байгаа зүйл нь ердөө эдийн засгийн хүндрэл. Үүний буруу, эх үндэс нь олон жилийн өмнөх бодлогын алдаанаас үүдэлтэй.
Зарим хүмүүс гадаадын хөрөнгө оруулалт буурлаа гээд хэлээд байгаа нь өнгөрсөн парламентын үед баталсан сонгуулийн өмнө баталж гаргасан хуулиас болсон байх жишээтэй. Гэтэл үүгээр улс төр хийгээд, өнөөдөр л саран дээрээс буугаад ирчихсэн мэт л зүйл яриад байгаа нь утгагүй. Надад лав хямрал гэж ярих нь арай эртэдсэн асуудал мэт санагддаг.
-Оны эхний хагасын байдлаар төсвийн бүрдүүлэлт ямар байгаа вэ?
Аль ч улс төсвөө төлөвлөхдөө үргэлж өөдрөгөөр тооцоолдог. Манай улсын төсвийн бүрдүүлэлт өмнөх жилүүдтэй адилхан түвшинд буюу тасалдалтай хэвээр л байна.
2015 оны эхний 5 сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 82.6 хувийн, нийт зарлага 68.7 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 347.7 тэрбум төгрөгийн алдагдалтай дүн гарсан байна. Энэ нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого өмнөх оны мөн үеэс 79,6 тэрбум төгрөгөөр буурч, нийт зарлага өмнөх оны мөн үеэс 161,1 тэрбум төгрөгөөр өссөн, үүнтэй холбоотойгоор төсвийн нийт тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 240,8 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Манай улс чинь үйлдвэрлэгч орон биш учраас цэвэр түүхий эдийнхээ экспортод суурилсан эдийн засагтай. Дэлхийн зах зээлд зэс, нүүрсний үнэ буурахаар манай эдийн засаг дагаад буучихдаг. Олборлолт нэмэгдээд ч нэмэр алга, үр дүн гарахгүй байна. Гэтэл эдийн засаг муудахаар “та нар” гэсэн хандлагаар асуудалд хандах нь буруу. Угаасаа доллар оруулдаг байсан бүтээгдэхүүний үнэ нь буурчихаар асуудал хүндрэх нь ойлгомжтой.
Оюутолгойн далд бүтээн байгуулалтын гэрээ хөдөллөө гэсэн сигнал нийгэмд явахад л ам.долларын ханш буурах хандлага мэдрэгдээд эхэллээ. Ер нь эдийн засаг савладаг учраас бид төсвөө аль болох өөдрөгөөр л харж төлөвлөх хэрэгтэй л дээ.
-Зарим үед төсвийн орлого тасалдаж байгаа тохиолдолд гишүүд буруутай юм шиг харагддаг?
Төсвийг нь баталж байгаа болохоор үүнд мэдээж гишүүд ч буруутай. Энэ жил төсвөө алдагдалгүй баталцгаая гэхээр “Тэнд ч нэг цэцэрлэг, энд ч нэг сургууль” гэх зэрэг болон төсвийн хөрөнгөөр баригдах ёсгүй зүйлүүдэд хөрөнгө оруулалт хийгээд байдаг. Энэ бол бид социализмаасаа гарч чадаагүйн нэг илрэл.
Бидний сэтгэлгээ социализмын үеэсээ гарч чадаагүй л байна.
Зах зээлийн эдийн засгийг сонгоод 25 жил явчихаад үүнийхээ хуулийг нь мөрдөхгүй байгаа юм. Машины зогсоолд мөнгө хураахад хүртэл дургүйцээд байна шүү дээ. Гэтэл аль ч улсад машины зогсоолд мөнгө хураадаг. Эсвэл буцаад төвлөрсөн эдийн засаг уруу шилжээд бүх зүйлээ төр нь хариуцаад явах хэрэгтэй. Тийм учраас төсвөө батлахдаа хүртэл зөв хийх ёстой. Эрчим хүчний салбарын төсвийг төр батлах ёсгүй.
Гэтэл асч л байвал хүн мөнгө төлж л байдаг. Энэ мэтчилэн зарим зүйлээ төсвөөс гаргаж тооцох хэрэгтэй байгаа юм. Үүнийгээ зориглоод үнэндээ больчихмоор санагдаад байгаа ч улс төрчид маань өөрсдөө зориглож чадахгүй байна. Одоо сонгууль дөхчихсөн учраас бүр хөдлөхгүй л байх.
Уг нь манай улс зах зээлийнхээ зарчмаар хөгжих бүрэн боломжтой. Тавин сая малтай айл байж ийм байдалтай байгаа нь харамсалтай. Улс төр гэдэг зүйл бидний өдөр тутмын амьдралд хэтэрхий орчихож. Телевизээр гарч буй мэдээний талаас илүү хувь нь улс төр гарч байгаа юм. Дэлхий хаана ч ийм зүйл байхгүй. Энэ бол үнэхээр эмгэнэл.
-Далд эдийн засаг үүсээд байгаа шалтгааныг мэргэжилтнүүд НӨАТ-тай холбож тайлбарладаг. НӨАТ-ын босго нь арван сая учраас илүү гарсан орлогоо нуух, хоёр тайлан гаргах зэрэг зөрчлүүд гардаг. Үүнтэй холбогдож байгаа нэг хууль танай Байнгын хороонд харьяалагдаж байгаа нь Нягтлан бодох бүртгэл, аудитын тухай хууль. Хэрвээ энэ хууль гарснаар тэдгээр жижиг дунд үйлдвэрлэгчдэд хэрхэн эерэгээр нөлөөлөх вэ?
-Ерөнхийдөө их либериаль болгож байгаа. Би Гадаад хэргийн яаманд ажиллаж байхдаа Европын холбоотой түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж байсан. Тэр хэлэлцээрийн үеэр Евро стандартыг Монголд хэрэгжүүлэх тухай заалт оруулаад нэлээд мөнгө гаргаж ажилласан.
Тэр үеэр л нягтлан бодох бүртгэл, аудитын тухай бүх зарчмуудыг судлаад үр дүнд нь энэ хуулийг хүнд суртал багатай болгож байгаа юм. Нөгөө талдаа та НӨАТ-ын асуудал хөндлөө. Тэгэхээр “Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль”, “Аудитын” тухай болон “Нягтлан бодон бүртгэлийн хуулиуд чинь Татварын ерөнхий цогц хуультайгаа уялдаад гарахаар далд эдийн засаг байхгүй боллоо гэхэд нэг удаагийн өршөөлөөс ч илүү ашиг олно.
Учир нь НӨАТ-ын босгоо нэмчихээр аж ахуй нэгжүүд чинь орлого нуудгаа болино. Тэгэхээр маш ашигтай. НӨАТ-ын босгын хувьд бага байгаа нь үнэхээр үнэн. Үнэндээ төгрөг ямар байхад, нэг ширхэг талх хэдэн төгрөгийн үнэтэй байхад НӨАТ-ын босгоо арван сая гэж тогтоосон билээ. Тэгэхээр өнөөдрийн арван сая бол бодитой тоо биш. Тиймээс үүнийг нэмэх нь зүйтэй.
Жишээ нь, тавин саяар босгыг нь тогтоочихвол дөчин саяын орлоготой компани гучин саяаа нуудаг байсан бол бүгдийг нь ил гаргачхаар татварын орлого нэмэгдэж, эдийн засагт эерэг дохио болох нь тодорхой л доо. Би ийм л байр суурьтай байна. Гэхдээ үүнийг бас л улс төржүүлмээргүй л байгаа юм. Улс төржилт хэтрээд ирэхээр л улсдаа хэрэгтэй биш, хортой зүйл л болчихоод байна.
Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын эрх зүйн зохицуулалтыг дараах үндсэн чиглэлүүдэд өмнөх хуулиудаас боловсронгуй болгохоор орж ирсэн байгаа. Тухайлбал, нягтлан бодох бүртгэл, аудитын үйл ажиллагааг удирдах, хянах тогтолцоог боловсронгуй болгох; олон улсын стандартуудыг мөрдөх;
Монголын мэргэжлийн нягтлан бодогчдын институтын үйл ажиллагааны зохицуулалтыг сайжруулах; аж ахуй нэгж, байгууллагын санхүүгийн жилийг ялгавартай тогтоох, санхүүгийн тайланг нь мэргэжлийн нягтлан бодогчид бэлддэг байх, тэдгээр нь хариуцлага хүлээдэг байх тогтолцоог бүрдүүлэх;
нягтлан бодох бүртгэл, аудитын нэмэлт мэдээлэл шаардах эрх, аудитын дүгнэлтийг нотлох баримт болгон ашиглах; санхүүгийн тайлангийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлийг ашиглах; аудиторын солигдолт, хараат бус байдал зэрэг зарчмын өөрчлөлтүүд байгаа.
УИХ-ын хаврын чуулганаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж баталсан.
Татварын ерөнхий хуульд санхүүгийн анхан шатны болон бусад баримтууд цахим хэлбэрээр хийх, татварын албан татвар төлөгчөөс цаасан баримтыг ирүүлэхийг шаардахгүй байх, татварын хяналт шалгалтыг урьдчилан мэдэгдэлгүйгээр хийхгүй, заавал урьдчилан мэдэгдэж байхаар нэмэлт, өөрчлөлт оруулсан юм.
Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухайн улирлын тайланг тушаах, төлбөрийг төлөх эцсийн хугацаа өөр байсныг адил байхаар өөрчлөлт оруулсан. Энэ нь татвар төлөхтэй холбоотой үүсээд буй маргаантай асуудлуудыг шийдвэрлэгдэх эерэг нөлөөтэй болох юм.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд татвар төлөгчийн урт хугацаат хөрөнгөнд татварын зорилгоор элэгдэл байгуулж эхлэх хугацааг тодорхой зааж өгөөгүй байсныг тодорхой болгосон юм. Мөн уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төсөвт төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулахаар нарийвчлан нэмэлт оруулсан.
-Та Архангай аймгаас сонгогдсон төрийн түшээ. Төрийн их ажлынхаа хажуугаар тойргийнхоо сонгогчидтойгоо хэрхэн уулзаж, амжуулж байна вэ?
Би сонгогдсоноос хойш 14-н удаагийн томилолттой ажилласан байдаг. Гэхдээ олон явсан нь чухал биш гол нь ажлын үр дүн. Архангай аймгийн хувьд сүүлийн хоёр жил гаруй хугацаа бол бүтээн байгуулалтын он жилүүд байлаа. Баталгаа нь улс даяар эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайнгүй байхад Архангай аймгийн үзүүлэлт байнга өсөлттэй гарлаа.
Түүнчлэн нийт 60 гаруй тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэн нь бусад аймгуудаас хол тасархай үзүүлэлт. Орон нутгийн хөгжлийн сан гэж 2012 онд байгуулагдсанаас хойш сумдууд өөрсдийн бүтээн байгуулалтандаа 300-400 сая төгрөгийг зарцуулах боломжтой болсон.
Үүний дагуу сумдуудад гэрэлтүүлэг зэргээс авахуулаад нэлээдгүй бүтээн байгуулалт өрнөсөн. Мэдээж үүнийг гишүүд л төсөвт суулгах талаас нь ярилцаж байж л энэ их ажлууд явагдана. Энэ мэтчилэн үлдэж байгаа ажлууд нь чухал.
Мэдээж очих нь чухал ч гэлээ чуулгантай үед бол зав гаргана гэдэг нэлээд хүндрэлтэй. Өнгөрсөн намрын чуулганы завсарлагаанаар аймгийнхаа есөн сум, 20-оод багт ажилласан.
Сүүлийн үед Улаанбаатар хот руу шилжих иргэдийн тоо их байгаа гэх боловч манай аймгийн хувьд хамаагүй бага болсон. Түүнчлэн сүүлийн хоёр жилд улсдаа хамгийн их мал тоолуулсан аймгаар тодорлоо. Мөн аймгийн түвшинд цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдвэрлэхээр ажиллаж байна.
-Сум болгонд уу ?
Аймгийн төвдөө 100 хувь, сумдуудад бол ерөнхийд шийдвэрлэж байгаа.
Уг нь ураны нөөц сайтай, мөнгөний орд байгаа гэдэг ч үүнийг заавал одоо ашиглах албагүй.
-Архангай аймгийн хувьд орлогын эх үүсвэр болон голлох ажлын байр нь юу вэ ?
Мэдээж уул уурхайн том бүс нутаг биш. Хоёр жилийн өмнөөс эхлэн “Ногоон хөгжил”-ийн загвар аймаг болно гэсэн зорилттой ажилласны үр дүн уран олборлолт болон ашигт малтмалын үйл ажиллагааг Н.Батбаяр гишүүн бид хоёр бүрэн зогсоосон. Архангай аймагт уул уурхайгүй хөгжих бүрэн боломжтой.
Уламжлалт мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал зэрэг олон эх үүсвэрүүд бий. Яг өнөөгийн нөхцөлд аймгийн иргэдийн орлогын гол эх үүсвэр нь хөдөө аж ахуй, аялал жуулчлал байна. Түүнчлэн дэд бүтцийг нь хөгжүүлснээр өмнө нь зөвхөн гадаадын жуулчид л очдог байсан газруудад зундаа монголчууд их очдог болсон байна. Ер нь сүүлийн хоёр жил гаруй хугацаанд дэд бүтцээ хамгийн ихээр хөгжүүлсэн аймгаар тодорсон. Ялангуяа аймгийн төв Цэцэрлэг хот маань танигдахийн аргагүй өөрчлөгдсөн байгаа.
Энэ нь эргээд аймгийнхаа эдийн засагт эерэг нөлөөг үзүүлж байгаа юм. Тиймээс ойрын тавин жилдээ уран олборлолт хийх шаардлагагүй гэж үзэж байгаа. Уг нь ураны нөөц сайтай, мөнгөний орд байгаа гэдэг ч үүнийг заавал одоо ашиглах албагүй. Техник технологио сайн хөгжүүлээгүй байж тэдгээрийг олборлох шаардлага байхгүй.
-Магадгүй зарим хүмүүсийн хувьд УИХ-ын гишүүн гэхээр хүсэл биелүүлэг “бирд” шиг ойлгох хандлагууд байдаг. Тэгэхээр иргэдтэйгээ уулзахад юуг тэдгээр хүмүүс өөрөөс тань хүсч байна вэ?
Орон нутагт улстөржилт гэх зүйлийг л байхгүй болгомоор байна. Арай хэтэрхий. Мэдээж нэг талдаа улстөрчид өөрсдөө буруутай. Орон нутагт “Одоо хэн нь юу амлах бол” гэсэн сонгуулийн мөрөөдөл болчихсон нэг хэсэг хүмүүс байна. Хэн нэгэн нь ирж юм амалсаар байгаад ийм зантай болгочихож.
Над дээр ирдэг өргөдлүүд дунд үнэхээр инээдтэй өргөдлүүд байдаг. “Манай хүүхэд хурим хийх гэж байна. Гэр хэрэгтэй байна” эсвэл “Найр хийх гэж байна хоёр сая төгрөг өгөөч” гэх зэрэг өргөдлүүд ирнэ шүү дээ. Гэхдээ ийм өргөдлүүд сүүлийн үед нийлээн багасаж байгаа. Учир нь орон нутагт эдийн засгийн хүндрэл харьцангуй бага байна. Тиймээс улстөржилт гэдэг зүйлээ багасгачихвал малынхаа буянаар сайхан амьдрах боломжийг ардчилсан нийгэм бий болгож өгсөн.
“Та нар УИХ дээрээ хийдэг хэрүүлээ боль. Их муухай харагдаж байна” гэдэг.
Түүнчлэн сүүлийн үед малчид хөдөө аж ахуйн биржээ ойлгоод үйлчлүүлж дадаж байгаа.
Тойрогтоо очихоор иргэдийн ганц зүйл захиж байгаа нь “Та нар УИХ дээрээ хийдэг хэрүүлээ боль. Их муухай харагдаж байна” гэдэг.
Сая Засгийн газраас өргөн мэдүүлсэн таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд та ямар байр суурьтай байгаа вэ?
Засгийн газар, Уул уурхайн яамнаас өргөн барьсан Таван Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол анхнаасаа Монгол улсын эрхийг ноцтойгоор зөрчсөн луйврын гэрээ байсныг эсэргүүцэж сайжруулах шаардлагатай гэсэн хатуу байр суурьтай байсан.
Ер нь бол хамтарсан Засгйин газраас оруулж ирж байгаа Таван толгой, Гацууртын ордын эзэмшлийн хувь тотоох тухай, Оюутолгой зэргийн хөрөнгө оруулалтын болон уул уурхайтай гэрээнүүд илт нэг талыг баримталсан Монгол улсын эрх ашигт нийцэхгүй байгаа тул хувь гишүүнийхээ хувьд зөв болгох сайжруулах шаардлагатай байна.
Тэгэхээр сүүлийн үед УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа хуулиудад гишүүд өөрсдийн өнцгөөр хандаж байгаа мэт. Ингэснээр нийгэмд зөв мэдээлэл хүрэхэд саад болж байгаа дүр зураг харагдаад байна. Таны хувьд улс төрчийн ёс зүйд ямар байр суурьтай байдаг вэ?
Ёс зүй талаасаа бол их хэцүү. Өдрийн хоолонд цуг орж байхдаа танхимдаа ороод суухдаа шал өөр юм яридаг. Мэдээж хэлэлцэж байгаа хууль болгон дээр уралдаад яридаг хэдхэн гишүүд бий. Гэхдээ улс орны эдийн засаг сайжраад, хөгжөөд ирэхээр иргэд ийм хүнийг тоохоо байдаг. Ялгарна гэсэн үг. Гэвч тэр болтол эдгээр хүмүүс шиг алдар суутай хүмүүс байхгүй.
Ер нь төр түшилцэж байгаа УИХ-ын гишүүн гэж ямар хүн байх ёстой гэдгээ 25 жил парламентийн засаглалтай болсон улсын хувьд аль хэдийн мэдэхтэйгээ болсон. Ярихдаа ч гэсэн учиртай ярих хэрэгтэй. Сая Оюутолгойн гэрээ зурагдахад л гишүүд хоёр талтай болчихож байгаа.
Улс орныхоо эдийн засгийг бодоод дэмжих гэхээр эх орноо худалдлаа, эсэргүүцчихээр том төсөл хөдөлгөсөнгүй. Миний хувьд тэр гэрээг нь бүтнээр нь уншаад үзэхээр засч болохоор харагдаад байгаа юм. Гэтэл хоёр хуваагдчихсан нөхдүүд чинь өөр, өөрийнхөөрөө зүтгээд дундын хувилбар ольё гэж хүсдэггүй. Яагаад гэвэл улс төр нь тэр.