МАН-ынхан аль хэдийнэ ачаа бараагаа бэлджээ
АН МАН-ыг засгаас шахаж гаргах гэнэ гэх яриа сүүлийн үед газар явах болсон. УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуулган ч иймэрхүү уур амьсгалтай эхэлсэн гэхэд болно.
Нэгдсэн чуулганаар “Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд өнгөрсөн оны төсвийн орлого ямар шалтгаанаас болж тасарсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч байсан юм. Харин Сангийн яамныхан өнгөрсөн онд төсвийн орлого 726.9 тэрбум төгрөгөөр тасарсан гэдгийг хэлж байлаа.
Тодруулбал, 2014 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 6.3 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 727 тэрбумаар дутуу, нэгдсэн төсвийн зарлага 7.1 их наяд төгрөгт хүрч төлөвлөснөөс 496 тэрбум төгрөгөөр дутуу гарсан нь уул уурхайн түүхий эд, зарим түүхий э экспортын хэмжээ төсөөлж байсанд хүрээгүй нь төсөвт төвлөрүүлэх уул уурхайн орлого болон орлогын алба татвар, дотоодын бараа үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын орлого тасрахад гол нөлөө үзүүлсэн гэдэг тайлбарыг өгөв.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд эдийн засаг эрүүл мэнд, боловсрол зэрэг салбартай холбоотой хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын асуудлыг яамдуудаас тодруулсан юм
О.Баасанхүү:
-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн асуудал юу болж байгаа вэ. Энэ талаар салбарын сайдаас тодорхой мэдээлэл авмаар байна?
Г.Шийлэгдамба:
-Төрийн тусгай албан хаагчдын барилгын асуудлыг Засгийн газар авч хэлэлцээд нэгдсэн эмнэлгийн стандартаар өөрчилж, ажиллуулах шийдвэр гаргасан. Ингэхдээ концессын гэрээгээр буюу барих, ашиглах, шилжүүлэх гэсэн нөхцлөөр санал ирүүлсэн тодорхой төслийн нэгжээр зөвлөмж, үйлчилгээ авч гүйцэтгүүлэх үйл ажиллагаа явж байна. Энэ саналыг ирүүлсэн газар өөрийн хөрөнгөөр барьж дуусаад эхний ээлжийг 2015 онд, хоёрдугаар ээлжийг ирэх оны дөрөвдүгээр сар гэхэд дуусгах нөхцөлтэйгөөр ажиллаж байна. Төсвөөс ямар нэг хөрөнгө мөнгөний асуудал хүлээсэн зүйл байхгүй.
Ч.Хүрэлбаатар:
-Эдийн засгийн алдаатай бодлогоос үүдэлтэй хямрал гүнзгий нүүрлэснийг төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлан тодорхой харууллаа. 2014 оны төсвийн гүйцэтгэлийг аваад үзвэл төсвийн орлого, төсвийн тэнцэл, өрийн хэмжээ УИХ-аас баталж өгсөн төсвийн хүрээний мэдэгдэлд заасан хягзаарыг зөрчжээ. Төсвийн хүрээний мэдэгдэл бол Монгол Улсын хууль. Үүнийг салбарын яам болон Үндэсний аудитын газар юу гэж үзэж байгаа бол?
Ж.Эрдэнэбат:
-Энэ Засгийн газар өнгөрсөн арванхоёрдугаар сард байгуулагдсан. Тухайн үед үндсэндээ жилийн санхүүжилтүүд гараад дууссан байсан тул хэдий 2014 оны төсвийн тодотголыг өргөн барьсан ч ямар нэг байдлаар төсвийн хүрээний мэдэгдэлтэй нийцүүлж өөрчлөх боломж байгаагүй. Зардал, санхүүжилтүүд нэлээд хэмжээгээр гарсан байсан гэсэн хариултыг өгөв.
Төсвийн гүйцэтгэл тааруу байгааг шүүмжилсэн МАН- ынханд АН-ын гишүүдийн зүгээс ч хариу тайлбар хийж байсан юм.
Д.Батцогг:
-МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр АН-ыг сонгосон нь буруу байж гэж хэллээ. АН МАН-ынхантай засагт хамтраад сахил хүртээд шал дордов гэгч болсон. Засагт байхад АН-ынхан муухай байгаа бол та нар зургаан сайдаа тат, бид дэмжээд өгье. Муу нэртэй, муухай зүстэйгээрээ бид ялаа үүрээд, хариуцлагаа хүлээгээд сонгуульдаа оръё. Хамтарч байж ингэж болохгүй.
Г.Баярсайхан:
-МАН-ынхан аль хэдийнэ төрхөмдөө буцахаар ачаа бараагаа бэлдсэн бэр шиг асуудалд хандаад байна. Асуудалд эрүүлээр хандах хэрэгтэй. МАН Монгол Улсыг халамжийн улс болгосон шүү гэв.
“Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайланг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяа байнгын хороодод шилжүүлсэн юм. Харин чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Эрүүгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн завсарлага үргэлжилж байгааг тус бүлгийн дарга С.Бямбацогт сануулснаар хуралдаан завсарлав.