Онцгой байдлынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
Онцгой байдлын Ерөнхий газар
2015.07.08

Онцгой байдлынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн 2015 оны долдугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 15-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах аж. 

Наадамчдын аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг болон урлаг соёлын арга хэмжээнүүд зохион байгуулах, ёслолын буудлага хийх газруудад гамшгаас хамгаалах, гал түймрийн улсын хяналтын хэрэгжилтийг хангах үзлэг шалгалтууд хийх гэнэ. 

Тухайлбал, энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд шингэрүүлсэн шатдаг хий ашиглах болсонтой холбогдуулан үйлчилгээний цэгүүд, хуушуурын гэрүүдэд үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгж, хүмүүст хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талаар нэгдсэн зааварчилгаа өгөх ажлыг зохион байгуулж байгаа аж. 

Баярын өдрүүдэд завьтай эргүүлийн хүчийг нэмэгдүүлж, маршрутыг уртасгаж, Төв аймгийн Алтанбулаг сум, Налайх дүүрэг болон Тэрэлж орчмын Туул гол дагуу амарч байгаа иргэдийг ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах юм байна. 

Мөн НОБГ-аас Улаанбаатар хот орчмоор долдугаар сарын 07, 08, 12, 13-ны өдрүүдэд түр зуурын дуу цахилгаантай бороо орж, салхи ихэнхдээ 6-11 м/с, шөнөдөө Буянт-Ухаа, Багануур, Тэрэлж орчмоор 7-12 градус, өдөртөө 26-31 градус дулаан байх тул наадмын өдрүүдийн цаг агаарын мэдээллийг иргэд тухай бүр хүлээн авч, болзошгүй үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.