Онцгой комиссын ээлжит хурал боллоо
2015.07.06

Онцгой комиссын ээлжит хурал боллоо

Гантай болон гандуу байгаа аймгуудад гамшгийн үнэлгээ хийх, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад ирсэн Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсгийн танилцуулга дүгнэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын  өнөөгийн  байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар        Улсын онцгой комиссын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар Улсын онцгой комиссын гишүүн, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Д.Цогт-Очир нар мэдээлэл хийлээ.

2015 он олон жилийн дундажтай харьцуулахад  манай орны нийт нутгаар хур тунадас багатай, олон хоног өдөртөө хэт их халуун, шөнөдөө хүйтэн хонож байгаагаас зарим аймагт гандуу нөхцөл үүсч байна.

Цагийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2015 оны 7 дугаар тушаалаар гантай болон гандуу байгаа аймгуудад гамшгийн үнэлгээ хийх, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах зорилгоор Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, ХХААЯ-ны газрын дарга Ц.Болорчулуунаар ахлуулсан Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг Төв, Булган, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн 10 суманд буюу нийт 13 аймгийн 42 суманд 2015 оны 6 дугаар сарын 25-наас 7 дугаар сарын 4-ний өдрүүдэд ажиллаж, үүссэн нөхцөл байдалтай танилцан, аймгийн Онцгой комиссуудад холбогдох үүрэг даалгавар, заавар зөвлөгөөг өгч, гамшгийн үнэлгээ хийж ажиллаад ирлээ.

Нэг. Цагийн нөхцөл байдлын тухай

Он гарснаас хойш улсын хэмжээнд 3081 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлага бүртгэгдэж, гамшгийн голомтод давхардсан тоогоор 27,0 мянга гаруй  онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчид, орон нутгийн иргэд 4093 автомашин, техник хэрэгсэлтэйгээр дайчлагдан ажиллаж, 754 хүний амь насыг авран хамгаалаад байна.

Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 90 % нь гал түймрийн, үүнээс ой, хээрийн түймэр 224 удаа, обьектын гал түймэр 2577 удаа тус тус гарсан. Үлдсэн дуудлагыг цаг агаарын онц аюултай үзэгдэл, хүн, мал амьтны гоц халдварт өвчин  (хамгийн их нь галзуу өвчин 138 удаа гарсан), усны осол болон тэсэрч дэлбэрэх бодисын тохиолдол эзэлж байна.

Гамшгийн аюулд 46 хүн бэртэж гэмтэн, 79 хүн нас барсны 33 хүн нь усны ослоор, 32 нь обьектын гал түймрийн улмаас нас барсан.

7 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хушаат, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар дээрх аймгуудын Онцгой байдлын газар, ОБЕГ-ын Аврах тусгай анги, нутгийн иргэд нийт 290 хүн 17 техник хэрэгсэл, 30 ердийн хөсөгтэй унтраахаар 2-14 хоног ажиллаж байна.

Харин нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Булган, Дархан-Уул аймгийн зарим суманд гарсан 4 түймрийг цурманд оруулаад байна.

Мал, амьтны гоц халдварт өвчний хувьд улсын хэмжээнд 6 аймгийн 8 сумын нутагт боом өвчний 1, галзуу өвчний 8, нийт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Ихэнх аймгуудад хур тунадас олон жилийн дундажтай харьцуулахад бага орж,  өвс, ногооны гарц муу, мал сүрэг тарга тэвээрэг сайн аваагүй, хуй салхи олонтаа салхилж, зарим гол, горхи ширгэснээс зарим айлууд өвөлжөө, хаваржаандаа зусаж байна.  Өвс, ногоо муугаас хадлан, тэжээл бэлтгэх өвөлжилтийн бэлтгэл ажил хүндэрч, төлөвлөсөн ургацын 50-60 %-ийг алдах

эрсдэл үүсээд байна. Хэрлэнбаян-Улаан, Малхын аймаг дундын отрын бүс нутаг энэ жил отроор мал оруулж өвөлжүүлж, хаваржуулах боломжгүй байна.

Гантай байгаа аймгуудын малчид, тариаланчид, ард иргэдийн сэтгэл санаа гундуу, тариалалт нь зогсонги байдалд орсон аж ахуйн нэгжийн эзэд сэтгэл зүйн гүн хямралд орсон байгааг далимдуулж зарим хувийн ашиг хонжоо хайсан лам, хувраг, бөөгийн дүр эсгэсэн хүмүүс хонь, адуу, малаар уул, усны тахилгыг хийнэ гэж хүмүүсийнсэтгэл зүйгээр тоглох явдал олноор гарах  болжээ.

Мөн үер, усны аюул, төөрсөн, осолдсон хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байгаа онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчид, усчин, аврагчдыг ажлаа хэвийн явуулахад лам, бөө, үзмэрч хүмүүс ихээр саад учруулж, гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд нөлөөлж, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг зөрчихийг тулган шаардах зэргээр аврах ажиллагаанд саад учруулж байгаа талаар аймаг, орон нутгаас мэдээлж байна.

Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Төв аймгуудад уулын гуу, жалгаар л  тачир өвстэй, бусад газраар ургасан жаахан өвс,  ногоо нь хатаж, гандсан, үлийн цагаан оготно, царцаа, сибирийн шөвгөр хошуут хорхой ихэссэн зэрэг нийтлэг байдал ажиглагдсан.

Аймаг, нийслэлийн Онцгой комисс Монгол Улсын Засгийн газрын 2015 оны “Хөдөө аж ахуйн салбарын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” тогтоол, Улсын онцгой комиссын 2015 оны 01 тоот “Ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай”,  02 тоот “Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний тухай” албан даалгавруудыг удирдлага болгон, хэрэгжүүлэн ажиллаж байна.