Буугаар буудахыг цагдаа нар заана
Анх 2001 оналсан Галт зэвсгийн тухай хууль нь зэвсэгт хүчин, бусад цэрэг, цагдаа, тагнуул, хорих байгууллагын эзэмшилд байгаа байлдааны зориулалттай галт зэвсгээс бусад галт зэвсгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулж байгаа бөгөөд энэ хугацаанд гурван удаа нэмэлт өөрчлөлт орсон аж.
Харин энэ хуулинд сумны эргэлттэй холбоотой зохицуулалт байхгүй, галт зэвсгийн хэв загварыг өөрчлөх, үйлдвэрийн бус аргаар хийж бэлтгэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын хэм хэмжээ байхгүй, хариуцлагын хэмжээг нэмэгдүүлэх, иргэд аж ахуйн нэгжийн өмчилж болох галт зэвсгийн техникийн үзүүлэлт тодорхойлолтыг байлдааны зориулалттай галт зэвсгээс ялгаатай тогтоох,
Хууль зүйн сайд тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг бүрэн хариуцаж, хяналт тавьдаг байх, буудлага спортын чиглэлээр сургалт, тэмцээнд оролцоход галт зэвсэг, сумны эрэлт хэрэгцээ их байгаа хэдий ч улсын хилээр оруулах асуудал хүндрэлтэй байгаа зэрэг зохицуулалтыг хуульчлах шаардлага гарч ирсний улмаас УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг боловсруулсан.
Харин өнөөдөр Хууь зүйн байнгын хороогоор дээрх хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Спортын зориулалттай галт зэвсгийн асуудлыг хуулинд хэрхэн тусгаснийг хамгийн сүүлчийн хувилбараар хэлээд өгөөч. Спортынхон сумуу оруулж, буугаа хэл гаргаж чадахгүй зэргээр ОУ-ын тэмцээн оролцох боломжгүй байдаг. Энэ асуудлыг яаж зохицуулсан бэ” гэж асуусан.
Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хариулахдаа “Одоо үйлчилж байгаа галт зэвсгийн хуулиар сум болон галт зэвсгийг хилээр нэвтрүүлэхтэй холбоотойгоор тэмцээн уралдааны талаарх зохицуулалт ер байхгүй. Иймээс үүсэж буй гол хүндрэл нь Монгол улсын тамирчид өөрийн галт зэвсэгтэй хилээр гарах, гадаадын тамирчид ч гэсэн хилээр нэвтрэх зэрэг нь албан тушаалын үзэмжээр болж байгаа.
Мөн спортын бэлтгэл хийх сум хилээр орж ирэхтэй холбоотой зохицуулалт ер байхгүй учраас бүх зүйл нь хууль зөрчсөн гэсэн хэлбэртэй байгаа юм. Харин энэ бүгдийг шийдсэн. Тухайн зөвшөөрлийг хууль зүйн сайд өгөхөөр болсон. Гэхдээ асуудлыг спорт хариуцсан албан тушаалтнаар дамжигдана гэсэн үг” гэлээ.
УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж “Хуулийн зөрчилтэй,олон хүмүүсийн анхаарлыг татаад байгаа нэг зүйл нь ангийн буу. Хагас автомат бууг ангийн дэлгүүрээр ангийн буу гээд зарж байгаа. Үүнээс болж бөөн мөнгөний асуудал, зөрчид яригдаад байсан. Түүнд ямар өөрчлөлт байгаа вэ ?
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Энэ асуудалд хатуу байр суурьтай хоёр талууд бий. Үе үеийн Байгаль орчны сайдууд болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, Анчдын холбоо зэрэг газруудаас ямар шаардлага тавьдаг вэ гэвэл ан агнахтай холбоотой галт зэвсгийг механик ажиллагаатай, хуулиараа бол арван сум ордог, буудах болгонд цэнэглэдэг буугаар ан агнах ёстой, харин бүрэн автомат буюу ээлжээр бууддаг буугаар ан агнаж болохгүй.
Энэ бол ан биш аллага гэдгийг хэлж байгаа. Анчдын холбооны зүгээс ч гэсэн “Анчин хүн бол ангийн зориулалтын буутай л байх ёстой” гэж буй. Үүнээс болж ан ч ховордлоо, анчдын ур чадварыг тодорхойлох хязгаар ч алга боллоо гэж шүүмжлээд байгаа.
Мөн иргэдийн хувьд өөрт байгаа буугаа спорт сургалтын зориулалттай гэсэн ангиллаар бүртгүүлэх ёстой. Түүнчлэн тухайн бүртгүүлсэн галт зэвсгээрээ өөрийн биеийг болон малчид малаа хамгаалахыг хуулиар зөвшөөрсөн. Харин цагдаа нарын хувьд галт зэвсэгтэй холбоотой сургалт, семинарыг энгийн иргэд болон малчдад явуулахаар хуулинд тусгасан гэдгийг хэлэлцүүлгийн үеэр санаачлагч хэллээ.