Өнгөрсөн онд 47256 галт зэвсэг бүртгэгдсэн
УИХ-ын ээлжит бус чуулганаар Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Галт зэвсгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга, холбогдох бусад хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан юм.
Уг хуулиудтай холбоотой асуудлаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат мэдээлэл өгсөн.
Тэрбээр хэлэхдээ “УИХ-ын энэ удаагийн ээлжит бус чуулганы хуралдаанаар 4-5 асуудал хэлэлцэх ёстой байсан. Тухайлбал, Галт зэвсгийн тухай хууль, Өршөөлийн тухай хууль, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудыг хэлэлэх байсан. Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэхээр хойшлуулсан.
Харин УИХ-ын нэр бүхийн гишүүдээс 2015 оны долоодугаар сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Галт зэвсгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа.
Цагдаагийн ерөнхий газраас авсан мэдээллээр 2014 оны байдлаар улсын хэмжээнд 47256 галт зэвсэг бүртгэгдсэн. Үүнээс ангийн зориулалттай 44592, энгийн харуул хамгаалалтын зкориулалттай 752, гэрээт харуул хамгаалалтын зориулаллтай 770, спорт сургалтын зориулаллтай 634, үзмэрийн зориулалттай 283, цуглуулгын зориулаллтай 225 ширхэг галт зэвсэг байна. Галт зэвсгийн тухай шинэчилсэн найруулга нь 6 бүлэг 26 зүйлтэй.
Уг хууль нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээд галт зэвсэг түүнтэй адилтгах сум өмчлөх эзэмших, ашиглах эрхийг хангах галт зэвсэг сумны эхгэлтэд хяналт тавих аюулгүй ажиллагаа бүрдүүлэх илүү нарийвчилсан зохицуулалтыг бий болгож зарим зохицуулагдаагүй байсан харилцааг хуульчиллаа.
Ингэснээр галт зэвсэг түүнтэй адилтгах, сум өмчлөх эзэмших, тэдгээрийг бүртгэх хадгалах галт зэвсэг импортлох хадгалах, худалдах худалдан авах улсын хилээр нэвтрүүлэх, галт зэвсэг авч явах тээвэрлэхэд тавих шаардлага галт зэвсгийн тооллого явуулахад эрх зүйн харилцааны зохицуулалт тодорхой болсон.
Мөн галт зэвсгийн сумны эргэлтэд хяналт тавих, галт зэвсгийн хэв загварыг өөрчлөх, үйлдвэрийн бус аргаар бэлтгэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог шинээр бүрдүүлж, иргэд аж ахуйн өмчилж болох галт зэвсгийн техник үзүүлэлтийн тодорхойлолтыг хууль сахиулах албаны болон байлдааны зориулалттай галт зэвсгээс ялгаатай тогтоож өгөх юм.
Түүнчлэн буудлага спортын чиглэлээр сургуулилт тэмцээнд оролцоход ашиглах, зэвсэг сум хэрэгсэлийг улсын хилээр нэвтрүүлэхэд тулгардаг хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэж байна” гэлээ.