Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
2015.08.05

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2015.08.05.Лхагва гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад 53.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нарын нэр бүхий 11 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулсан юм.

Галт зэвсгийн тухай хуулиар зэвсэгт хүчин, бусад цэрэг, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эзэмшилд байгаа байлдааны зориулалттай галт зэвсгээс бусад галт зэвсгийг өмчлөх, эзэмших, ашиглахтайхолбогдсон харилцааг зохицуулж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд галт зэвсэг эзэмших, өмчлөх хандлага нэмэгдэж байгаа аж. Хууль санаачлагч галт зэвсэг эзэмшигчдийн тоо нэмэгдэхийн хэрээр тэдэнд тодорхой шаардлага тавих,эзэмшигч, өмчлөгчийг галт зэвсэгтэй харилцах мэдлэг, чадварыг дээшлүүлэх, галт зэвсэгтэй адитгах хэрэгслийг хуульчлах, галт зэвсгийн ашиглалтын зориулалтыг тодорхой болгох, галт зэвсэг болон сумыг нийтэд худалдах, импортлох хяналтыг сайжруулах, галт зэвсэг болон сумны бүртгэлийг нэг байгууллага дээр төвлөрүүлж, нэгдсэн сантай болгох, галт зэвсгийн зохистой хэрэглээг багасгах зорилгоор уг хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудыг хэлэлцэн шийдвэрлэж энэ талаарх санал, дүгнэлтээ ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон байна. Мөн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаар Төсвийн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр нар асуулт асууж тодруулсан юм. Байнгын хорооны дарга Д.Ганбат гишүүдийн асуултад өгсөн хариултдаа одоо малчдын гар дээр байгаа буу галт хэрэгслийг бүртгэлд хамруулан хууль ёсны болгож иргэний өмч хэвээр үлдээнэ, харин үүнийг ангийн зориулалтаар ашиглаж болохгүй, зөвхөн сургалт, спортын зориулалтаар ашиглаж болно гэлээ. Мөн төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар сумны зохицуулалт байхгүйгээс сумны эргэлт хар зах дээр хууль бусаар явагдаж байгаа. Харин энэ хуулиар галт зэвсгийн ангилал, зориулалтыг тодорхой болгох, сумны асуудлыг зохицуулалтад оруулж сумыг эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу тусгай цэгүүдээр дамжуулж худалддаг болох юм гэсэн хариулт өгөв. 

Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.