Гадаадын иргэн буу эзэмшиж, ашиглах эрхгүй
2016.03.07

Гадаадын иргэн буу эзэмшиж, ашиглах эрхгүй

Хуулийн нэр: Галт зэвсгийн тухай хууль

Өргөн баригдсан он,сар, өдөр: 2014.01.09

Батлагдсан он, сар, өдөр: 2015.08.07

Хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн: 2015.09.01

Галт зэвсгийг хэрэглэж, эзэмших иргэдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Тухайлбал манай улсад 47 мянган галт зэвсэг иргэн, байгууллагын нэр дээр бүртгэлтэй байдгаас 44 мянга нь ангийн буу юм. Өмчлөлд байгаа галт зэвсгийг марк, төрлөөр нь авч үзвэл Тоз-8, Сайга, ЗКК-600, Винтов, Карабин, Иж-18 зэргийг ихэвчлэн  ашигладаг бөгөөд зарим тохиолдолд байлдааны зориулалттай АКМ, Бирдан, Медведь, Мазаров гэх мэт галт зэвсгийг өмчилж, ашигладаг байна.

Галт зэвсэг гэдэг орчин тойрон, бусдад аюул учруулж болзошгүй онцгой бараа.

Тиймээс галт зэвсэг өмчлөх, ашиглахтай холбогдсон харилцааг  зохицуулсан хуультай болж, түүнийгээ дагаж мөрдөх шаардлага тулгарсан юм. Энэ ч үүднээс 2001 онд батлагдсан Галт зэвсгийн тухай хуулийг хуучирсан, ач холбогдолгүй гэж үзэн шинэчлэн найруулсан нь өнгөрсөн онд батлагдсан юм.

Галт зэвсгийн тухай хуульд галт зэвсгийг дөрвөн зориулалтаар ашиглахыг зөвшөөрчээ. Үүнд

- Иргэний

- Харуул хамгаалалтын

- Хууль сахиулах албаны

-Байлдааны гэх мэт.

Иргэний зориулалттай галт зэвсэг гэдэг нь тухайн хүн ан агнах, буудлагын спортоор хичээллэх, үзмэр, цуглуулгын зорилгоор эзэмшиж буй бууг хэлдэг. Харин байгаль хамгаалагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор хэрэглэж буй зэвсгийг харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг гэж тодорхойлно.

Иргэн та галт зэвсэг эзэмшдэг бол

Галт зэвсэг эзэмшихэд хоёр үндсэн шаардлага бий. Нэгдүгээрт галт зэвсэг эзэмших эрхийн гэрчилгээтэй байх, хоёрдугаарт галт зэвсгээ бүртгүүлсэн байх ёстой.

Уг хуулиар Монгол Улсын 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн чадамжтай, галт зэвсгээр гэмт хэрэг үйлдэж байгаагүй, галт зэвсгийг ашиглах хамгаалах талаар сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан хүнд галт зэвсэг эзэмших зөвшөөрөл олгоно гэж заажээ.

Өөрөөр хэлбэл та галт зэвсэг эзэмших зөвшөөрлийн гэрчилгээ авч, өөрийн галт зэвсгээ бүртгүүлсний дараа галт зэвсэг эзэмших эрх үүснэ гэсэн үг

Өөрөөр хэлбэл та галт зэвсэг эзэмших зөвшөөрлийн гэрчилгээ авч, өөрийн галт зэвсгээ бүртгүүлсний дараа галт зэвсэг эзэмших эрх үүснэ гэсэн үг. Та өөрийн эзэмшлийн галт зэвсгээ амь бие, эд хөрөнгөө араатан, амьтнаас хамгаалах зорилгоор л ашиглаж болно. Хэрэв та улсын хилээр иргэний зориулалтаар галт зэвсэг нэвтрүүлсэн бол ажлын арван өдрийн дотор оршин суугаа газрынхаа Цагдаагийн байгууллагад бүртгүүлэх ёстой. Харин бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:

- Галт зэвсгээ бүртгүүлэхийг хүссэн өргөдөл

- Иргэний үнэмлэхийн хувилбар

-Оршин суугаа газрын баг, хорооны тодорхойлолт

-Гурван хувь цээж зэрэг

- Галт зэвсгийн нэр, төрөл, үйлдвэрлэсэн он, дугаарыг тодорхойлсон баримт бичиг

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

-Сумны хонгио, хошууны дээжийг шүүхийн шинжилгээний байгууллагын мэдээллийн санд бүртгүүлсэн тодорхойлолт

-Галт зэвсэг ашиглах, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээ

-Өөрийн өвчин, гэмтэл согоггүй гэдгийг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас зэргийг бүрдүүлэх хэрэгтэй юм байна.  

Харин галт зэвсгийн гэрчилгээнд өмчлөгчийн овог нэр, хаяг, регистрийн дугаар, галт зэвсгийн нэр, төрөл, үйлдвэрлэсэн он, галт зэвсэг өмчлөх зориулалт, сумны төрөл, хамтран эзэмшигчийн тухай мэдээлэл зэргийг тусгасан байх аж.

Харин та галт зэвсгээ хадгалахдаа гох, замгийг цоожилж, сумаа тусад нь түгжээтэй шүүгээ саванд хадгалах ёстой. Ингэснээр өөрийн болон бусдад хохирол учрахаас урьдчилан сэргийлж чадна. Галт зэвсгээ хаяж, алдаж үрэгдүүлсэн тохиолдолд даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой.

Галт зэвсэг эзэмших эрхтэй Монгол Улсын иргэн өөрийн хэрэглээний зорилгоор нэг ширхэгийг жилд нэг удаа улсын хилээр оруулах эрхтэй байдаг. Харин галт зэвсгээ гурван жилийн дотор бусдад дамжуулж, худалдаж, бэлэглэж болохгүй.

Хэн галт зэвсэг эзэмшиж болохгүй вэ?

Хуульд хүссэн хүн бүрийг галт зэвсэг хэрэглэж болно гэж заагаагүй. Тухайлбал 21 нас хүрээгүй иргэн, галт зэвсэг ашиглаж санаатай гэмт хэрэг үйлдсэн этгээд, галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согогтой иргэн, мөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт галт зэвсэг эзэмшиж, ашиглахыг хоригложээ.

Галт зэвсэг борлуулагчид ямар үүрэг хүлээх вэ?

Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, дагалдах хэрэгслийг импортлож бусдад худалдаж буй хүнийг борлуулагч гэж хуульд нэрлэжээ. Борлуулагчид галт зэвсгийг импортлож, худалдаалах тусгай зөвшөөрлийг зургаан жилийн хугацаатай олгоно. Тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр Засгийн газрын гишүүн олгох аж. Галт зэвсгийн борлуулагчид төвд байрлан галт зэвсэг, сум худалдаж борлуулна. Орон нутагт салбартай байж болно гэж хуульд заасан байна. Худалдах галт зэвсэг, сумыг тусгайлан тоноглосон тээврийн хэрэгслээр тээвэрлэх бөгөөд тээвэрлэх маршрут, хугацааг  цагдаагийн байгууллагад урьдчилан мэдээлэх ёстой. Харин иргэд галт зэвсэг худалдаж авах хүсэлтээ Цагдаагийн байгууллагад бичгээр гаргах юм байна. Борлуулагчид галт зэвсгийг худалдахдаа

-Галт зэвсэг эзэмших эрхтэй иргэн эсэхийг шалгах

-Худалдан авсан сумны талаарх мэдээллийг гурван өдрийн дотор холбогдох байгууллагад мэдээлэх

- Галт зэвсэг, сумны дэлгэрэнгүй бүртгэлийг хөтлөх ёстой.

Харин спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг, сумыг спортын тэмцээнд оролцож, бэлтгэх хугацаанд улсын хилээр нэвтрүүлэх бөгөөд, насны ангилал харгалзахгүйгээр буу эзэмших зөвшөөрөл олгох юм байна.

Галт зэвсэг эзэмшигч бүр жилд нэг удаа галт зэвсгийн тооллогод орж байх ёстой.

Хэрвээ галт зэвсгээ тээвэрлэх шаардлага гарвал тухайн зорчиж буй тээврийн хэрэгслийн дарга, жолоочид хадгалуулна.

Мөн аюулгүй байдлаа хангахын тулд гох, замгийг цоожилж, сумаа тусгай хайрцаг саванд хийж, эзэмших эрхийн гэрчилгээгээ авч явах хэрэгтэй.

Харин дараах тохиолдлуудад галт зэвсэг, сумыг хурааж авна. Тухайлбал:

- Буу эзэмшиж болохгүй гэж хуульд заасан өвчин, эмгэгтэй хүн буу эзэмшиж байвал

- Хуулиар хориглосон хүн галт зэвсэг эзэмшиж байгаа бол

-Эрэн сурвалжлагдаж байгаа галт зэвсэг бол

-Гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашигласан бол

-Бууны хийц, зориулалтыг өөрчилсөн бол

-  Хуульд заасан зориулалтын бусаар ашигласан бол эзэмшиж буй галт зэвсгийг хурааж,  40 мянгаас 1 сая хүртэлх төгрөгөөр торгох юм байна.

 

1ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
galbaatar_l 2001 оны “Галт зэвсгийн тухай” хуулиар 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол Улсын иргэн цагдаагийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр галт зэвсэг өмчлөх эрхтэй байсан. Харин 2015 оны хуулиар энэ 18 насыг 21 нас болгож нэмсэн нь сайшаалтай байна. Мөн 2015 оны хуулиар галт зэвсэг өмчлөх этгээдэд галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх шаардлага тавьсан нь ололттой болсон. Ийм сургалтыг цагдаагийн байгууллага зохион байгуулж, сургалтын зааврыг цагдаагийн төв байгууллагын дарга батлахаар заасан. Өмнөх хуулиар архаг архичин, мансуурах донтой гэж тооцогдсон этгээд галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах эрхгүй гэж заасан нь галт зэвсэг эзэмших этгээдийн хүрээг харьцангүй бага хязгаарласан зохицуулалт байсан бол 2015 оны хуулиар галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согогийн жагсаалтыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлах, иргэд энэ жагсаалтад заасан өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас авсны үндсэн дээр галт зэвсэг эзэмшихээр зохицуулсан нь шинэлэг зохицуулалт болсон. Харин 2015 оны хуульд иргэн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа галт зэвсгээ амь бие, эд хөрөнгийг араатан, амьтнаас хамгаалах зорилгоор ашиглаж болно гэж заасан нь галт зэвсгээ өөр лүү нь халдагч этгээд буюу хүнээс хамгаалах зорилгоор ашиглахыг хориглосон шинжтэй зохицуулалт юм. Энэ нь Эрүүгийн хуульд заасан “аргагүй хамгаалалт”-ыг үгүйсгэсэн шинжтэй болохыг хууль тогтоогч цаашид анхаарах нь зүйтэй байна.

2016.04.18