Занарын хувьсгал дууссан уу?
Зөвхөн занарын үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт л гэхэд 2006 оноос АНУ-д 350 тэрбум доллараас давав.
2015.07.17

Занарын хувьсгал дууссан уу?

Урьдчилсан төлөвөөр 2015 онд дэлхийн зах зээл дээр Brent маркийн газрын тос нэг баррель нь 70-75 ам.доллар, WTI маркийнх 60-65 ам.доллар байх аж. Энэ нь газрын тос импортлогч Саудын Араб, Кувейт, Иран зэрэг улсуудын эдийн засагт сөрөг нөлөөгүй. Гэвч Оросын төсвийг дундалж, АНУ-ын хэрэглэгчид болон бусад үйлдвэрлэгчийн хувьд таагүй байх болно.

Газрын тосны үнэ 15 жилийн туршид тасралтгүй өсөхдөө 2008-2009 онд багахан савалгаанд орсноос өөр онцын өөрчлөлт гараагүй. Өссөн шалтгаан нь Азийн орнуудын хэрэглээ төдийгүй, зах зээлийн хөгжлийг бага хүүд даатгаж долларыг сулруулсан Америкийн Холбооны нөөцийн бодлоготой холбоотой.  Энэ нь газрын тосны үнэт цааснуудын үнийг өсгөж “занарын хувьсгал” гарах нөхцлийг бүрдүүлжээ.  Онолын хувьд хөндлөн өрөмдлөгөөр газрын тос олборлох практик (fracking) нэлээн дээр үүсч технологи хялбаршиж, үнэ өссөнөөр занарын чиглэл эрчээ авчээ.  Зөвхөн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт л гэхэд 2006 оноос АНУ-д 350 тэрбум доллараас давав. Улмаар зах зээлд шинэ салбар бий болж “занарын хувьсгал” Америкийн ДНБ-д 0,5 хувийг нэмэрлэв. 

Технологи, татварын хөнгөлөлтийн ачаар занарын бизнес Bakken, Permian, Eagle Ford гэсэн АНУ-ын үндсэн гурван газрын тосны бүсэд хөгжив. АНУ газрын тосны олборлолтоо хоёр дахин нэмж, олборлолтын хэмжээгээр Оросыг ардаа орхиж дэлхийд хоёрт оров. 2006-2014 онд Америкийн газрын тосны үйлдвэрлэл хоногт 5 саяас 9,4 сая баррель болтлоо өссөнөөр импорт буурч, зах зээлд газрын тос илүүдэж, үнэ нь хоёр дахин буурав.  Саудын Араб, ОХУ, Нигерт ч мөн адил олборлолт өсөв.

Хэрэв занарын үйлдвэрлэл зах зээлээс гарвал үнэ эргээд өсөх үү?

Үр дүнд нь юу болсон бэ?  Америкийн газрын тосны үйлдвэрлэл санаснаас багахан хэмжээгээр буурсан хэрнээ ирээдүй муутай харагдаж байна. Одоохондоо занарын салбарынхан сандарсан шинж харуулахгүй байгаа. Гэхдээ газрын тосны үнээс ихээхэн хамаардаг улсуудын хувьд гурван чухал асуудал бий.

  1. АНУ-д газрын тосны үйлдвэрлэл буурах уу?
  2. Хэрэв занарын үйлдвэрлэл зах зээлээс гарвал үнэ эргээд өсөх үү? 
  3. Газрын тосны үнэт цаасыг хэзээ худалдаж авах хэрэгтэй вэ? Газрын тосны үнэ өснө гэж найдах хэрэг байна уу?

АНУ-д олборлолт буурах төлөв одоохондоо харагдахгүй байна. Үйлдвэрлэлийг дэмжих эсэх нь зарлагыг бууруулах, санхүүжилтыг үргэлжлүүлэхээс шалтгаална. АНУ-д олборлолт өссөн нь  занарын 16 том олборлогч компани жил бүр орлогынхоо 75 хувиар эргээд үйлдвэрлэлд хөрөнгө оруулж байсантай холбоотой. Тиймээс нэг баррелийн үнэ 100 ам.доллар байхад ч эдгээр компаниуд их ашиг олж чадаагүй. Гэхдээ одоогоор тэд үнэ 15-20 хувь буурсан нөхцөлд үргэлжлүүлэн санхүүжилт авч бага орлоготой ажиллах боломж бий. 

Түүнээс гадна занарын үйлдвэрлэл үнэд нөлөөлнө гэдэг эргэлзээтэй. АНУ-ын газрын тосны олборлолт 2015 онд 0,5 сая баррелаар өснө, эсвэл 1 сая баррелаар буурна гэсэн янз бүрийн урьдчилсан шинжилгээ бий. 1 саяар буурлаа гэж бодоход нэгдүгээрт энэ бууралт бусад орны олборлолтоор нөхөгдөнө. Хоёрдугаарт зөвхөн АНУ олборлолтоо бууруулснаар дэлхийн зах зээл өөрчлөгдөхгүй.

Эцэст нь газрын тостой холбоотой үнэт цаасны талаар. АНУ-ын хамгийн том компаниуд газрын тосны үнэ унасан ч ердөө 15-20 хувиар хямдарсан. Газрын тос олборлогчдын зах зээлийн үнэ бараг хоёр дахин багассан нь зах зээлээс илүүтэй тэдгээрийн өр зээл, удирдлагын үр дүнгүй байдалтай холбоотой.

Занарын салбарт үнэт цаасны ирээдүй илүү бүрхэг. Одоогоор өндөр үнэтэй байгаа ч хэрэв газрын тосны үнэ эргээд өсвөл хувьцаанууд нь унана. Гэхдээ санхүүгийн талаас аваад үзвэл занарын нефть үйлдвэрлэгчид зах зээлд ашигтай бараа үйлдвэрлэдэг учраас тийм ч амархан алга болохгүй бөгөөд цаашдаа бэхжих юмуу эсвэл том компаниудад уусна.