Хамтарсан Засаг байгуулагдсанаар бүтээн байгуулалтууд шийдэгдэж байна
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тойрогтоо ажиллах үеэр нь уулзаж, орон нутгийн иргэдийн санал бодол, эдийн засгийн байдлын талаар ярилцлаа.
- УИХ дахь МАН-ын бүлгийн даргын цаг зав багатай ажлын зэрэгцээ орон нутагтаа байнга ирж ажилладгийг тань мэднэ. Энэ удаагийн томилолтын онцлог юу вэ?
2015 он гарснаас хойш цагаан сарын үеэр тойрогтоо ирж ажилласан. Улсын Их хурал дээр нэлээд чухал асуудлууд хэлэлцэгдэж байгаа. Ард иргэдийнхээ санал бодлыг нь сонсоод, түүнд тулгуурлаж цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар боловсрол, эрүүл мэнд, хувийн хэвшил, хууль хяналтын байгууллагынхантай уулзалт хийлээ. Мөн тээвэрчдийн холбооны тэргүүний хувиар энэ жил 90 жилийн түүхэн ой нь тохиож байгаа тээвэрчидтэйгээ уулзаж, тэднийхээ санаа бодлыг нь сонслоо. Дөргөн, Дуут сумдад очиж хөдөөгийн хөдөлмөрчидтэй уулзлаа.
Орон нутгийн хэмжээнд яригдаж байгаа асуудлыг сонсъё гэж бодож байна. Иргэдийн тавьж байгаа асуудал юу байна?
Хөдөөд бол ноосны урамшуулал 50 хувь хасагдсан, ноолуур ханш бага байгаа гэсэн асуудлуудыг голчлон тавьж байна. МАН-ын бүлэг малчдын тэтгэврийн насыг наашлуулах асуудлыг санаачилсан. Энэ бол маш чухал асуудал. Малчид маань өдөрт нь зовлогоо, шөнөд нь сэтгэлээ зовоож ажилладаг. Халуунд халж хүйтэнд хөрч, амралтын өдөргүй ажилладаг малчдын тэтгэврийн насыг наашлуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Нийтлэг ярьж буй асуудалд нэг зүйл анзаарагдсан. Өмнө нь тойрогтоо ирж ажиллахад эдийн засгийн байдал хүнд байна, гадны хөрөнгө оруулалт зугтдаг боллоо, эдийн засгийн өсөлтгүй байна гэх мэтээр асуудал ярихад хөдөөд бидний амьдрал болж байна, хямрал бидэнд мэдэгдэхгүй байна гэдэг байсан бол өнөөдөр тэр байдал өөрчлөгдчихөж. Хөдөөд ч, хотод ч хямрал маш ихээр мэдэгдэж байна. "Их буян" захаар орж наймаачидтай уулзахад орлого ордоггүй, борлуулалтгүй өдөр олон байдаг гэж байна.
Хөдөөд малчид ноолуур гарахад цагаан сарын үеэр хэрэглэсэн зээлээ төлж чаддаг байсан бол өнөөдөр ноолуураа борлуулаад олсон мөнгөөрөө зээлээ төлж чадахгүй, үргэлжлүүлж зээл авах хэмжээнд хүртэл доройтож байна. Мөн орон нутагт ч, хотод ч тэтгэврийн настай холбоотой асуудлыг ярьж байна. Сая УИХ дээр төрөөс тэтгэврийн нас дээр баримтлах бодлого баталсан. Эмэгтэй хүнийхийг 60, эрэгтэйг 62 нас болгох санал орж ирснийг МАН-ын бүлэг эсэргүүцэж унагаасан. Гэтэл нөгөө талдаа тэтгэвэрт гарах насыг эрэгтэй эмэгтэй хүний тэтгэврийн нас адил болж батлагдсан.
Дээрээс нь дараалсан таван жил биш 10 жилийн цалингийн дунджаар тэтгэврээ тогтоолгодог болгох, тэтгэвэрт гарахад шимтгэлийн 20 хувийг өгдөг болгох асуудал яригдсан. Энэ асуудалд иргэд маш их эмзэглэж байна. Тэтгэврийн зээлийн талаар ахмадууд маань хот, хөдөөгүй ярьж байна. Тэтгэврийн зээлийн хүү өндөр байгааг өөрчлөөч гэдэг асуудлыг ярьж байна.
Та ирсэн даруйдаа боловсролын салбарынхантай уулзлаа. Хөгжил политехник коллеж, Ховд их сургуулийн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Ховд их сургуулийг 1,3 тэрбум төгрөгийн хуримтлалтай болгосон гэдгийг мэдэх юм. Сандаг сангаараа дамжуулж оюутнуудыг тэтгэлэгт хамруулдаг, сургуульд элсэж байгаа сурагчдад хичээлийн хэрэгсэл өгдөг гээд боловсролын салбарт багагүй анхаарал хандуулдаг нь ажиглагддаг. Энэ жил боловсролын салбарт ямар асуудлыг шийдүүлэх зорилт тавьж байна?
Тойрогтоо ажиллахаар ирсэн даруйдаа Хөгжил политехник коллеж, Ховд их сургуулийнхантай уулзсан. Өмнө нь би УЗ-ийн дарга байхдаа оюутны сургалтын төлбөрийг бага зэрэг нэмж тодорхой хуримтлал бий болгож, 1,3 тэрбум төгрөгөөр номын сан барихад хуримтлуулсан байсан. Багш нарын хувьд орон сууц, оюутнуудын хувьд дотуур байр, сургуулийн захиргаанаас номын сан барьж өгөөч гэдэг хүсэлт тавьж байна. Эхлээд хамт олноороо хэлэлцээд хамгийн чухал асуудлаа тодорхойлоод 1,3 тэрбум төгрөгөөр барилгыг нь эхлүүлье.
Үлдэгдлийг нь улсын төсвөөс шийдүүлэх гарцыг олъё гэсэн байгаа. Мөн БСШУЯ-ны дэд сайд Я.Төмөрбаатартай хамт ирсэн. Энэ ондоо багтаан бүх сургуулиудынхаа багш нарт нөүтбүүк өгөх, цэцэрлэгүүдийн тоглоомыг шинэчлэх 3000 долларын батламжийг гардууллаа. Энэ жил 2012 оноос хойш царцсан байсан 1-р сургуулийн өргөтгөл, Чандмань, Мөст сумын дотуур байр, Үенч сумын сургуулийн өргөтгөл, Манхан, Үенч сумын соёл спортын цогцолбор барих ажлын төсвийг шийдсэн байгаа.
Өмнө нь та сум хөгжүүлэх сан байгуулж, ЖДҮ-үүдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох хуулийг санаачилж байсан. Энэ удаагийн томилолтоор үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, бизнес эрхлэгчидтэй уулзлаа гэж ярилаа. Цаашид бизнес эрхлэгчид, ЖДҮ эрхлэгчдийг дэмжих чиглэлээр ямар санаачлага гаргах вэ? Битүү худалдааны төвийн асуудлыг хэрхэн шийдвэл зохилтой байна?
Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрийн багцдаа 50 тэрбум төгрөгийг хууль зөрчин, шийдүүлж, Баян-Өлгий, Увс, Ховд аймагт битүү худалдааны төв бариулсан. Баян-Өлгий аймгийн битүү худалдааны төвийн хувьд дээврээс нь ус гоожсон, цахилгааны масстай, Увсын хувьд дотор нь маш их хэмжээний тоосжилттой, чанаргүй баригдсан байгаа. Манай аймгийн хувьд хувь нийлүүлэгчид 1,3 тэрбум төгрөг хуримтлуулж, улсын төсвөөс 3,7 тэрбум төгрөгийг зарцуулан барьсан боловч чанарын шаардлага хангахгүй, өнөөдөр хувь нийлүүлэгчид мөнгөө авъя гэхээр авч чадахгүй, газраа авъя гэхээр авч чадахгүй нөхцөл байдалд хүрчихсэн байна. Битүү худалдааны төвийн менежментийг хувь нийлүүлэгчид хариуцаад явъя гэхээр өгдөггүй.
Аймгийн удирдлага, хувь нийлүүлэгчдийн хооронд зөрчил үүссэнээс ажиллахгүй байгаа. Үүнийг шийдэх ёстой. Шийдэхдээ худалдаа эрхлэгчдийн талд шийдэх хэрэгтэй. Худалдаа эрхлэгчдийг гадна халж, хүйтэнд хөргөхгүйн төлөө барьж байна, худалдаа эрхлэгчдийн мэдэлд өгнө гэж анх барьсан атлаа одоо болохоор төр заавал менежментийг нь барьж ажиллана гэж байгаа нь буруу зүйл. Энэ зөрчлийг бид шийдвэрлэхдээ хэнд зориулсан, хэн цааш нь авч явах юм гэдгийг харгалзаж шийдвэрлэх хэрэгтэй. Худалдаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах талаар тодорхой арга хэмжээ авах бодолтой байна.
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудлыг иргэд ярьж байна. Мөн аймаг хөгжүүлэх санд Г.Нямдаваа даргын үед 500 сая төгрөг шийдэгддэг байсан бол өнөөдөр аймгийн Засаг дарга, ИТХ-ын мэдэлд 12 тэрбум төгрөг хуваарилагдаж байгаа. Үүний үр өгөөж маш хангалтгүй байна гэж би харж байгаа. Зээлийн олголт оновчгүй байна. Ганцхан жишээ дурдахад хөөсөнцрийн үйлдвэр ажиллуулдаг Мягмардорж гэдэг залуу тахианы фермер байгуулаад тахиагаа тэжээгээд Ховдчуудыг эрүүл хүнсээр хангахаар ажиллаж байгаа юм байна.
Тэдний бүтээгдэхүүн "Их буян" худалдааны төв дээр 350 төгрөгөөр зарагдаж байна. ОХУ болон БНХАУ-аас нууцаар оруулж ирж байгаа өндгийг манайхан хүнсэндээ хэрэглэж байна. Эрсдэлгүй хүнс үйлдвэрлэе гээд зээл хүсэхэд олгоогүй байгаа юм. Гэтэл сийлбэртэй гэр хийх, бэлэг дурсгалын зүйл үйлдвэрлэх хүнд зээл өгсөн байгаа байхгүй юу. ЖДҮ-ийг дэмжихдээ нүдээ олсон байдлаар дэмжье.
Малын гаралтай түүхий эд үйлдвэрлэх боловсруулах үйлдвэрийг байгуулах ажил 3 жилийн турш зогсоод энэ оноос эхэлж байгаа. Энэ үйлдвэрийг дагаад ажлын байр олноор бий болно. Ажилтай, орлоготой иргэдийн тоо ч нэмэгдэнэ.
Мөн Н.Алтанхуягийн засгийн газрын үед Ховд аймагт цементний үйлдвэр байгуулах ажлыг зогсоож, Баян-Өлгий аймагт байгуулахаар болсон байсныг дахин хөндөж, орон нутагтаа байгуулахаар боллоо. Баян-Өлгийд усан цахилгаан станц байгуулах ажлыг Ховддоо байгуулахаар болж байна. Дотооддоо эрчим хүч үйлдвэрлэснээр бид хямд үнэтэй эрчим хүчээр хангагдах гол үндэс нь болно. Үйлдвэрлэлийн өртөг багасах сайн талтай гэж харж байгаа. Цементний үйлдвэртэй болсноор цементийн 1 тонн тутмын үнэ 150,000 төгрөг болж буурна.
Хамтарсан засаг байгуулагдсанаар орон нутагт амин чухал хэрэгцээтэй бүтээн байгуулалтын шийдвэрүүд гарч байна. Орон нутгийн удирдлагууд маань хөрөнгө оруулалтыг сумын төв, Ховд хотын төвийн өнгө үзэмжийг сайжруулахад их анхаарсан байна. 12 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил хийсэн бол нүдээ олсон шийдвэр болох байсан байх.
-
Багийн эмч нарыг унаажуулах, хүүхдийн эмнэлэг барих гээд эрүүл мэндийн салбарт асуудлуудыг шийдвэрлээд явж байгаа. Өнөөдөр манай аймагт эрүүл хүний тухай асуудал яах аргагүй анхаарал татаж байна. Бүсийн гэсэн “том малгай”-тай ч орон байр, тоног төхөөрөмжийн хувьд нэг аймагт л үйлчлэх боломжтой эмнэлэг байна. Таны хувьд БОЭТ-д анхаарлаа хэр хандуулж байна?
Өмнө нь төсвийн хөрөнгө оруулалтаар багагүй асуудлыг шийдвэрлэж байсан. Аавынхаа нэрээр нэрлэгдсэн Сандаг сангаараа дамжуулан хандив болгож Ховд аймгийнхаа сумдын эмнэлэг, БОЭТ-д 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байсан. Саяхан бид УИХ-аар БОЭТ-ийн тоног төхөөрөмжийг шинэчилье гэдэг асуудлыг нэлээд зүтгүүлж байж шийдүүлсэн ч Удвал сайдын үед удсан тал бий. МАН-ын бүлэг өрийн таазыг нэмэхгүй гэсэн байр суурьтай байдаг. Үүнтэй зөрөлдөн бага хүүтэй, урт хугацаатай зээлийг авахаар болсон байгаа.
БОЭТ-ийн ажилчдын ур чадвар, боловсон хүчний нөөц хангалттай ч орон байрны хүрэлцээ муутай, тоног төхөөрөмжийн хувьд хуучирсан байна. Өнөөдөр рентгений эмч 6-7 хүн үзэх ёстой атал хорь гаруй хүн үзэх жишээтэй. Хүнд сурталтай холбоогүй тоног төхөөрөмж, орон байрны асуудал л чирэгдүүлж байгаа нь харагдаж байна. БОЭТ-ийн стандартад нийцсэн барилгатай болсноор тоног төхөөрөмж, боловсон хүчний асуудлыг шийдвэрлэх шаардлагатай юм байна гэж Д.Батцогт гишүүн бид хоёр анхаарал тавьж байгаа. Манай БОЭТ нэг аймагт зориулсан орон байртай, тоног төхөөрөмжтэй ч бүсийн оношлогооны төв гэсэн томдсон малгайтай байна. Мөн 2015 онд Дарви, Мөст, Ховд, Эрдэнэбүрэн сумын түргэн тусламжийн асуудлыг шийдвэрлэж, Мөнххайрхан, Булган, Мөст, Цэцэг зэрэг найман сумын түргэн тусламжийн автомашины асуудлыг шийдвэрлүүлнэ.
Тухайн үед Хөшөөтийн уурхайд Улаанбаатар хот, БНХАУ-аас нүүрс тээвэрлэхээр тээвэрчид ирсэн байсныг эсэргүүцэн Ховд аймгийн тээвэрчдийг нэгтгэн “Цаст алтайн жинчид” компанийг байгуулж, орон нутгийн тээвэрчдийг ажилтай болгож байсан. Гэвч өнөөдөр орон нутгийн тээвэрчид маань үл ойлголцох байдалд хүрчихсэн байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Мөн Хөшөөтийн уурхайд ажиллаж байгаа ажилчид сүүлийн гурван сар цалингаа авч чадаагүй гэх мэтээр асуудлууд үүсч байна. МоЭнКо компани, Ховд аймагтай байгуулсан гэрээний хэрэгжилтийн талаар танд ямар мэдээлэл байна?
- Би анхнаасаа Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулахын эсрэг байр суурьтай байсан. Хөшөөтийн уурхайн зардал нь Ховдчуудын орлого болох ёстой гэсэн байр суурь дээр зогсож байсан. Тухайлбал, мах, хүнсний ногоо, зөөлөн эдлэл, тээвэр, сэлбэг материал гэх мэтийг орон нутгийн иргэд, аж ахуй нэгжээр нийлүүлүүлэх юм л даа. 2010 онд Улаанбаатар хотоос Туушин, Геотранс, БНХАУ-ын компаниуд тээвэр хийхээр ирсэн байсныг орон нутгийн тээвэрчид эсэргүүцэж, намайг тээвэрчдийн холбооны тэргүүнээр сонгосон. Тээвэрчдийг нэгтгэж Цаст алтайн жинчид ХХК-ийг байгуулан тээвэр хийдэг болж, гаднаас ирсэн компани бүгд буцаад явсан. Тээвэрчид маань ханшаа унагаадаг, биенээ гадуурхдаг асуудлуудыг хоёр өдөр дараалан уулзаж, асуудлыг нааштайгаар шийдвэрлэхээр зорьж байна. Хөшөөтийн уурхай тээвэрчдийг хооронд нь өрсөлдүүлж, хураамж авч байгаа, үнийг нь унагадаг асуудалд анхаарлаа хандуулна. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ уначихлаа. Үүнээс үүдээд олон асуудал урган гарч байна. УИХ-ын гишүүний хувиар, Ховд аймгийн Тээвэрчдийн холбооны тэргүүний хувиар харилцан ашигтай ажиллах талаар ярилцана гэж бодож байгаа. Ховд аймаг, МоЭнКо ХХК-ийн хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийн талаар надад мэдээлэл байхгүй байна. Гэхдээ энэ тал дээр анхаарах шаардлагатай юм байна.
-
2008-2012 онуудад бүтээн байгуулалтын ажлууд багагүй хийгдсэн. Гэвч өнөөдөр хөрөнгө оруулалт багасч, томоохон бүтээн байгуулалтууд царцсан байгаа. Энэ жил томоохон бүтээн байгуулалтын ямар асуудал шийдэгдэхээр байна?
- 2008-2012 он хүртэл томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн. Тухайлбал, Улаанбаатар хотын чиглэлд 200 км хатуу хучилттай зам, Дулааны станц, Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн, аймгийн төвийн гэрэлтүүлэг, замууд, сумдад баригдсан цэцэрлэг, сургуулийг нэгтгээд дүгнээд үзвэл маш их хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн байна. 2012 оноос хойш төсвийн орлого буурснаар хөрөнгө оруулалт багасснаар мөн онд эхэлсэн олон ажил зогссон байсан. Энэ жил Хөгжлийн банкны санхүүжилтээр Цэцэг, Мөнххайрхан, Дуут сумын 2012 онд эхэлсэн нутгийн удирдлагын ордон ашиглалтанд орно. 1-р сургууль, Үенч сумын сургуулийн өргөтгөл ашиглалтанд орно. Булган суманд эмнэлэг, цэцэрлэг барина, Чандмань, Мөст сумын сургуулийн дотуур байр, Үенч, Манхан сумын соёл спортын цогцолбор, Мянгад сумын Сар хайрханы гүүрийн чиглэлийн замын ажил, Ховд, Мөнххайрхан, Чандмань, Мөст, Манхан, Эрдэнэбүрэн, Мянгад сумын төвийн тохижилтын ажил хийгдэхээр болсон байгаа. Эдгээр ажлууд улсын төсвийн болон Хөгжлийн банкны 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэ онд хийгдэнэ.
Бүсийн нэмэгдлийг баруун бүсийнхэн хүлээж байгаа. Энэ хуулийн төслийг дахин өргөн барих гэж байгаа тухай сонссон. Энэ талаар?
Бүсийн нэмэглийн тухай хуулийг 2011 онд өргөн бариад хэлэлцэгдэлгүй таван жил орчим хугацаа өнгөрч байна. Энэ хуулийг хэлэлцээч гэсэн шаардлагыг тавьж байсан. Өмнө нь өргөн барьж байсан хуулинд төрийн албан хаагчдын цалинг алслагдсан бүс нутагт 10 хувь нэмэх тухай тусгасан ч бусад хүмүүс нь хэрхэн хамрагдах вэ гэдгийг орхигдуулсан дутагдалтай тал байсан. Хууль нь зөвхөн төрийн албан хаагчид руу чиглэж, хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүсийг орхигдуулсан байсан.
Одоо өргөн барих гэж буй хууль бол алслагдсан бүс нутаг ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгох, мөн аж ахуй нэгжүүдийн татварыг 1 хувь болгох заалт оруулсан. Өнөөдөр Улаанбаатар хотод 1квт цахилгаан 60 төгрөг, Ховдод 96 төгрөг байна. Улсын хэмжээнд шатахуун, эрчим хүчийг нэг үнэ тарифтай байлгах хэрэгтэй байна. Энэ бол бүсийн нэмэгдлийн нэг хэлбэр, нөгөө нь албан татварын хувийг бууруулах юм.