Чухал хуулийн төслүүдийн бэлтгэл ажлыг хангаж байна
Хуульзүйн байнгын хороо
2015.07.21

Чухал хуулийн төслүүдийн бэлтгэл ажлыг хангаж байна

Хаврын чуулганы хугацаанд Хуульзүйн байнгын хороо 19 удаа хуралдаж, 85 асуудлыг хэлэлцсэн бөгөөд 64 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 13 тогтоолын төслийг  хэлэлцэн, 37 санал, дүгнэлт, 8 танилцуулга, зарчмын зөрүүтэй 317 саналын томьёоллыг бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ.

Мөн байнгын хорооны тогтоолоор 16 ажлын хэсэг байгуулагдан 53 удаа хуралдаж, хууль, тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэх үүрэгтэйгээр ажилласан байна. Тайлант хугацаанд иргэдээс ирүүлсэн 38 өргөдөл, гомдол болон байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 190 албан бичиг, санал хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, хариуг хугацаанд нь өгч байжээ.
Байнгын хороо бие даасан 6 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 19 хууль, хүчингүй болсонд тооцуулах тухай 7 хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг  тус тус хэлэлцэн, нэгдсэн хуралдаанаар батлуулсан байна.

Тэгвэл чуулганы завсарлагааны хугацаанд нэлээд хэд хэдэн чухал хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр төлөвлөсөн байна. 

Чуулганы завсарлагааны хугацаанд,
- Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төсөл,
- Зөрчлийн тухай хуулийн төсөл, 
-Өршөөлийн тухай хуулийн төсөл, 
-Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, 
-Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, 
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, 
- Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, 
- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, 
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, 
- Казиногийн тухай хуулийн төсөл, 
- Галт зэвсгийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл, 
- Өмгөөллийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл,
- Дотоодын цэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах бэлтгэл ажлыг хангаж, холбогдох ажлын хэсгийг хуралдуулахаар төлөвлөжээ