Ээлжит бус чуулган “ээдрээтэй” олон асуудлыг шийднэ
УИХ-ын чуулган
2015.07.17

Ээлжит бус чуулган “ээдрээтэй” олон асуудлыг шийднэ

УИХ-ын ээлжит бус чуулган ирэх сарын 3-нд хуралдана.

Хаврын чуулганаар 33 хууль батлах байсан ч бие даасан хууль 20, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 64, олон улсын гэрээ, конвенци, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 16, хууль, хуулийн хэсэг, зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль 18, Улсын Их Хурлын тогтоол 32, Байнгын хорооны тогтоол 93-ыг хэлэлцэж баталснаар чуулганыг өндөрлүүлсэн.

 Тодруулбал, Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичиг” болон эдийн засаг, нийгэм, эрх зүйн чиглэлийн хууль баталлаа.

 Төрөөс аж үйлдвэр, эрчим хүчний талаар баримтлах бодлого, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиудыг шинээр баталж, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг тодорхойлсон гээд дурьдаж болно.

 Харин хаврын чуулганы хугацаанд хэлэлцэхээр төлөвлөгдсөн Өршөөлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж чадсангүй. Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл өргөн баригдаагүй учраас мөн л хэлэлцээгүй.

 УИХ-ын ээлжит сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдсэн учир Сонгуулийн нэгдсэн хуульдаа яаралтай өөрчлөлт оруулах шаардлага буй. Сонгууль болохоос зургаан сарын өмнө батлах хуулийн заалттай. Гэтэл уг хуулийг батлахаас өмнө “эцэг” хуульдаа гар хүрэх ёстой гэж парламент үзэж байгаа юм. Ядаж л Үндсэн хуульд 2000 онд оруулсан дордуулсан долоон өөрчлөлтийг өөрчлөх ёстой гэж үзэх гишүүд олон байгаа. ТиймээсҮндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг ирэх есдүгээр сард ээлжит бус чуулган зарлаж тусгайлан хэлэлцэх нь зүйтэй гэж УИХ-ын дарга үзжээ.

 Үүнээс өмнө буюу наймдугаар сард чуулган мөн ээлжит бусаар хуралдаж Эрүүгийн болон Зөрчлийн тухай, Өршөөлийн тухайЭдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг яаралтай батлах аж. Ардчилсан Нам, МАН-ын хооронд байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-г цуцлахаа АН наадмын өмнө мэдэгдэж, улстөрийн хүрээнд бужигнаан үүсээд байсан. Энэ асуудлаар Ерөнхийлөгч парламентад суудалтай намуудын удирдлагууд болон Ерөнхий сайд, УИХ дахь бүлгийн дарга нартай уулзаж, Засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой явах ёстой, эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд засгийн бүтцэд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэх байр суурь илэрхийлсэн юм. Түүний “мэдэгдлийн” дараа засгийн бүтцэд халаа сэлгээ хийх талаарх яриа намжаад байсан ч АН-ынхан наадмын өмнөхөн өмнөх байр суурь дээрээ бат зогсохоо мэдэгдсэн. Үүнийг УИХ-ын дарга хаврын чуулганыг хааж хэлсэн үгээрээ ч бататгаад байна.

 

Тодруулбал, хоёр намын хооронд байгуулсан гэрээ цуцлагдаж байгаатай холбогдуулан МАН-ын 6 сайдыг чөлөөлж, шинэ сайдуудыг нөхөн томилох асуудлыг шийдвэрлэх зорилгоорирэх сарын 3-нд Улсын Их Хурлын ээлжит бус чуулган зарлахаар болсноо мэдэгдсэн.

 Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх бүрт бүтцийн өөрчлөлт нэрээртөрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлдөг, халдаг буруу жишиг тогтсоноор төрийн албаны дархлаа суларч, боловсон хүчний чадавхи доройтож байгаа учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэхээр болжээ. Засгийн газрын бүтцэд халаа сэлгээ хийж байгаа гол шалтгаан нь МАН төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр хоморголон халж, гэрээнд заасан чухал хууль, тогтоолын төслүүдийг гацаасан гэх тайлбарыг АН хэлж буй. Тиймээс ч Ерөнхийлөгчийг өргөн мэдүүлсэн дээрх хуулийг яаралтай баталснаар засаг солигдох бүрт төрийн албан хаагчид “хөдөлгөөнд” орох байдлыг үгүй хийх юм.

 

Хаваржингаа Оюутолгой, Тавантолгойн асуудлаар маргалдсаар гол хуулиудаа баталж чадаагүй гэх шүүмжлэл хүлээгээд буй парламент ээлжит бусаар хуралдаж, ийн гол хуулиудаа баталж, засгийн бүтцэд ч өөрчлөлт оруулах нь.