Эрүүгийн хуулийн төсөлд өөрчлөлт оруулсан
УИХ дахь Хууль зүйн байнгын хороо хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа.
Тус Байнгын хороо хамгийн их ачаалалтай ажилласан гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат онцолсон юм. Тэд нийт 61 цаг 46 минут хуралдаж, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг гурван өдөр дараалан хэлэлцсэн байна. Хууль зүйн байнгын хороо бие даасан зургаан хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 19, хүчингүй болсонд тооцуулах тухай долоон хуулийг хэлэлцэн батлуулжээ. Үүнээс дараах хуулиудын агуулга, ач холбогдлыг онцлов. .Захиргааны ерөнхий хуулийг баталснаар захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуулийн зохицуулалтад орж, нэгдсэн стандарт, жишигтэй болох юм. Ингэснээр захиргааны байгууллага нээлттэй, ил тод, хариуцлагатай болгох ач холбогдолтой.
Энэ хуулийг баталснаар Монгол Улс Азидаа Захиргааны ерөнхий хуультай хоёр дахь улс болж байгаа аж. .Хууль тогтоомжийн тухай хууль. Энэхүү хуулийг санаачлагчаас хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэн шийдвэрлэх үйл ажиллагааг илүү боловсронгуй болгох талаар нарийн тусгажээ. Мөн хуулийн төсөл боловсруулах ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, баталсан хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, олон нийтэд таниулах, хэрэгжилтийг зохион байгуулах болон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Энэ нь хууль тогтоох ажиллагаанд иргэн, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн хууль болжээ. .Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль энэ оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Учир нь хичээлийн жил эхэлснээс хойшхи хугацаанд хүүхэд зам тээврийн осолд өртөх нь нэмэгддэгтэй холбоотой.
Жилд 600 орчим хүн автын ослын улмаас амь насаа алддагаас 50 нь хүүхэд байгаа юм. Дээрх хуулийг баталж хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг олгох сургалтыг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын үндсэн хөтөлбөрт тусгуулна. Мөн эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болж байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 384 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасна. Давтан үйлдвэл 30 хоног баривчилж, жолооны эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасахаар болжээ. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол 768 мянган төгрөгөөр торгож, 7-30 хоногоор баривчлах шийтгэл оногдуулахаар хуульчилжээ.
.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг УИХ- ын хаврын чуулганаар баталсан. Ингэснээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч болон үл хөдлөх эд хөрөнгөгүй иргэн, хуулийн этгээд хөдлөх хөрөнгөө барьцаалан зээл авах боломжтой болж байна. Хөдлөх хөрөнгөө барьцаалж санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэр олж авах эрхийг нь нээж өгч байгаа нь энэ хуулийн ач холбогдол юм.
Цаашдаа хөдлөх хөрөнгийн барьцааны цахим бүртгэлийн эрх зүйн зохицуулалт бий болгож, барьцаалагч, барьцаалуулагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах юм. Хөдлөх эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, далд эдийн засагт эргэлдэж байгаа хөрөнгийн урсгал ил болно гэж үзжээ. .Галын аюулгүй байдлын тухай хуулийг батлан гаргав. Галын аюулгүй байдлыг хангуулахад төрийн байгууллагаас гадна иргэн, олон нийтийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд хуулийн зорилго оршиж байна. Мөн галын аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа, сургалтыг ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад явуулдаг болно.
Алслагдсан сум, суурин газарт амьдарч байгаа иргэд, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага нь төрийн үйлчилгээ авч чадахгүй байгаа. Тиймээс сум бүр гал түймэр унтраах сайн дурын нэгжтэй байх, гал түймэр унтраах хувийн болон гэрээт ангитай байхаар хуульчилжээ.
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаас дараах зүйлийг тодрууллаа.
-Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн энэ долдугаар сарын 1-нээс хүчингүй болгохоор болсон. Үүний дагуу тойргоор байгуулсан шүүхүүдийг хуучин хэвээр ажиллуулах болсон. Үүнийг хэрхэн шийдсэн бэ?
-Үндсэн хуулийн Цэцийн шүүх бол орон нутгийн засаг захиргааны нэгжээр байгуулах заалтыг зөрчсөн гэж үзсэн. Үүний дагуу тойргийн шүүх Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн гэсэн гурван аймгийн дунд нэг байсан. Үүнийг орон нутгийн засаг захиргаагаар нь нэрлэх болсон. Харин давж заалдах шатны шүүхийн шүүгч хоёр долоо хоногт нэг удаа тухайн аймагт очиж, ирүүлсэн хэрэг маргааныг шийдээд явахаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс журам гарган зохицуулсан.
-Намрын чуулганаар хамгийн түрүүнд хэлэлцүүлэх шаардлагатай ямар хуулийн төсөл байгаа вэ?
-Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль байна. Мөн Эдийн засгийн болон Өршөөлийн тухай хуулийг хэлэлцүүлэхээр Хууль зүйн байнгын хороо ажиллаж байна. Эрүүгийн тухай хууль дээр олон талын байр суурийг сонсч нэлээд ажиллалаа. УИХ-ын чуулган дээр намуудын гаргасан санал, шүүмжилсэн заалтуудыг өөрчилсөн. Тухайлбал, Эрүүгийн хуульд хуулийн этгээдэд ял төлөвлөдөг байхаар тусгасан. Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх 40 орчим заалт байсныг 20-30 болгон багасгалаа. Мөн торгуулийн хэмжээ 13 тэрбум байна гэж Засгийн газраас оруулж ирсэн. Үүнийг 400-800 сая төгрөг болголоо.
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар явган зорчигч гарцгүй газраар зам хөндлөн гарвал торгох заалт орсон. Явган зорчигчийн хэн, яаж торгох вэ?
-Авто тээвэртэй холбоотой бүх хэргийг мэдээллийн санд бүртгэж байгаа. Хэн, хаана осол гаргав гэдгийг мэдээллийн санд бүртгэх юм. Явган зорчигч гарцгүй газраар зам гарвал 9600 төгрөгөөр торгох заалт орсон байгаа. Үүнийг нийслэлд цагдаагийн алба хаагчид гүйцэтгэнэ. Харин орон нутаг Засаг дарга нь зохион байгуулж ажиллах юм.
-Хаврын чуулганы төгсгөлд Хууль зүйн байнгын хороо ирц дутуу байхад хуралдаж, хуулийн төсөл хэлэлцсэн гэх шүүмжлэлд өртсөн. Ирц хүрээгүй байхад хуралдсан асуудлыг дахин хэлэлцэх үү?
-Байнгын хороо хуульд заасны дагуу хуралдаж, асуудлаа хэлэлцсэн. Хэлэлцэж байгаа асуудалд зарим гишүүн санал нийлэхгүй байж болно. Тэд горимын санал гаргаж цөөнх болж болно. Байнгын хорооны хурал анх хурал эхлэхэд байсан ирцээр цааш үргэлжилдэг. Санал хураалгасны дараа картаа сугалж болохгүй, УИХ-ын гишүүд хүүхэд биш асуудлаа шийдээд явах ёстой. Цөөнх болсон зарчмын зөрүүтэй санал гаргалаа гэхэд хурал хаяж биш УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, шийдүүлээд явдаг журамтай.