340 сая төгрөгийн өмч хөрөнгийг үерийн аюулаас хамгааллаа
Онцгой байдлын Ерөнхий газар
2015.07.21

340 сая төгрөгийн өмч хөрөнгийг үерийн аюулаас хамгааллаа

Ойрын өдрүүдэд усархаг бороо орж зарим голын түвшин нэмэгдээд байгаа. Уржигдрын байдлаар 03.00-05.00 цагийн хооронд нийслэлд усархаг бороо орж, Төв аймгийн  Эрдэнэ сум Сонгинохайрхан, Хан-Уул дүүргээс өгсөн дуудлагын дагуу Онцгой байдлын газрынхан шуурхай ажиллаж, иргэдийн амь нас, өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 7, 22 дугаар хороонд гудамж, талбай, айлын хашаа, амины байшин усанд автжээ. Онцгой байдлын газрын 51 албан хаагч есөн автомашин техник

хэрэгсэлтэйгээр 32 иргэнийг аюулгүй газарт гаргаж, 340 сая төгрөгийн өмч хөрөнгийг үерийн аюулаас хамгаалсан байна. Хан-Уул дүүрэгт усанд автсан байсан айлыг нүүлгэн, их хэмжээгээр ус тогтсон байсныг соруулан авч иргэдийн аюулгүй байдлыг     хангажээ. Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах “Мандал” амралтын гэр, иргэн С-ийн гурван гэр үерт автсан байсныг аюулгүй       газар нүүлгэн шилжүүлжээ. Хот хүрээгээ тэлэхийн зэрэгцээ хөдөө орон нутгаас шилжин ирж байгаа айл өрхүүд үерийн аман дээр буух нь ихэссэн. Баянзүрх дүүрэгт Дарь-Эхийн рашааны эх хэсэгт 64 хашааны 120 айл, XXI

хорооны нутаг дэвсгэрт 32 айл, Сонгинохайрхан дүүрэгт 12 хорооны нутаг дэвсгэрт 940 айл гээд нийслэлд нийт 2600 айл өрх үерийн аюултай газарт амьдарч байна гэж онцгой байдлын албанаас мэдээллэв.

Улаанбаатар хотод Богдхан, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан уулын дунд, тэдгээрээс эх авсан гол горхины 25 томоохон хуурай сайр байдаг төдийгүй Туул, Улиастай, Толгойтын голын бэлчир үерийн өндөр эрсдэлтэй бүсэд багтдаг.

Нийслэлийн Онцгой байдлын газраас жил бүр айл өрхүүдэд үерийн амыг чөлөөлж, нүүх шаардлага тавьж, шаардах бичиг хүргүүлдэг ч олонхи нь суурьшсан хэвээр байна. Нийслэлийн Засаг даргын шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай захирамжийн хүрээнд өнгөрсөн тавдугаар сараас үерийн аман дээр буусан айл өрхийн судалгаа гаргах, нүүх шаардлага хүргүүлэх инженерийн байгууламжуудыг цэвэрлэх, засаж сэргээх ажил хийгээд байна. Өчигдөр үдээс хойш их хэмжээний бороо нийслэлд орж, хотын төвийн зам, гудамж талбайд их ус тогтсон. Усархаг борооны улмаас нийслэлд хүний амь нас эрсдээгүй гэж Онцгой байдлын газрын шуурхай удирдлагын жижүүр мэдээллээ.