Төв аймгийн Жаргалант чиглэлийн 24.7 км, Борнуур чиглэлийн 7.4 км авто замын ажлыг эхлүүллээ
УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд М.Энхболд
2012.05.15

Төв аймгийн Жаргалант чиглэлийн 24.7 км, Борнуур чиглэлийн 7.4 км авто замын ажлыг эхлүүллээ

Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах, бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төслийн хүрээнд Азийн автозамын АН-3 чиглэл буюу Улаанбаатар-Дархан-Алтанбулаг чиглэлийн замаас салаалан Төв аймгийн Борнуур сум хүртэлх 7.45 км, Жаргалант сум чиглэлийн 24.73 км авто замыг шинэчлэх, төв замтай холбох замын ажил албан ёсоор эхэллээ.

 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдөр болсон замын нээлтэд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Дондог, С.Батболд тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцлоо. Нийслэлийн иргэдийн хүнсний ногоо, сүү сүү бүтээгдэхүүний тодорхой хувийг дангаараа хангаж байдаг дээрх 2 сум ирэх 10 дугаар сар гэхэд хатуу хучилттай автозамаар Улаанбаатар хоттой холбогдох юм.

 Дээрх 2 чиглэлийн авто замын ажлыг ХБНГУ-ын сэргээн босголтын банкны зээлийн хөрөнгөөр шийдвэрлэж байгаа бөгөөд  “КТК” ХХК, “Анандын зам” ХХК-ууд түншилж замын ажлыг гүйцэтгэхээр болжээ.

 Өнөөдрийн байдлаар Төв аймгийн ихэнх сум хатуу хучилттай авто замтай холбогдсон боловч Жаргалант, Борнуур сумын хувьд хуучин зам нь муудаж, олон жилийн турш засвар үйлчилгээ хийгдээгүй тул машин явахад хүндрэл үүсээд байсан юм.

 Замын нээлтийн ажиллагаанд оролцох үеэрээ Авто замын газрын дарга Б.Энхтөр хэлсэн үгэндээ: Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн олон жилийн хөөцөлдлөгөөний үр дүнд өнөөдрийн нээлтийн ажиллагаа эхэлж байна. Аймгийн төвийг улсын нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох асуудал яригдаж байгаа энэ үед Төв аймагчууд сумын төвөө төв замтай холбох ажлыг хийлгэж чадлаа гэсэн юм.

 Дашрамд дурдахад Төв аймагт энэ жил дээрх 2 автозамын ажлаас гадна Батсүмбэр чиглэлийн 43,4 км, Налайх- Зуунмод чиглэлийн 25 км автозам шинээр барих ажлууд нэгэнт эхэлжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.