Усанд осолдсон иргэдийг эрэн хайж байна
2015.07.23

Усанд осолдсон иргэдийг эрэн хайж байна

Ойрын өдрүүдэд гол мөрний усны түвшин нэмэгдэж, үертэй байгаагаас усанд осолдож амиа алдах тохиолдол ихээр гарч байна. Онцгой байдлын ерөнхий газар ус мөрөнд осолдсон гурван хүнийг эрэн хайх ажиллагаа өрнүүлж байгаа талаар мэдээллээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Дэлгэр мөрөнд найман настай хүү живсэн тухай дуудлага долоодугаар сарын 16-ны өдөр аймгийн Онцгой байдлын газар ирсэн бөгөөд өдгөө  Онцгой байдлын болон орон нутгийн нийт 17 хүн эрэн хайх аврах ажиллагааг өрнүүлж байна.

Түүнчлэн тус мөрөнд долоодугаар сарын 21-нд живсэн 45 настай эрэгтэйг эрэн хайж байгаа талаар мэдээллээ.

Мөн Завхан аймгийн Тэлмэн сумын тогтсон цөөрмийн усанд 16 настай эрэгтэй живсэн тухай дуудлагыг өчигдөр 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын таван албан хаагч, орон нутгийн таван иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.