Сая долларын жаал буюу Шарлотта гүнж
2015.07.30

Сая долларын жаал буюу Шарлотта гүнж

Ноттингем дэх судалгааны төв бяцхан гүнж Шарлотта хорвоод мэндэлснээр 80 сая фунт стирлинг буюу 121 сая долларыг Их Британий эдийн засагт авчирчээ гэсэн тооцоо гаргажээ. Харин 2013 онд хан хүү Жоржийг мэндлэхэд энэ үзүүлэлт гурав дахин их буюу 368 сая доллар болсон юм. Гэхдээ эдийн засагчид алс хэтдээ Шарлотта гүнж ханхүүгээс ч илүү мөнгийг эдийн засагт оруулна гэж тооцоолж байна.

Жуулчдын урсгал

Лондонгийн захиргааны мэдэгдсэнээр гүнж Шарлотта төрснөөр 2015 онд 32 сая жуулчин ирнэ гэж тооцоолжээ. Хамгийн их орлого олох газар бол зочид буудлууд. Зарим буудлууд шинэ гүнж төрсөн үйл явдалтай холбогдуулан тусгай арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ. Жишээ нь Baglioni London (хоногийн 575-920 фунтын үнэтэй) зочид буудлаас Кенсингтоний ордон руу харсан цонхтой өрөөнөөс гадна ордноор зугаалах үйлчилгээ үзүүлжээ. Харин Mandarin Oriental залуу эхчүүд, хүүхдүүдэд зориулсан фитнесс хөтөлбөр санал болгосон байна.

Нэр

Шинэ гүнжийг хэн гэж нэрлэснийг зарласан даруйд “Шарлотта” гэсэн брэндийн бараанууд зах зээлд дүүрэв. Тухайлбал “Шарлотта” нэртэй  Coca-Cola-гийн ундаа гарч, Hailо таксины компани машинууд дээрээ гүнжийн нэрийг бичиж, PizzaHut сүлжээ Шарлотта нэртэй 100 хүнийг үнэгүй дайлжээ. Yorkshire Tea компани Charlotte’s Tea нэртэй цуглуулгын цай гаргав. Нийт 20 боодол цай үйлдвэрлэснээс нэгийг нь Букингемийн ордон руу илгээж, үлдсэн 19 ширхэгийг тусгай дуудлага худалдаагаар өндөр үнэтэй борлуулжээ. Мөн Birdland амьтны хүрээлэн Хатан хааны оцон шувуунд Шарлотта нэр өгчээ.

Букмекерүүд

Шинэ гүнж төрснийг далимдуулан нэрийг нь таасан хүмүүс багагүй мөнгө олжээ. The Independent сонинд бичсэнээр букмекерүүд гүнжийн нэрийг таасан хүмүүст бараг 1 сая фунт өгчээ. Түүнчлэн британичууд бяцхан охины загалмайлсан эцэг, эх нь хэн болохыг таахаар букмекерүүд дээр очжээ. Хамгийн магадлалтай нь хан хүү Харри, эгч Кэтрин, хан хүү Уильямын найз хөл бөмбөгчин Дэвид Бэкхэм гэж үзэв.

Бэлэг дурсгалын зүйлс

Охины нэрийг зарласнаас хойш 24 цагийн дараа гүнжийн нэртэй олон арван бүтээгдэхүүн зах зээлд гарав. Мянга мянган  сав суулга, хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн, гэр ахуйн дагалдах хэрэгсэл Английн дэлгүүрүүдийн лангуугаар дүүрэв. “Би түрүүлж Шарлотта болсон” гэсэн бичигтэй хүүхдийн хувцас зарсан Notonthehighstreet.com цахим дэлгүүр, анхилуун үнэртэй лаа зарсан Heir & Grace компани, мөн төрөл бүрийн шаазан аяга худалдсан компаниуд хамгийн их ашиг олсон байна.  

Лидия Лейт хэмээх дизайнер бөөлжис хутгахад хэрэглэх “хатан хааны” ангиллын цаасан салфеткийн загвар хүртэл гаргаж Royal Baby Sick Bag гэж нэрлэв.

Тоо баримт: Гүнж төрснөөс хоёр хоногийн дараа жижиглэнгийн худалдааныхан 80 сая фунт стирлингийн ашиг олжээ. Гүнжийг 10 нас хүрэхэд энэ тоо 1 тэрбумд хүрнэ гэж ажиглагчид үзэж байна.

Олонд танилцуулав

Гүнжийг мэндэлснээс 12 цагийн дараа хан хүү Уильям, Кэтрин хоёр охиноо гэгээн Мариягийн сүмийн өмнө цугларсан олонд танилцуулжээ. Гүнжийг Hurt & Son брэндийн одяланд өлгийдсөн байлаа. Энэхүү компани нь 1948 онд хан хүү Чарльзийг мэндлэхэд Елизаветад одяль бэлэглэснээс хойш Хатан хааны удмынханд зориулж өлгий, одяль хийдэг болжээ. Хан хүү Уильям, Харри ч хоёрыг ийм одяланд өлгийдөж байв. Шарлоттаг төрснөөс хойш 7 хоногийн дараа Hurt & Son брэндийн одялын борлуулалт 149 хувиар өсчээ. Энэ одяль нь 97 долларын үнэтэй юм.

Зоос

Гүнж мэндэлсэн баярыг тэмдэглэхийн тулд Хатан хааны зоосны үйлдвэр 13-1800 фунтын үнэтэй дөрвөн төрлийн зоос гаргажээ. Хамгийн үнэтэй нь 39,94 грам 22 каратын алтаар хийсэн таван фунтын зоос юм.

Бэлэг

Америкийн The Natural Sapphire Company шинэ гүнжид зориулж 45 000 долларын үнэтэй тоглоом гаргажээ. Энэ тоглоомыг 18 каратын цагаан алтаар хийж үнэт эрдэнээр чимжээ.