Монгол, Польшийн ХАА-н салбарын харилцааг өргөжүүлэх талаар ярилцав
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
2015.08.01

Монгол, Польшийн ХАА-н салбарын харилцааг өргөжүүлэх талаар ярилцав

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Мишал Лабэндаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Р.Бурмаа ноён Мишал Лабэндад Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдож жуух бичгээ барьсанд нь баяр хүргэлээ.
ХХАА-н сайд Р.Бурмаа хүнсний органик “Монгол брэнд”-ийг бий болгон Европын зах зээлд гаргах, цаашлаад Монголын хөдөө аж ахуйн салбарт Евро стандартыг нэвтрүүлэхэд Польшийн талаас техник туслалцаа авах, туршлага судлах хүсэлтэй байгаагаа Элчин сайд Мишиал Лабэндад илэрхийллээ. Үүнээс гадна Европын холбооны тарифын хөнгөлөлтийн системийн хүрээнд манай орон 7200 нэр төрлийн бүтээгдэхүүн экспортлох нөөц бололцоог ашиглахын тулд мах, чацаргана зэрэг онцлог бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин, стандартыг сайжруулах, ингэхийн тулд Евро стандарт бүхий техник, технологи дамжуулах зайлшгүй шаардлага байгааг ч тэмдэглэсэн юм. 
Элчин сайд ноён Мишал Лабэнда томилогдон ажиллах хугацаандаа хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны хөгжилд дорвитой хувь нэмэр оруулан ажиллахаа илэрхийллээ. 
Талууд цаашид Польш улсын Засгийн газрын 50 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд тус улсын хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцлөөр авах, манай оронд хамтарсан үйлдвэр барих боломжийг судлах болон хөдөө аж ахуйн аялал жуулчлалыг хөгжүүлэх, монголын малын бүртгэлжүүлэлтийн тогтолцоог сайжруулах гэсэн чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлан ажиллахаар тохиролцов.