Нийгэмд хүлээлт үүсгэсэн хуулиудаа энэ 14 хоногийн хугацаанд яаралтай хэлэлцэн батлах ёстой
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
2015.08.04

Нийгэмд хүлээлт үүсгэсэн хуулиудаа энэ 14 хоногийн хугацаанд яаралтай хэлэлцэн батлах ёстой

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай ярилцлаа.

-Ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Гэвч МАН-ынхан суусангүй. АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын хэлснээр чуулганы хуралдаан Ардын намгүйгээр үргэлжлэх бололтой?

-МАН-ын байр суурь ямар байгааг хэлж мэдэхгүй. УИХ-ын даргын гаргасан захирамжийн дагуу ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна. Өнөө өглөө(өчигдөр) гишүүдийн 58.3 хувийн ирцтэйгээр нээлтээ хийлээ л дээ. Ардын намын бүлгээс нэг ч хүн үзэгдсэнгүй. Чуулган бол хуулийнхаа хүрээнд нээлтээ хийсэн. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл гэж байдаг. Байнгын хороо, УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нараас бүрдсэн тус зөвлөл энэ долоо хоногт ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудаа баталчихсан байгаа.

Нийгэмд хүлээлт үүсгэсэн Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн  эцсийн хэлэлцүүлэг, Галт  зэвсгийн тухай хуулийн эхний хэлэлцүүлгийг өрнүүлнэ. Мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийнтухай хуулийн хэлэлцэх эсэхийг шийдээд явна. Маргааш(өнөөдөр) Хууль зүйн байнгын хороо хуралдах юм. Манай байнгын хороо УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэж, захирамжид заасны дагуу дөрвөн хуулийн төслийг хэлэлцэнэ. Эрүүгийн, Зөрчлийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дуусгана. Галт зэвсгийн хуулийн эхний хэлэлцүүлгийг явуулж, Өршөөлийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг шийднэ.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль бол Эдийн засгийн байнгын хороогоор явна. Дээрх нэр Дурдсан хуулиуд нийгэмд хүлээлт үүсгэсэн болохоор яаралтай хэлэлцэх ёстой. Мэдээж УИХ-ын гол ажил бол хууль тогтоох ажил юм. Үүнийхээ дагуу Хууль зүйн байнгын хороо хуулийнхаа дагуу хууль тогтоох үйл ажиллагаа явуулах ёстой. УИХ-д 76 хууль тогтоогч байдаг. Харин манай байнгын хороонд нам эвслийн бүлгүүдээс оролцсон 19 хууль тогтоогч ажилладаг.

-Хэрэв МАН ээлжит бус чуулганд оролцохгүй гэвэл байнгын хороонд ч суухгүй байж таарна. Тэгэхээр гол хуулийн төслүүд цааш саадгүй явж чадах уу?

-Ер нь хуулийн төслүүд шат дамжлагаараа явсан. Эрүүгийн хууль болон Зөрчлийн хууль дээр ажлын хэсэг байгуулагдаад явсан байгаа. Хуулийнхаа дагуу тав хоногийн завсарлагаа авчихсан. Тухайн төсөл дээр нэг л удаа завсарЛага авдаг хуультай. Өршөөлийн болон Галт зэвсгийн тухай хуульд завсарлага авах нь нээлттэй.

Мэдээж хэрэг аль болох Ардын нам орж ирээд ажиллавал сайн. Цаг хугацаа бол хүлээхгүй. Ард түмэн биднийг хийх ажлаа хийхийг шаардаж, хүлээж байгаа. Харин Ардын намын нөхдүүд цалингаа аваад явж байгаа. Хуулийнхаа дагуу завсарлагаа авсан. Хууль дүрэмгүй оронд амьдарч байгаа юм шиг ингэж болохгүй л дээ. Ер нь ямар нэгэн улс төрийн нөхцөл ч юм уу, шоу хийгээд байдаг цаг хугацаа заримд нь байдаг л байх. Гэхдээ улс орны эрх ашиг шаардсан, хүлээлт үүсгэсэн ийм асуудалд хууль тогтоогчид, тухайн ажиллахаар заасан гишүүд маань Байнгын хороондоо ажиллаад явах ёстой.

Тэрнээс “Би ажиллахгүй, би ирэхгүй” гэдэг юм байхгүй. Хэрэв тийм байсан юм бол УИХ-д сонгогдохоосоо өмнө тэрийгээ хэлээд явах ёстой биз дээ. Бид УИХ-д цалин авч байгаа. УИХ-ын гишүүнээс өөр хүн бол ажил тасалсан гээд хөөгдөнө шүү дээ. Өнөөдөр энэ хүмүүс ухамсар оюунаараа сонгогдсон мандаттай төрийн түшээд. Тиймээс хийх ёстой ажлаа хийгээд явах хэрэгтэй. Тэгэхгүйгээр нэгэнт мэдэгдэл гаргасан бол хэлсэн ярьсандаа хүрдэг байх ёстой.

-Хаврын чуулган завсарлахын өмнөхөн Эрүүгийн хуулиар МАН завсарлага авсан. Тэдний тавьсан шаардлагыг ажлын хэсэг дээр хэрхэн авч хэлэлцсэн юм бэ?

-МАН-ын бүлгээс Эрүүгийн хууль болон Зөрчлийн хууль дээр оруулсан саналуудыг нь хүлээгээд авчихсан. Тухайлбал, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалтыг багасга гэснийг нь багасгасан. Торгуулийн хэмжээг ч багасгасан. Төрийн хөрөнгө мөнгийг завшсан этгээдэд хүлээлгэх хариуцлагыг оруул гэснийг нэмсэн. Тэгэхээр энэ талаар тэдний заасан зүйлүүдийг оруулж ирсэн байгаа.

-УИХ-ын даргыг хууль бус захирамж гаргасан гээд Үндсэн хуулийн цэцэд өгөхөөр болсон гэсэн мэдээлэл байна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд багтдаг Байнгын хорооны даргын хувьд та тайлбар өгөхгүй юу?

-УИХ-ын дарга бол хуулийнхаа хүрээнд захирамж гаргасан. Харин Цэц нь ямар шийдвэр гаргахыг хэлж мэдэхгүй.

-АН-ын бүлэг МАН- ын зургаан сайдыг явуулах асуудалд санал нэгдсэн гэсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танхимынхаа зургаан гишүүний асуудлыг өргөн мэдүүлж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр боллоо. Хэрэв энэ асуудал энэ хоёр долоо хоногийн хугацаанд шийдэгдэхгүй бол дахиад ээлжит бус чуулган зарлах уу?

-Зургаан сайдыг чөлөөлөх асуудал бол төрийн ажил. Хууль номынхоо дагуу явна. Жишээлбэл, Ерөнхий сайд өргөн мэдүүлэх гэж байгаа бол Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой. Тав хоногийн хугацаатай. Тэр хугацаандаа л явж байна. Бүрдэл болбол УИХ-д өргөн бариад УИХ-ын дарга хүлээн аваад хэлэлцэх эсэхээ шийднэ. Асуудлыг УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар оруулаад явдаг л даа. Тэр шугамаар явж байгаа гэж ойлгож болно. Хэрэв энэ 14 хоногтоо өргөн мэдүүлж амжихгүй бол дахиад ээлжит бус чуулган зарлах магадлалтай.

-Ерөнхий сайд намын дарга байх, намын дарга Ерөнхий сайд байх асуудал бас яригдсан. Ерөнхий сайдын зүгээс ҮЗХ-г хуралдуулахыг УИХ-ын даргаас шаардсан. АН-ын УЗХ хуралдах уу?

-Намын дүрмийн дагуу явна. АН-ын дүрэмд "Олонхи болоогүй олон намаас бүрдсэн Засгийн газрын тэргүүн заавал намын дарга байх шаардлагагүй" гэдэг. Тэгэхээр намын дүрмийн хэмжээнд асуудал шийдэгдээд явна.

-Таны ахалдаг Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн төслийн ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Эдгээр хууль нь аж ахуйн нэгжүүдийг, баялаг бүтээгчдийг нэлээд дарамталсан болж гарах гэж байгааг бизнес эрхлэгчид эсэргүүцэж, шаардлага хүргүүлж байсан. Энэ мэтчилэн Эрүүгийн хуулийн ээдрээтэй асуудлуудыг ажлын хэсэг авч хэлэлцэв үү?

-Тэр шаардлагуудыг бүгдийг нь хүлээж аваад хуульд тусгасан байгаа. Өнөөдөр хуулийн төслийг болохгүй байна гэж байгаа нэг ч аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага алга. Тэд бүгд энэ хуулийг гаргах шаардлагатай гэж байна. 2002 онд батлагдсан хууль тэр болгон зохицуулж чадахгүй байгааг хэлдэг. Тухайлбал, энэ хууль батлагдсанаар гэмт хэрэг багасах ёстой. Амгалан тайван байдал, нийгмийн харилцааг зохицуулахад маш их шаардлагатай. Өнөөгийн нийгэмд шаардаж байгаа хууль болчихоод байна л даа. Үүнийг Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын чуулган батлаасай гэж хүлээж байна. Түүний төлөө ээлжит бус чуулган зарласан. Ганц сайд нарын асуудал ярих гээгүй. Өнөөдөр тэр бүрдэл нь болоогүй учраас хойшилж байх шиг байна.

-Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд хэвлэлийн эрх чөлөөнд халдсан, боомилсон заалтууд тусгагдсан байсан. Тэдгээр заалтуудад ажлын хэсэг байр сууриа хэрхэн нэгтгэсэн бэ?

-Энэ тухай ч ажлын хэсэг дээр ярьсан. Тухайлбал, Олон улсын конвенцид сэтгүүлчдэд эрүү үүсгэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд нь халдахыг хориглосон заалтууд бий. Тэрийг шинэ эрүүгийн хуульд тусгасан байгаа. Үнэхээр гүтгэх буруу зөрүү зүйл нийтэлсэнбол Зөрчлийн хуулиар шийтгэхээр явж байна. Энэ хууль гарснаар нөхцөл байдал хамаагүй дээрдэнэ.

-Өршөөлийн хуулийг баталснаар цагаан захтнуудыг, авлигачдыг гэмт хэргээс хэлтрүүлэх нь гэсэн шүүмжлэл дагуулдаг. Энэ хууль ямар эерэг үр дүн авчрах вэ?

-Мэдээж гарах ёстой хуулийн нэг бол энэ. Гэхдээ албан тушаалтанд зориулж гарч болохгүй. Ялангуяа УИХ- ын 76-д зориулагдсан байж болохгүй. Ардчилсан төр бол хүнлэг энэрэнгүй нийгмийг байгуулж байгаа. Иргэдээ өршөөдөг, аж ахуйн нэгжүүдийг уучилдаг. Тухайн нөхцөлд хүмүүс ямар ч байсан байж болно. Бүгд хуулийн хүрээнд байх ёстой. 2002 онд баталсан Эрүүгийн хуулиар давтан гэмт хэрэг үйлдсэн хүнийг шоронд суулгана гэсэн заалттай.

Өнөөдрийн нөхцөл байдалд энэ хуулиар бол арван мянган төфөгхулгайлсанхүн дараань дахиад өбр төрлийн гэмт хэрэг үйлдчихсэн байхад жирэмсэн эмэгтэй ч бай, хүүхэд ч бай таарсан ялаа эдлэх биш 10,20 жилийн ял авч байгаа юм. Энэ хүмүүсийг залруулах ёстой. Өнөөдөр Монголын шоронд найман мянган хоригдол байна. Халуун дулааны улиралд дүүрчихсэн байгаа энэ хүнд нөхцөлд Өршөөлийн хууль гарснаар ялтнуудын тоо 20-30 хувиар багасах ёстой. Өршөөл уучлап үзүүлээд явах ёстой. Тодорхой хэмжээнд цаг хугацаа нь болсон. Хуулийнхаа дагуу ч хийх хэрэгтэй. Тэд дандаа л хүнд гэмт хэрэг хийсэн улс биш шүү дээ. Зохих хэмжээний ялаа эдэлчихсэн байдаг. Мэдээж үйлдсэн гэмт хэрэг нь эдэлсэн ялын хугацаанд нь таарсан байвал хөнгөлөх ёстой. Энэ хууль амгалан тайван нийгмийн харилцааг зохицуулахад хэрэгтэй.

-Татварын ерөнхий хуулийн 73-т зааснаар акт тогтоосон аж ахуйн нэгжүүдийг Өршөөлийн хуульд яагаад хамруулаагүй юм бэ?

-Өршөөлийн хуулийн хэлэлцэх эсэхийг шийдээгүй байна. Байнгын хороогоор шийднэ. Мэдээж чамбай хууль гаргахын тулд хэлэлцүүлгийн явцад сайжраад явна.

-Галт зэвсгийн тухай хуулийн төслийг яагаад яаралтай хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн юм бол?

-Ирэх онд олимп болох гэж байна. Манай тамирчид гадагшаа тэмцээн уралдаанд явахдаа буу зэвсгээ авч явах шаардлагатай байдаг. Үүнээс болж хил, гаалиар тамирчдад хүндрэл учирдаг. Тиймээс олимпоос өмнө энэ хуулийг баталж, хэрэгжүүлэх нь чухал. Түүнчлэн ан амьтан агнахад олон үсэрдэг байлдааны зориулалттай буу ашигладаг гэж яригдаж байгаа. Галт зэвсгийн тухай хууль хүлээгдсэнээс энэ зэрэг асуудлууд үүсдэг. Тиймээс хуулиар зохицуулах хэрэгтэй.