Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо
2015.08.04

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

 Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2015 оны ээлжит бус чуулганы анхны хуралдаан өнөөдөр /2015.08.04/ үдээс өмнө 52.6 хувийн ирцтэй эхэлж, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулав.

Уг хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд төслийг хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд зарчмын зөрүүтэй зарим асуудлаар төслийг хэлэлцэх боломжгүй гэсэн үндэслэлээр Засгийн газарт буцаасан тул уг хуулийн төслийг дахин боловсруулан өргөн барьсан байна.

Энэхүү хуулийн төсөлд татвар, нийгмийн даатгалаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэл, нягтлан бодох бүртгэлийн асуудлыг тусгаж, урьд гарч байсан хуулиудаас илүү өргөн хүрээг хамарсан зохицуулалт оруулж, үүний үр дүнд эдийн засгийн ил тод байдлыг бүрдүүлэх нэг удаагийн журмыг тодорхойлжээ.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг баталж хэрэгжүүлсний үр дүнд  илрээгүй байсан орлого, хөрөнгө ил гарч, тэдгээрийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулж, цаашид хууль тогтоомжийн дагуу татвар ногдох боломжтой болж, татварын суурь өргөсөх, санхүүгийн болон татварын хуурамч тайлангуудыг аливаа хүү, торгуульгүйгээр залруулж, зөв гольдрилд оруулах чиглэлээр бодитой үр дүн гарна хэмээн төлөвлөж байгаа аж.  

 

Хуулийн төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн тодруулга хийв. Тэрээр, хуулийн төсөлтэй холбогдсон маргаантай зарим асуудлууд бий. Эдийн засгийн хямралтай үед нуун дарагдуулсан орлогыг ил болгох туршлага зарим орнуудад байдаг хэдий ч стратегийн томоохон ордууд, нийт борлуулалтын орлогынхоо тавхан хувийг үлдээхээр гэрээ хийсэн компаниудыг энэ хуулиас тусад нь авч үзэх хэрэгтэй. Зах зээлийн шилжилтийн үеэр ямар нэг хэлбэрээр эрх зүйн орчин, эдийн засгийн тогтолцоо боловсронгуй бус байсантай холбогдуулаад далд хэлбэрээр мөнгөө байршуулсан тохиолдлуудыг үгүйсгэхгүй байна. Тиймээс дээрх жишээнүүдийг ялгавартайгаар авч үзэх бололцоо бий эсэх талаар тодруулсан.

 Түүний асуултад Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Улсын Их Хурлаар баталж, Засгийн газартай байгуулсан гэрээгээр зохицуулагдсан томоохон ААН-үүдтэй байгуулсан гэрээнд Монгол Улсад эрх зүйн нөхцөл сайжирсан тохиолдолд үйлчилж байхаар, сөрөг хууль гарсан тохиолдолд хүлээж авахгүй байхаар байдлыг тогтворжуулсан заалт орсон байгаа учраас ялгавартайгаар авч үзэх боломжгүй, бусад ААН-үүдийн адилаар хөнгөлөлт эдлээд явна хэмээн хариулсан.

Танилцуулгатай холбогдуулан өөр асуулт асуух гишүүн гараагүй тул хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэнээр уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.

 Хуралдааны төгсгөлд Монгол Улсын төсвийн 2008-2014 онуудын хөрөнгө оруулалтад тусган бүрэн хэрэгжүүлж дууссан, гэрээний үлдэгдэл санхүүжилт бүхий векселиэр санхүүжүүлэх төсөл арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн байдлыг шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах байнгын хорооны тогтоолыг мөн баталлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.