Хаврын чуулганы эхэнд Сонгуулийн хуулийг хэлэлцэнэ
УИХ-ын дэд дарга Н.Энхболд хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын тухай хуульд заасны дагуу чуулган эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө Их Хурлын дарга хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон захирамж гаргадаг хуультай юм. Хуулийн дагуу Д.Дэмбэрэл дарга Бүгд найрамдах Уганда Улсад болох ОУПХ-ны хуралд явахаасаа өмнө захирамж гаргасныг тэрбээр танилцууллаа. Хаврын чуулганаар нийт 11 асуудал хэлэлцэхээр тогтжээ. Шаардлагатай асуудлуудыг жич хэлэлцэх юм байна. Хамгийн эхний асуудал нь Байгаль орчныг хамгаалах багц хуулийн төсөл аж. Багц хуулийн хүрээнд нийт 10 хууль багтсан бөгөөд хуулийг хэлэлцэхэд бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Гансүхээр ахлуулан 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.
Чуулганаар мөн Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Инновацийн тухай хуулийн төсөл, Төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай баримт бичиг, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгуудыг тус тус хэлэлцэх юм байна. Түүнчлэн хуульд хугацаа заасан зайлшгүй хэлэлцэх асуудлууд болох Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн байдлын талаарх мэдээлэл, УИХ-ын сонгууль товлон зарлах тухай тогтоол, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, Эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын нэгдсэн тайлан батлах тухай гэсэн тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм байна. Бусад асуудал байнгын хороонд хэлэлцүүлэг нь батлагдсан тохиолдолд бэлтгэл хангагдвал хэлэлцэгдээд явах аж. Одоогоор УИХ-д өргөн баригдсан 65 хуулийн төсөл бий. Үүнээс 41-ийг нь хэлэлцээд эхэлчихсэн, эцсийн хэлэлцүүлгийн шатанд байгаа гэв.
Гишүүд орон нутаг, тойрогтоо ажиллаж дууссан. Өнөөдрийн байдлаар ирц. 70 хувьтай байна. Чуулганыг дөрөвдүгээр сарын тавны 11.00 цагаас албан ёсоор нээхэд ирц 92 хувьтай байх төлөвлөгөө гарлаа. Мөн маргаашаас эхлэн зарим байнгын хороо хуваарийн дагуу хуралдаж эхэлнэ гэсэн мэдээллийг өгөв. Энэ үеэр УИХ-ын дарга Н.Энхболдоос зарим асуултад хариулт авлаа.
-Үндсэн хуулийн цэцээс Сонгуулийн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэж үзсэн учраас Хаврын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх үү?
-Цэцийн дүгнэлтийг хаврын чуулганы эхэнд хэлэлцэнэ. Цэцийн дүгнэлт ирчихсэн. Энэ асуудлыг чуулганаар хэлэлцэхээр хоёр байнгын хороонд чиглэл өгсөн.
-Чуулганаар Орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэх үү?
-Чуулганаар энэ хуулийг заавал хэлэлцэх ёстой. АН-ынхан Сонгуулийн хуулийг хэлэлцэхээр яаж хүлээж авахыг мэдэхгүй. Ээлжит бус чуулганы явцад надад төрсөн сэтгэгдлээр' АН-ын бүлэг хоёр сонгуулийг салгаж явуулахгүй бол тодорхой хүндрэл үүснэ гэдгийг ойлгосон болов уу гэж бодсон. Орон нутгаас намын удирдлагуудаа урьж уулзалт хийхэд хамт явуулна гэсэн байр сууринаас хандсан гэсэн. Тиймээс хүчин төгөлдөр хуулийн дагуу хоёр сонгуулиа зэрэг явуулах нь зүйтэй гэж үзэж байна гэсэн. Заавал ярихгүй бол болохгүй байх. Хуулиудын хооронд зөрүү байгаа учраас хамт явуулах боломжгүй. Тоолох арга, хэрэгсэл гэх мэт олон шалтгаан яригдсан.