Ээлжит бус чуулган хаах тов гараагүй байна
УИХ-ын ээлжит бус чуулган
2015.08.14

Ээлжит бус чуулган хаах тов гараагүй байна

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 3-ны өдөр эхэлсэн. Чуулганыг хуралдуулахдаа наймдугаар сарын  14-ний өдөр буюу өнөөдөр хаахаар товлосон юм. Гэвч өнөөдөр чуулганыг хаах эсэх тов одоогоор огт гараагүй байна.  

УИХ-ын Хэвлэл, мэдээллийн албанаас “Ээлжит бус чуулганыг хуваарийн дагуу өнөөдөр хаана. Гэхдээ одоогоор бидэнд мэдээлсэн зүйл алга” гэсэн хариу өглөө.


ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХЭЭР ТОВЛОСОН АСУУДАЛ:

  • Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах /чөлөөлөх/, томилох тухай асуудал;
  • Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
  • Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
  • Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
  • Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл;
  • Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр заажээ.

ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

  • Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль;
  • Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах /чөлөөлөх/, томилох тухай асуудал;
  • Өршөөлийн тухай хууль;
  • Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хууль;

ХЭЛЭЛЦЭЭГҮЙ ҮЛДСЭН НЬ:

  • Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
  • Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;

Ээлжит бус чуулганаар ийнхүү зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч дөрвийг нь хугацаанд хэлэлцэж, баталлаа. Гэхдээ ээлжит бус чуулган зарлан байж хуралдсан энэ удаагийн хуралдаан араасаа асуудал, маргаан их дагуулж байна.

Ээлжит бус чуулганаар баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Өршөөлийн тухай хуулиудын талаар эсрэг тэсрэг ойлголцол нийгэмд үүсээд байгаагийн дээр Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэсэгчлэн хориг тавьж магадгүй гэсэн таамаг ч бий. Засгийн газрын гишүүдийг томилох асуудал ч бүрэн шийдэгдээгүй хүлээлт үүсгээд буй.

Тиймээс ээлжит бус чуулганыг өнөөдөр хаахгүй гэж хэлж буй эх сурвалж байгаа ч одоогоор чуулган хаагдах эсэх албан ёсны мэдээллийг Тамгын газраас өгөөгүй байна.