Н.Энхболд: Шүүх шийдвэрээ хуулийн дагуу зөв явуулж гаргасан бол маргалдах эрх байхгүй
2012.07.31

Н.Энхболд: Шүүх шийдвэрээ хуулийн дагуу зөв явуулж гаргасан бол маргалдах эрх байхгүй

УИХ дахь МАН-аас сонгогдсон гишүүд өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар ярилцсан асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, хуулиар УИХ-д найм ба түүнээс дээш суудал авсан  бол бүлэг байгуулдаг. Иймээс бүлэг байгуулагдсан гэсэн үг. Манай намаас гурван бүлгийн хэмжээний тоотой гишүүн УИХ-д сонгогдсон . Урьд нь бид АН-ын удирдлага, тэндээс томилогдсон ажлын хэсэгтэй хоёр удаа уулзсан. МАН-д УИХ-ын үйл ажиллагааг гацаагаад байх сонирхол байхгүй. Аливаа асуудлыг эхнээс нь хуулийн дагуу явуулахгүй бол болохгүй гэсэн байр сууринаас хандаж ирсэн.

Ийм учраас АН болон бусад намтай ярьж байгаа зүйл бол УИХ-ын үйл ажиллагааг, тэр дундаа УИХ-ын даргыг сонгох ажиллагааг хуулийн дагуу явуулах ёстой гэсэн байр сууринаас хандаж байгаа. Гэтэл энэ ажил хууль бусаар явагдаж, хуулийн  хоёр заалт зөрчигдсөн. Энэ хуралдааныг насаар хамгийн ахмад гишүүн удирдаж явуулах ёстой. Гэтэл Дэмбэрэл гуай лхагва гарагт хуралдаан зарласан байхад урьд өдөр нь хэн зарласан нь мэдэгдэхгүй хуралдааныг явуулж, дараагийн ахмад гишүүн гэдэг томьёолол гаргаж, Л.Цог гишүүнээр удирдуулж явуулсан нь хуулийн маш тодорхой заалтыг зөрчиж байгаа. Зөвшилцөлтэй холбоотой тодорхой заалт бий.

Зөвшилцөл гэдэг нь нэгэндээ дуулгаад орхих асуудал биш. Албан ёсоор бичгээр өгч, бичгээр авах ёстой гэдэг үүднээс манай нам хандаж ирсэн. Гэтэл зөвшилцөл дуусаагүй байхад чуулганыг үргэлжлүүлж УИХ-ын даргыг сонгосон байна. Парламентат ёсонд цөөнхийн байр суурь нь цөөнхийн цаана байгаа иргэд, сонгогчдын тодорхой хэсгийн хүсэл сонирхлыг илэрхийлж байх хамгийн том зарчим. Тиймээс цөөнх ямар ч хамаагүй, саналыг нь сонсох хэрэггүй,цөөнхийн санал  бидэнд огт падгүй гэдэг байдлаар УИХ-ын үйл ажиллагаанд хандаж болохгүй гэдэг байр сууринаас бид хандаж байгаа юм .Ажлаа эхнээс нь зөв явуулъя гэж байгаа гэлээ.

УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангайгаас УИХ-д сонгогдож, УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ аваад байгаа хоёр нэр дэвшигчийн хувьд шүүхийн шийдвэр гараад байгаа. Харин шүүх хурал харьяаллын бус газар явагдаж, шүүх хурал дэгээ зөрчин ганцхан шүүгч сууж байгаад оролцогч, хариуцагч талыг байлцуулалгүй маш богино хугацаанд шийдсэн нь хууль зүйн хувьд буруу учир засч залруулах хэрэгтэй гэж МАН-ын гишүүд үзэж байгаа ажээ. Тэрбээр шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг оролдох эрх байхгүйн дээр шүүх  шийдвэрээ хуулийн дагуу зөв явуулж гаргасан бол маргалдах эрх байхгүй гэдгийг бүлгийн дарга Н.Энхболд хэллээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.