Өршөөлийн хуулийг наймдугаар сарын 11-нээс дагаж мөрдөнө
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
2015.08.17

Өршөөлийн хуулийг наймдугаар сарын 11-нээс дагаж мөрдөнө

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат УИХ-ын ээлжит бус чуулганаар батлагдсан Өршөөл үзүүлэх хуулийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Юуны өмнө Ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг наймдугаар сарын 11-ны өдөр баталсан гэдгийг тэрбээр онцолсон. Энэ хуулиар 2015 оны долдугаар сарын 2-ны өдрийн 24:00 цагаас өмнө гэмт хэрэг үйлдсэн зарим этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, захиргааны хариуцлага хүлээсэн этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхөөр заажээ. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулиар зарим этгээдийг ял, шийтгэлээс бүрэн өршөөн хэлтрүүлэх, ялаас тодорхой хугацааг өршөөн хасах, хугацааг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох байдлаар өршөөхөөр тусгажээ.
 
Уг хуульд таван зүйлд заасан гэмт хэргийг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээдийн эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг нь хасах юм байна. Үүнд: Нэгдүгээрт, насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах /хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар/ Хоёрдугаарт, биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах /хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар/ Гуравдугаарт, бусдын эд хөрөнгийг хулгайлах /хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар/
Дөрөвтүгээрт, бусдын эд хөрөнгийг булаах/хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар/ Тавдугаарт, танхайрах, /хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар/ гэмт хэрэг багтсан байна.
 
Дээр дурдсан өршөөлд хамрагдахгүй этгээд болон өршөөлөөр эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жил нь хасагдах этгээдээс  бусад, гэмт хэрэг үйлдэж хорихялаар шийтгүүлсэн этгээдийн шүүхээс оногдуулсан болон биечлэ эдэлсэн ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн  үндсэн болон нэмэгдэл ялаас бүрэн өршөөн хэлтрүүлэх юм байна. Түүнчлэн хорихоос өөр төрлийн хөнгөн ял  шийтгүүлсэн этгээдийг  гүйцэтгэгдээгүй ялаас өршөөн хэлтрүүлэх бөгөөд хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг захиргааны шийтгэлээс өршөөн хэлтрүүлэхээр хуульд заажээ. Өршөөлийн тухай хуулийг 2015 оны наймдугаар сарын 11- ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат албан ёсоор хэллээ.
 
Өршөөлийн хуульд гэмт хэрэг үйлдэж цаазаар авах ял шийтгүүлэн, уг ял нь уучлагдан хорих ялаар солигдсон, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон этгээд хамрагдахгүйгээс гадна дараах гэмт хэргийг үйлдсэн этгээд мөн хамрагдахгүй байхаар хаалт хийж хязгаарласан байна.
 
Ийм хэрэг үйлдсэн этгээд өршөөлд хамрагдахгүй.
 

  1. Эх орноосоо урвах,
  2. Тагнуул хийх,
  3. Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах,
  4. Зэвсэгг үймээн дэгдээх,
  5. Хорлон сүйтгэх,
  6. Хорлон саатуулах,
  7. Хүнийг санаатай алах,
  8. Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах,
  9. Хүний цус, эд, эрхтэнг хууль бусаар авах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
  10. Хүн хулгайлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
  11. Хүнийг барьцаалах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
  12. Хүн худалдаалах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
  13. Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
  14. Хүчиндэх -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
  15. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих,
  16. Бусдын эд хөрөнгийг хулгайлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
  17. Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
  18. Зандалчлах –хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
  19. Терроризм,
  20. Терроризмыг санхүүжүүлэх,
  21. Танхайрах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
  22. Тэсэрч дэлбэрэх болон түргэн шатамхай бодисыг агаарын хөлөгт хууль бусаар авч явах,
  23. Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
  24. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
  25. Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх газар зохион байгуулах,
  26. Агаарын хөлөг авч зугтаах,
  27. Илт гэм буруугүй хүнийг сэжигтнээр тооцох, яллагдагчаар татах, ял шийтгэх -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
  28. Эрүү шүүлт тулгах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
  29. Прокурорын  хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн бол хамрагдахгүй.