Улаангомын тэмдэглэл
2015.08.18

Улаангомын тэмдэглэл

Улаангомд намар  цаг хэдийнэ айлсчихаж.  Уулсын оройд будан татсан   намрын хөх өдрүүдэд зах хязгаар нь үл харагдан цэлийх Увс нуур  хөвөө хөл хөдөлгөөнд дарагдан өнжив.

Учир нь баруун таван аймгийн Ардчилсан намын 500 гаруй зочин, төлөөлөгч Увс нуурын хөвөөнөө  чуулж, алдаа оноогоо шүүн хэлэлцлээ.  Энэхүү чуулга уулазлтыг зохион байгуулах болсон зорилго нь “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийн өнгөрсөн гурван жилийн ажлыг дүгнэх, алдаа оноогоо цэгнэх, ололт, амжилтыг нь улам баталгаажуулж, уг хөтөлбөрийг цаашид хэрхэн баяжуулах талаар намын гишүүд, орон нутгийн төлөөлөгчдийн санал, санаачлагыг АН-ын удирдлагууд сонсохыг хүсчээ. 

Улаанбаатарын цагаар 21 цагт Улаангомд газардсан Ардчилсан намын дарга З.Энхболд болон “түүний нөхөд”-ийг увсчууд ёслол төгөлдөр хүлээж авсан.  Хоёр өдөр болсон чуулганд  баруун таван аймгийн Ардчилсан намын гишүүд идэвхтэй оролцож, халун дулаан орчныг бүрдүүлж байв.  Төлөөлөгчдийн байр суурь хандлага, үзэл бодол яриа хөөрөөг сонсчээ суухад арван зургаан оны сонгуульд АН-ынхан баруун таван аймагт ялалт байгуулна гэдэгтээ итгэл төгс байна. Ялангуяа увсчууд.

Ардчилалын 25 жилд анх удаа Увс аймаг цэнхэртэж, Ардчилсан нам аймгийнхаа удирдлагыг гартаа аваад гурван жил өнгөрчээ.  Тус аймагт ардчилал ялснаас хойшхи гурван жилийн хугацаанд 650 айлын орон сууц ашиглалтад орсон байна. Н.Алтанхуягийн олж ирсэн Чингис бондын санхүүжилтээр хэрэгжсэн “Гудамж” төслийн хүрээнд Улаангомын гудамж талбай нь  Улаанбаатарынхаас ялгарах юмгүй гэрэлтэй, бас цэвэрхэн. Н.Алтанхуягийн олж ирсэн мөнгөөр хийгдсэн ажлууд Ардчилсан намын ирэх сонгуулийн “реклам” нь болж байна.  Увс аймаг өнгөрсөн гурван жилд оношилгооны том төвтэй болсноор Улаанбаатарыг зорих хүмүүсийн тоо цөөрсөн байна. Мөн тус аймагт дулааны цахилгаан станц ашиглалтад орчихвол Улаанбаатараас дутахгүй гэж сайрхах нэгэнтээ ч таарлаа.

Увсчуудын амьдрал ахуй ч нэг үеэ бодвол дээшилж байна.  Хашаандаа үхрийн нүд, чацаргана гээд жимс, ногоо багсайтал нь тарьчихсан айл ч олон тааралдав.  Гэхдээ  баруун таван аймагт байнга яригддаг нэг зовлон бол ажилгүйдэл. Ажлын байр ховор байгаагаас  залуус нийслэлийг бараадах нь ихэсч, шилжин суурьшилт ч буурахгүй байгааг албаны хүмүүс хэлж байна. Сургууль соёл бараадсан залуус сум, орон нутагтаа буцаж ирэх нь цөөн хөдөөгийн зовлон энд ч бас байна. 

Хүн, хүний араншин өөр хойно доо, Ардчилсан нам ялснаас хойш аймаг, сум нь жигтэйхэн хөгжиж байгааг магтах нэгэн байхад  ялагдсан үед нь морь, нохой шиг зүтгэж явсан гишүүдээ ялалт байгуулсан хойноо намынхаа байраар ч шагайлгахаа больсон гэх гомдол партизануудынх нь амнаас сонсогдож байна. Гээндээ ч бий, гоондоо ч байдаг биз.

Аймгийн Ардчилсан намын дэд дарга  Г.Эрдэнэбат “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хүрээнд алдаа оноо, амжилт бүтээлээ ярилцсан сургалт семинарыг зохион байгууллаа. Чуулган халуун дулаан уур амьсгал дунд үр бүтээлтэй болж өнгөрлөө” хэмээн чуулга уулзалтыг дүгнэлээ.

Увс аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос аймгийнхаа эмэгтэйчүүд, өндөр настан, залууст зориулж “клуб” байгуулжээ. Эмэгтэйчүүд юмханаар юм хийж, клубээ хөөрхөн тохижуулаад авч. Клубын байраар ороод гарлаа. Эмэгтэйчүүд тэнд амьдрал ахуйн зовлон жаргалаа хуучилж, ажил төрлийн санал, санаачлагаа хуваалцаж байхтай таарав.  Энэ клуб Улаангомын эмэгтэйчүүд, залуус, өндөр настнуудын үзэл бодлоо хуваалцдаг, яриа хөөрөө өрнүүлдэг, стрессээ тайлах орчин бүрдүүлж байгаагаа тус аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Одонтунгалаг ярив.

 

Увс аймгийн эмэгтэйчүүд жимс жимсгэнэ тарих, юм оёх зэргээр жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаагаа ярив. Гэвч тэдэнд нэг зовлон байгаа гэнэ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг төрөөс дэмжинэ гэдэг ч  хөдөөгийн эмэгтэйчүүдийн хувьд өөрийн бизнесээ өргөжүүлэхэд хүндрэлтэй байдаг нэг асуудал нь зээл. Барьцаа хөрөнгө гээд арилжааны банкуудаас тавьсан шаардлагад тэнцдэггүй учраас тэр бүр жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлд хамрагдаж чаддаггүй гэнэ.  Хуучин модон гэр, хашаанаас өөр барьцаа хөрөнгө байхгүй тэд үйлдвэрлэлээ хөгжүүлж, техник, технологи шинээр худалдаж авъя гэхнээ мөнгөгүй. Тиймээс энэ асуудалд төр засаг анхаараад хөдөөгийн иргэдэд үйлдвэрлэл эрхлэх боломжийг бүрдүүлээд өгвөл Улаанбаатарыг зорих нүүдэл ч багасна гэдгийг тэд хэлж байна.

Увсын хүүхнүүд ажилсагаараа алдартай хэмээн Ц.Одонтунгалаг дарга магтаад  аймгийнхаа Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог толгойлж буйн хувьд цаашид юу хийхээр төлөвлөж буйгаа дуулгав. Увс аймгийн Ардчилсан намын эмэгтэйчүүд өнгөрсөн хавар чуулга уулзалтаа зохион байгуулж, НИТХ-ын төлөөлөгч, аймгийнхаа намын ҮЗХ-ны гишүүн Ц.Одонтунгалагийг даргаар нь сонгожээ.  Сонгуульт ажлаа авснаас хойш аймгийнхаа эмэгтэйчүүдийн амьдралыг дээшлүүлэх зорилгоор жижиг, дунд үйлдвэрлэлийн сургалт семинарыг амжилттай зохион байгуулжээ. Эмэгтэй хүнийнхээ хувьд хүүхдийн болон төрөх тасгийг тохижуулахад багагүй анхаарч, 45 ширхэг зөөлөн хэрэгсэлийг иж бүрнээр нь аймгийнхаа хүүхдийн эмнэлэгт хандивласан байна. Мөн төрөх тасгийг тохижуулахад дөрвөн сая төгрөгийн дэмжлэг үзүүлснээ тус холбооны дэд дарга Ж.Даариймаа хэллээ.

Увс нуурын хөвөөнөө болсон баруун бүсийн Ардчилсан намын чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахад Увс аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооныхон тун ч идэвхтэй оролцсон.

Увс аймаг “Гудамж” төслийн хүрээнд төвийн гудамж талбай төдийгүй, гэр хорооллын гудамжаа засмал болгож, өдөр шиг гэрэлтүүлэгтэй болсон Улаангомын үдэш намуухан бас гоёмсог. Урьд нь ийм байсан эсэхийг холын нутгийн  би бээр мэдэхгүй ч увсчууд АН-ын хийсэн болгонд ам сайтай, амьдрал ахуй нь дээшилжээ.