Орон сууцны ипотекийн зээлд амьжиргааны түвшний 7-15 дах бүлгийн иргэд хамрагдана
2015.08.18

Орон сууцны ипотекийн зээлд амьжиргааны түвшний 7-15 дах бүлгийн иргэд хамрагдана

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн албаны дарга Б.Алтантулгатай ярилцлаа.

-Орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журмын нэг шалгуур болох Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн талаар танилцуулна уу?

 Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу нийт хүн амд төрөөс үзүүлэх үйлчилгээ, тусламж, хөтөлбөр, үйл ажиллагаа, арга хэмжээг зорилтот бүлэгт чиглүүлэх бодлогын зорилтын хүрээнд Үндэсний Статистикийн Хорооны дарга, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хамтран баталсан аргачлалын дагуу Монгол улсын нийт өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлон, тэдгээрийг амьжиргааны түвшнээр хамгийн бага хэрэглээтэйгээс өндөр хэрэглээтэй рүү нь эрэмбэлэн “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-г бүрдүүлсэн. Энэхүү мэдээллийн санг Засгийн газраас нийт өрх, хүн амд зориулан хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаанд олон салбар нэгэн зэрэг ашиглах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд тус сангаас зорилтот бүлэгт чиглэсэн хэд хэдэн хөтөлбөр үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаагийн нэг нь дундаж хэрэглээтэй өрх, хүн амыг орон сууцжуулах зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Орон сууцны урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргуулах үйл ажиллагаа юм. 
Нийт хүн амд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дээрхи байдлаар өрхийн мэдээллийн нэгдсэн санд үндэслэн зохион байгуулснаар хөтөлбөр, үйл ажиллагааны нэг өрхөд очих давхардлыг бодитой тодорхойлох, үйлчилгээ, тусламжийг төлөвлөх, хэрэгжүүлэх, тэдгээрт зарцуулах төсөв, хөрөнгийн хуваарилалтыг бодитой тооцох, үйлчилгээний шудрага, ил тод байдлыг бүрдүүлэх бодит боломж бүрдэх зэрэг нийгэм эдийн засгийн хувьд маш олон давуу талыг бий болгож байгаа болно. 
Өрхийн мэдээллийн нэгдсэн санд байгаа нийт өрхийг амьжиргааны түвшингээр нь хамгийн бага хэрэглээтэйгээс өндөр хэрэглээтэй рүү эрэмбэлэж, амьжиргааны түвшний 20 бүлэгт хуваасан бөгөөд 7-15 дугаар бүлэгт байгаа 294000 гаруй өрхийг дундаж давхаргын өрх, хүн ам гэж тооцон орон сууцны ипотекийн зээлийн үйлчилгээнд хамруулахаар болсон.

Иргэн амьжиргааны түвшний 7-15 дах бүлэгт багтсан тухай тодорхойлолтоо хэрхэн гаргуулах вэ ?

    “Орон сууцны ипотекийн зээлийн баталгаа гаргах” журмын 3.1.5-д заасан амьжиргааны түвшний 7-15 дах бүлэгт хамрагдсан иргэн байх гэсэн шалгуурын дагуу иргэн амьжиргааны түвшний тодорхойлолтоо гаргуулахын тулд сум, хорооны нийгмийн ажилтанд хандан өргөдөл гаргана. 
Уг өргөдлийг нийгмийн ажилтан хүлээн авч мэдээллийн сангаас хайлт хийж тухайн өрх мэдээллийн санд багтсан эсэхийг тодорхойлно. Хүсэлт гаргасан иргэний өрх нь судалгаанд хамрагдан амьжиргааны түвшнээ үнэлүүлсэн нөхцөлд амьжиргааны түвшний аль бүлэгт хамаарч байгаагаар програмаас хариуг (тодорхойлолт) гаргаж өгнө. 
     Хэрвээ тухайн өрх амьжиргааны түвшний үнэлгээгээр орон сууцны ипотекийн баталгааны журамд нийцсэн буюу 7-15 дах бүлэгт хамаарч байгаа нөхцөлд програмаас гарсан тодорхойлолтыг иргэнд өгч аймаг, дүүргийн нийгмийн халамжийн хэлтэст уламжлан хэлтсийн даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан тодорхойлолт гаргуулахаар аймаг, дүүргийн хэлтэс рүү явуулна. Харин дээрхи бүлгүүдэд багтаагүй нөхцөлд аль бүлэгт хамаарч байгааг тодорхойлсон хариуг иргэнд гарган өгч зохих зөвлөмжөөр хангана. 
Хэрвээ тухайн өрх мэдээллийн сангаас мэдээлэл нь олдохгүй, эсвэл судалгаанд хамрагдаагүй гэдэг нь тогтоогдсон нөхцөлд дахин үнэлгээнд (Өрхийн амьжиргааны түвшнийг үнэлэх) хамруулах талаар иргэнд зохих хариуг програмаас гарган өгч, судлаач тохирсон хугацаанд тухайн иргэний гэрт зочлон судалгаа авч мэдээллийн санд оруулж өрхийн амьжиргааны түвшинг үнэлэн өрхийг аль бүлэгт хамаарах тодорхойлолт гаргаж өгөх боломж бүрдэх талаар тайлбар өгч ажиллана.

Өрхийн амьжиргааны түвшнээ үнэлүүлэх судалгаанд хамрагдаагүй, эсвэл хамрагдсан боловч үнэлгээ хийгдсэн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх нөхцөлд хэрхэн шийдвэрлүүлэх вэ ?

    Орон сууцны зээлийн баталгаа гаргах хүсэлтэй иргэн амьжиргааны түвшний тодорхойлолт гаргуулахаар сум, хороондоо хүсэлт гаргасан боловч тухайн өрх амьжиргааны түвшнээ үнэлүүлээгүй, эсвэл амьжиргааны түвшний үнэлгээ нь өөрийнх нь амьжиргааг бодитой үнэлээгүй байхаар үр дүн гарсан гэж иргэн үзэж байгаа нөхцөлд хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гарган дахин үнэлгээнд орох боломжтой. Уг ажлыг аймаг, дүүргийн НХҮХ-д зохион байгуулах бөгөөд сум хорооны нийгмийн ажилтан дахин үнэлгээнд хамруулах өрхийн жагсаалтыг гарган аймаг, дүүргийн хэлтсүүдэд хүргүүлж, уг жагсаалтад үндэслэн аймаг, дүүргийн НХҮХ-ээс томилсон судлаач хүсэлт гаргасан иргэний гэрт зочлон судалгаа авч програмд шивэх ажлыг НХҮХ зохион байгуулж өрхийн оноог бодуулж, амьжиргааны түвшний аль бүлэгт хамаарахыг тодорхойлж өгнө. 
Түүнчлэн тухайн өрхийн хувьд амьжиргааны түвшний үнэлгээ хийлгэсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд дахин үнэлгээнд хамрагдахгүй бөгөөд үүнийг Засгийн газрын 404 дүгээр тогтоолоор батлагдсан “Өрхийн мэдээллийн нэгдсэн санг ашиглах, удирах журам”-аар журамласан болно.

Иргэнээс ирүүлсэн өргөдөл хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлэл өгөхгүй юу?

Батлагдсан журмын дагуу үйлчилгээ үзүүлэх явцад иргэний зүгээс хэрэгжүүлэгчдэд хандан өргөдөл хүсэлт гаргаж болох бөгөөд иргэний хүсэлтийг хэрэгжүүлэгч арилжааны банк хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ. Харин өрхийн амьжиргааны түвшний үнэлгээтэй холбоотой асуудлаар иргэн өргөдөл хүсэлтийг хэрэгжүүлэгч арилжааны банкинд гаргах нөхцөлд уг хүсэлтийг сум, хорооны нийгмийн ажилтанд гарган шийдвэрлүүлэх талаар зөвлөгөө өгч ажиллана.