Ерөнхийлөгчийн хоригийг дэмжинэ
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2015.08.19

Ерөнхийлөгчийн хоригийг дэмжинэ

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан

-Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавилаа. Та ямар байр суурьтай хүлээж авч байгаа вэ?

-Төрийн өндөр албан тушаалтан гэдэг тангараг өргөсөн хүн байдаг. Авилга авч, албан тушаалаа хэтрүүлэн ашиглана гадэг нэг ёсондоо тангаргаасаа няцаж, эх орноосоо  урваж байна гэсэн үг. Хуульд эх орноосоо урвах явдал өршөөгдөхөөргүй байгаа. Үүнтэй ижил авлига авч, албан тушаалаа хэтрүүлж ашиглахад төр цээрлэл үзүүлэх ёстой гэж би үзэж байгаа. Хууль ард түмэнд зөөлөн, албан тушаалтнуудад хатуу байх ёстой гэж энгийн иргэд үздэг. Өнөөдөр шоронд байгаа хүмүүсийн дийлэнх хэсэг нь амьдралдаа алдаж оносон, залуучууд байгаа гэдэг нь үнэн. Тэдэнд төр нэг удаа өршөөж чаддаг гэдгээ харуулах нь зөв. Харин төрийн өндөр албан тушаалтан, авлигын асуудалд хатуу байх ёстой.

Ерөнхийлөгч авлигатай тэмцэнэ гэж ард түмнийхээ итгэлийг авсан. Түүний авлигатай тэмцэх тэмцэл ширүүн эсэргүүцэл дунд байна гэж харж байгаа. Могол Улсын авлигын индекс буурсан үзүүлэлттэй яваа. Хэрэв бид Өршөөлийн хуулиар авлигачдынхаа толгойг нь илээд гаргачихвал дэлхий нийтийн шившиг болно. Бид алсыг харах ёстой. Авлигачдад өршөөл үзүүлбэл төрийн хууль үйлчилдэггүй болно. Их хурал болгон өршөөлийн хууль гаргадаг болно. Төрийн албан тушаалтны авлигыг өөгшүүлээд байвал улс оршин тогтнох асуудал үүснэ. Газар шороо томоохон ордуудыг авлигачид худалдаад дуусч байна. Тиймээс тэдний толгойг илж болохгүй. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж хүлээж авна гэсэн бодолтой байгаа.

-Хоригийг хүлээж авах магадлал муу байх шиг байна.

-Яаж хүлээж авах талаар төсөөлөл алга. Гэхдээ гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг АН, МАН-д ч авлигачид байгаа. Өршөөлийн хуульд хамрагдах хүмүүсийн 70 гаруй хувь нь МАН-ынхан гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр хоригийн асуудал дээр МАН-ынхныг харъя гэж бодож байна. Энэ хуулиар Засгийн газрыг барьцаалж байгааг ч харж байна. Цаг агаар хүндэрч, өвөл хатуу болно гэж байхад уг нь засгаа хурдан бүрдүүлж ажлаа хиймээр байгаа юм.