МҮЭХ-ноос төрийн албан хаагчдын цалинг нэмэхийг шаардлаа
МҮЭХ
2015.08.20

МҮЭХ-ноос төрийн албан хаагчдын цалинг нэмэхийг шаардлаа

Иргэд хөдөлмөрчдийн өмнө тулгамдаж буй цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлыг шийдэхэд тогтвортой засгийн газар шаардлагатай.

Гэтэл 2012 оны сонгуулиас хойш Засгийн газар хоёр удаа солигдож, энэ оны долдугаар сард Засгийн газрыг нөхөн бүрдүүлэх улс төрийн нөхцөл байдал үүссэн.

Тиймээс Засаглалын энэхүү тогтворгүй байдал Монгол улсын Засгийн газар, МҮЭ-ийн холбооны олон жилийн хамтын ажиллагаа, хамтын гэрээ хэлэлцээрээр дамжуулан хэрэгжүүлэх хөдөлмөр, нийгмийн олон чухал асуудлууд тасалдаж, хойшлогдож байгаа аж.

Түүнчлэн Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас дэвшүүлсэн “Зохистой хөдөлмөрийг бий болгох чиглэлээр” Монгол улс өөрийн хүлээсэн үүргээ биелүүлэх үйл явцад шууд сөргөөр нөлөөлж байна гэж үзжээ.

Дээрх асуудлуудтай холбогдуулан МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнөөдөр мэдээлэл өгч иргэд, хөдөлмөрчдийн эрх ашгийн үүднээс дараах шаардлагыг Монгол улсын Их хурал, Засгийн газарт хүргүүлж байгаа юм байна:

  • Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээрийн 3,4-т заасны дагуу Төрийн албан хаагчдын цалинг улсын төсөвт тусгасны дагуу 90 тэрбум төгрөгийн баталгаат эх үүсвэрт багтаан нэн яаралтай нэмэгдүүлэх;
  • Ажлын байрны баталгааг хангах чиглэлээр байгуулсан хэлэлцээрийн холбогдох заалтууд, энэ хүрээнд байгуулагдсан санамж бичгийн хэрэгжилтийг хангуулж ажиллах
  • Төрийн албаны тогтвортой байдлыг алдагдуулахгүй байлгах
  • Засгийн газрын үйл ажиллагааны тогтвортой залгамж чанарыг хангах зорилгоор сайд нарыг нөхөн томилох үйл явцыг хуулийн хүрээнд нэн яаралтай хийж, үйл ажиллагаагаа эрчимжүүлэх
  • Улс төр, засаглалын тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй байдлаас богино хугацаанд гарах чиглэлээр УИХ, Засгийн газар, улс төрийн нам хүчин, эвслийг улс орны эрх ашгийг дээдлэн нягт хамтран ажиллахыг уриалж, шаардаж байна гэжээ.