МАН-ын бүлэг завсарлага авах шалтгаан
УИХ-ын чуулган
2015.06.06

МАН-ын бүлэг завсарлага авах шалтгаан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн ч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт завсарлага авч байгаа үндэслэлээ “Тус бодлогод эрэгтэй, эмэгтэй тэтгэвэрт гарах доод насыг ижил төвшинд хүргэнэ хэмээн заасан нь агуулгын алдаа үүсгээд байна. Хэрвээ ийм байдлаар бодлогыг баталбал, нэг бол эрэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг урагш татах, эс бол эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг хойшлуулах болж байна. Дэлхийн аль ч улсад эрэгтэй, эмэгтэй тэтгэвэрт гарах нас ижил байдаггүй, ялгаатай. Энэ асуудлыг эргэж харъя, маш том асуудал болох нь” гэсэн юм.

Завсарлага авахын өмнө бодлоготой холбогдуулж УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар нар “Тэтгэврийн насыг эрэгтэй 62, эмэгтэй 58-д хүргэхээр бодлогод тусгасан байснаа одоо зөвхөн судлахын тулд гэж тайлбарлаж байгаа нь буруу. Хоёрдугаарт, эрэгтэй, эмэгтэй тэтгэвэрт гарах насыг ижил түвшинд хүргэнэ гэж заасан нь нэг бол эмэгтэй тэтгэвэрт гарах насыг хойшлуулах, эс бол эрэгтэй тэтгэвэрт гарах насыг урагшлуулах зүйл болж байна.

Нэгэнтээ тэтгэврийн бодлого батлах гэж байгаа бол тэтгэврийн зээлийн асуудлыг яах вэ гэдгийг шийдэх ёстой. Гарц гаргалгаа нь байхад энэ асуудлыг үлдээж болохгүй” гэсэн юм.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт “Тэтгэврийн санг яаж бүрэн байлгах вэ гэдэг л чухал болохоос нас дараагийн асуудал. Хуулийн төсөл дээр эрэгтэй тэтгэвэрт гарах насыг 62-д, эмэгтэй тэтгэвэрт гарах насыг 58-д хүргэх юм орж ирсэн нь үнэн. Гэхдээ энэ асуудлыг олон талаас нь судлах шаардлага байна гэсэн. Түүнээс батлах гэж байгаа төсөл дээр тэтгэврийн насыг хойшлуулах юм байхгүй” гэсэн хариулт өгөв.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Эрэгтэй нас 62, эмэгтэй нас 58-д хүргэх асуудлыг судлая гээд ажлын хэсгийн төвшинд хассан. Түүнийг дарцан байна. Анх асуудал яаж ч орж ирж болно. Түүнийг УИХ-аар хэлэлцэх шатанд хасаад л явдаг” гэсэн хариулт өгч байв.