НЗДТГ: Цэцэрлэг, зам, барилгын 7 төслийн концессийн гэрээ байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 46 төслийг концессийн гэрээгээр хэрэгжүүлэхээр баталсан.
Эдгээрээс цэцэрлэг, автозамын барилгын 7 төслийн концессийн гэрээг өнөөдөр байгууллаа. Эдгээр гэрээний нийт хөрөнгө оруулалт 80 орчим тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа юм. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд 100 хүүхдийн цэцэрлэг барих 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий төслийг "Монгол элс" компани хэрэгжүүлэхээр гэрээ байгууллаа.
Мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 21 дүгээр цэцэрлэгийн хуучин байрыг буулган шинээр 240 хүүхдийн цэцэрлэг барих төслийг "Рендербау" компани хоёр тэрбум гаруй төгрөгөөр хэрэгжүүлэх юм байна. Дээрх цэцэрлэгийн барилгыг концессээр хэрэгжүүлэхээс гадна хэд хэдэн замын ажлыг концессээр хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан байна.
- Өвөр Гүнтийн 11 км автозамыг "Арц Суварга" компани хэрэгжүүлэх бол
- Багануур дүүргийн 2, 4, 5 дугаар хорооны нутаг дахь 6.4 км автоз амыг "Ялгуусан" компани,
- Гүнтийн давааны 7.3 км авто замыг "Билэгт зам" компани барихаар концессийн эрх авчээ.
Харин Аваргатосон рашаан сувиллаас Сонгинохайрхан дүүрэгт 60 ортой ахмадын сувилал барихаар боллоо. Мөн Монгол-Японы хамтарсан хөрөнгө оруулалттай "Даией Пробис Монгол" компани Самбалхүндэвийн буюу Далан давхрын оршуулгын газрыг Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг хэрэгжүүлэхээр болов.
2019 он хүртэл хэрэгжих энэ төслийн хүрээнд 42 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх юм байна. Оршуулгын газрын шарилыг чандарлана гэж тус компаниас мэдээллээ. Өнгөрсөн онд гэрээ байгуулсан концессийн төслүүдээс Налайх дүүрэг дэх бага оврын цэвэрлэх байгууламж, Өлзийт хорооллын 9 км авто зам болон Хан-Уул дүүргийн түргэн тусламжийн төвийн салбар пункт байгуулах төсөл хэрэгжиж дуусч, төлбөрийг нь шилжүүлээд байгаа юм байна.