Сургагч багш нар орон нутгийг зорилоо
2015.08.12

Сургагч багш нар орон нутгийг зорилоо

БСШУЯ “Боловсролын чанарын шинэчлэл”-ийн бодлого хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг шинэчилж, 2016-2017 оны хичээлийн жилд нийт цэцэрлэгт хэрэгжүүлэхэд бэлэн боллоо.

Мөн  Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг энэ хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын нийт сургуульд хэрэгжүүлэхээр боллоо.  

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нарын сургалт өнгөрсөн долоо хоногт болсон. Тэдгээр сургагч багш нар  бүсчилсэн сургалт явуулахаар өнөөдөр орон  нутгийг зорилоо.  Суурь боловсролын цөм хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд нийт 19859 багш, 7 бүст хуваагдан сургалтад хамрагдах юм.

Сургуулийн өмнөх боловсролын болон суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”, "Зөв Монгол хүүхэд" Үндэсний хөтөлбөрийн үзэл санаа, зорилгод тулгуурлан шинэчлэн боловсрууллаа. Дэлхийн улс орнуудын боловсролын бодлого шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшил, ирээдүйн  нийгэмтэй  зохицон амьдрах чадвартай иргэнийг бэлтгэхэд чиглэж  буй өнөө үед Монгол хүүхэд бүр бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, түүх, соёл, уламжлалаа эрхэмлэдэг  иргэн болж төлөвших хэрэгцээ бий болоод байна. Цөм хөтөлбөрүүдийн зорилго ч энэхүү хэрэгцээг хангахад оршиж байна. 

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хүүхэд бүрийг хөгжлийн боломжит хурдаар нь хөгжүүлэх, хүүхдийн сонирхлыг илрүүлэн хүүхэд бүрийг судлах, хөгжүүлэх зарчим дээр суурилж шинэчилсэн. Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн зорилго нь сурагч бүрийг сурах арга барил, шинжлэх ухааны болон амьдрах ухааны суурь мэдлэг, чадвар эзэмшсэн, үндэсний хэл, түүх, соёлоо дээдлэн эрхэмлэдэг иргэн болж  төлөвшүүлэхэд  оршино.