МАЧХ 10 жилд хийсэн ажлаа тайлагнав
МАЧХ-ны тэргүүн Г.Баасан
2015.08.25

МАЧХ 10 жилд хийсэн ажлаа тайлагнав

Монголын чөлөөт ахмадын холбооноос өнөөдөр 10 жилд хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэсэн Гэрэл зургийн үзэсгэлэнг өөрийн байрандаа гаргалаа.

Үзэсгэлэнд 115 төрлийн тайлбартай зураг болон 10 төрлийн биет бүтээлийг дээж болгон дэлгэжээ. Гурван хоног үргэлжлэх уг үзэсгэлэнд хэнд ч нээлттэй гэдгийг ахмадууд ярьж байна. 

 Тус холбооны тэргүүн Г.Баасан ярихдаа,“Ахмадын чөлөөт холбоо ямар нэгэн улс төрийн оролцоогүйгээр нийгмийн захиалгаар  2004 онд байгуулагдсан. 10 жилийн хугацаанд бид  ахмадууддаа зориулж гурван төрлийн гарын авлага гаргалаа. 21 аймгийн 270 гаруй сумын 140 багт хүрч ажилласан. 2004 онд ахмадын дундаж тэтгэвэр 37050 төгрөг байсан бол өнөөдөр 380800 төгрөг болтлоо өсөөд байна. Тэр үеийн тэтгэврийн доод хэмжээ 20 мянган төгрөг байсан бол эдүгэ 195 мянган төгрөг болсон. Энэ бол бидний эдийн засагт оруулсан томоохон хувь нэмэр юм. Мөн монголын ээжүүдийг одонгийн мөнгө авах нөхцлийг бүрдүүлсэн. Өнөөдөр одонтой эхчүүд 200 мянган төгрөгийн тэтгэлэгтэй болсон.

Ахмад дайчдыг орон сууцаар хангуулах талаар хөөцөлдсөний үр дүнд 35 сая төгрөгтэй тэнцэх орон сууцтай болгож сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгож эхэллээ.Ингэснээр ахмадуудад эдийн засгийн болон ахуй амьдрал, сэтгэл санааны дэм болсон гэж дүгнэж байна. Улмаар газар нутгийн асуудлыг Монголын Чөлөөт ахмадын холбоо гаргаж тавьснаар үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангахад нөлөөлсөн. Энэ утгаар нь бид Тусгаар тогтнолын тэмдэгтэй болсон. Өнөөдрийн байдлаар 320 мянган ахмад байгаагаас нийт хүн амын 10 хувийг эзэлдэг гэсэн судалгаа бий. Ингэхдээ 55-60 настай хүмүүсийг хамруулаагүй. Тиймээс эдгээр хүмүүст хүрч ажиллахаар зорьж байна"гэв.