218 мянган хүүхдийг цэцэрлэгт сургана
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
2015.08.27

218 мянган хүүхдийг цэцэрлэгт сургана

“Сайдын цаг” уулзалтад өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 257 мянган хүүхэд байгаагаас 218 мянгыг нь цэцэрлэгт хамруулах боломжтой. Жил бүр цэцэрлэг шинээр барьж, хүүхэд хүлээн авах чадлыг нэмэгдүүлдэг ч төрөлтийн өсөлтийг гүйцэж чадахгүй байгаа аж.

Засгийн газраас УИХ-д 2015 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлнэ, энэ хүрээнд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг суулгаж өгөх юм байна. Ингэснээр эцэг, эхчүүд хүүхдээ Хүүхэд харах үйлчилгээнд хамруулах бололцоо бүрдэнэ гэж үзэж байна.

Ерөнхий боловсролын сургуулиудын тухайд нийтдээ 799 сургуульд 539819 сурагч хамрагдана. Үүнээс 64346 нь нэгдүгээр ангид элсэн суралцах зургаан настнууд. Энэ онд 25 сургууль, зургаан дотуур байр, таван спорт заал шинээр баригдаж ашиглалтад орох бол 47 цэцэрлэг мөн шинээр баригдах ажээ.