Ерөнхий сайд оюутны тангарагийн баярт оролцлоо
Энэ хичээлийн жилд их, дээд сургуульд 19300 оюутан элсэн суралцаж байна.
Эдгээр оюутнуудын төлөөлөл өнөөдөр Чингисийн талбайд цуглаж, оюутны тангарагаа өргөлөө. Тав дахь удаагийн тангарагийн баярт Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг болон их дээд сургуулиудын захирлууд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улс орны хөгжил дэвшил бол боловсролын тогтолцоо, түүний хүртээмжинд суурилсан хүний хөгжлөөс шалтгаалдаг. Тиймээс Монгол Улсын Засгийн газар “Зөв монгол хүн” хөтөлбөрийн дор боловсролын салбарын шинэчлэлт, өөрчлөлт, хөгжил дэвшлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгааг онцлон хэллээ.
Мөн Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас их, дээд сургуульд бүтцийн болон хөтөлбөрийн өөрчлөлтүүдийг хийх, багшлах боловсон хүчний ур чадварыг сайжруулах, ижил төрлийн мэргэжлийг нэгтгэн зах зээлийн эрэлттэй уялдуулах, төгсөгчдийн ажлын байрны хангамжийг дээшлүүлэх чиглэлээр олон төрлийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. 1000 инженерийг дэлхийн өндөр хөгжилтэй оронд бэлтгэх, өндөр хөгжилтэй орнуудад Монголын шилдэг оюутнуудыг бакалаврын сургалтад хамруулах, их сургуулийн дэргэд эмнэлэг байгуулах, үндэсний тэтгэлэгийг сургалтын чанартай хослуулан олгох, оюутны эрүүл мэндийн даатгалыг төрөөс бүрэн хариуцах, нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах, орон нутагт амралтаараа ирж, очих замын зардлыг төр хариуцах асуудлуудыг хариуцах зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаагаа хэллээ.
Засгийн газрын тэргүүн ажил, амьдралынхаа гарааг оюутан залуучуудын байгууллагаас эхэлж байснаа дурсаад цаашид оюутны байгууллагуудын өөрөө удирдах чадварыг дээшлүүлэх, оюутны нийгмийн идэвхийг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Монголын Оюутны холбоотой хамтран ажиллаж, бүхий л үйл ажиллагааг нь дэмжих болно гэдгээ илэрхийллээ.
Өнгөрсөн онд оюутнууд амжилт бүтээлээр дүүрэн байж, дэлхийн оюутны универсиад 2015 наадмаас жүдо бөх, буудлагын төрлөөр Монголын оюутнууд 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл, нийт 5 медаль авч, дэлхийн 137 орноос 24 дүгээр байрт оржээ. Мөн Ази номхон далайн орнуудын оюутны математикийн анхдугаар олимпиадыг Монгол улсдаа амжилттай зохион байгуулж тэргүүн байрын шагналуудыг хүртсэн байна. Энэ хичээлийн жилд эдгээр амжилтаа үргэлжлүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэж Ерөнхий сайд хэлээд оюутнуудад улс эх орон, аав ээж, өөрсдийнхөө өмнө өргөсөн тангарагаа үнэнч байж, эрдмийн олон оргилыг эзлэхийг хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.