Төсвийн байнгын хороо УИХ-ын гишүүн Б.Болорыг Сангийн сайдаар томилуулахыг 100 хувь дэмжлээ
2015.09.08

Төсвийн байнгын хороо УИХ-ын гишүүн Б.Болорыг Сангийн сайдаар томилуулахыг 100 хувь дэмжлээ

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2015.09.08/ Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг /Засгийн газар 2015.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцлээ.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Баярбаатарын Болорыг томилуулах тухай асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэх асуудлаар санал хэлэх гишүүн гараагүй тул Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Б.Болорыг томилуулах тухай танилцуулгыг хийв.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Улаан үг хэлсний дараа санал хураалт явуулав. Ингээд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Б.Болорыг томилуулах санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Б.Болорыг томилуулах тухай Төсвийн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг УИХ-ын Л.Эрдэнэчимэг нэгдсэн чуулганы хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.