Суллагдах гэж байсан хүмүүсийг барьцаалахаа боль
МАН-ын бүлэг хоригийг эсэргүүцэв.
2015.09.08

Суллагдах гэж байсан хүмүүсийг барьцаалахаа боль

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр Шударга ёс эвслийн бүлгийнхэн хуулийн зарим асуудалтай холбогдуулан тав хоногийн завсарлага авсан.

Харин үүнийг УИХ-дах МАН-ын бүлгийнхэн эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн.

Тухайлбал УИХ-ын гишүүн С.Бямбацогт “МАН-ын гишүүдийг Өршөөлийн хуулийг чимээгүй дэмжсэн гэж яриад байгаа. Хэрвээ хаалттай хуралдааны протокол нээлттэй болчихвол хэн нь дэмжсэн, эсэргүүцсэн, ямар үг хэлсэн нь  олон нийтэд ил тод болно. Түүнчлэн үнэхээр энэ хууль намаар нь хуваасан, гишүүдийг талцуулсан, ард түмнийг хоёр хуваасан хууль болсон. Дотроо МАН-ынхан хулгайч, АН-ынхан хулгайч, Н.Энхбаяр хулгайч гэх мэтээр бүгдийг нь ийм байдалд оруулсан. Овоо босгоогүй шаазгай суухгүй. МАН-ын зургаан сайдыг засгаас хөөн гаргаад Шударга ёс эвсэлтэй хамтраад засаг байгуулахаар болсон. Ингэхдээ тохирсон тохиролцоо нь Өршөөлийн хууль байсан.

Үүнийг хэрэгжүүлэх гэж үзсэн эцэст нь намаар нь хуваасан, улстөрчид нь шударга, шударга бусаар хуваагдсан хууль л болсон. Тиймээс энэ асуудлаа хурдан хэлэлцэе. Тэгэхгүй бол монгол улс чинь бүхлээрээ гадныханд, УИХ чинь ард түмэнд, Намууд чинь бие биедээ муухай харагдаж байна. Энэ байдалдаа хурдан цэг тавья.

УИХ-ын дарга нь Эрүүгийн хуулиа баталчихаад Өршөөлийн хуулиа хэлэлцэе гэж байна. Тэгэхийн бол шоронд байгаа эмэгтэйчүүд, ахмадууд, өрх толгойлсон эхчүүд, эцгүүдээ, насанд хүрээгүй хүүхдүүдээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээ яах вэ. Энэ хүмүүс чинь хүлээж байна ш дээ. Тиймээс тэр хоригийг нь хүлээж аваад өршөөл үзүүлэх ёстой хүмүүст нь үзүүлье. Заавал нэг асуудлыг нөгөөгөөр нь барьцаалах ямар хэрэг байна вэ “ гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ингэж болдоггүй асуудал. Эрх баригч бүлэглэл нь асууудлаа яриач ээ. Завсарлага аваад алга болчих юм.  Одоо байтлаа суллагдах гэж буй ялтнууд хүртэл барьцаанд орлоо ш дээ. Өвлийн хувцас тавьж өгөхөөс эхлүүлээд өчнөөн асуудал болдог юм.

Сар явдаг процесс. Тэмээн дээр ямааны гарз болно. Тийм учраас энэ асуудлаа засаг бүрдүүлж байгаа бүлэглэл дотроо ярилцаа хурдан явуулаачээ. Ерөнхийлөгчийг хоригийг гоочлоод байх юм байхгүй. 9.1.3 гэдэг чинь дөрөвт нь орчихсон байна лээ.

Суллах хүмүүсээ хурдан сулла. Ингэж юм болгоныг барьцаалж, гаарч болохгүй. Энэ чинь удаад ирэхээр чинэрээд дотроо хэрэг төвөг гарчих гээд байдаг зовлонтой асуудал. Арай дэндэж байна ш дээ. Би үүн шиг аймар зүйлийн эсрэг тэмцэх гэж УИХ-д суужж байгаа. Намайг үг хэлүүлэхгүй гэж бодож байсын бол болиулж болох л байсан ш дээ.

Татаж ав гэхэд тэр Ч.Сайханбилэг ерөнхий сайд чинь аваагүй ш дээ. Би төрийн ордонд явагдсан хориод жилийн хуйвалдааныг мэднэ. Гэхдээ үүн шиг завалдаан хуйвалдааныг ёстой үзээгүй. Монголыг монгол биш болгож, хэрэг үйлдэхийг өөгшүүлж, зарим нь шагналаа авах гэж байх шиг байна.

Үүнээс чинь бол шударга ёс гэдэг зүйлийг ард түмэн чинь үгүйлээд байгаа юм” гэлээ.

Ямартай ч хуулийн дагуу авсан завсарлага тав хоног үргэлжлэхээр болж зунжингаа сунжирсан Өршөөлийн хууль дахиад л ард түмнийг хүлээ гэлээ.