2011.09.28

УИХ-ын дэд дарга Н.Энхболд Төв аймагт мод тарилаа

Хүн энэ орчлонд төрөөд зайлшгүй хийх ёстой зүйлийн нэг нь мод тарих хэмээн олон оронд ярьдаг байна. Мод тарих нь дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа цаг уурын өөрчлөлт, түүнээс үүдсэн цөлжилттэй тэмцэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм.

 

Ийм учраас Монголд нүүрлээд байгаа цөлжилттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулахаар БНСУ-ын Ансан мужийн “Evergreen XXI” сангийнхан Төв аймагт мод тарих ажлыг зохион байгууллаа. Өнгөрсөн хавар Төв аймгийн Зуун мод хотод мод тарьсан бол өнөөдөр Баянчандмань суманд Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах шавыг тавьлаа. Энэ ажилд УИХ-ын дэд дарга Нямаагийн Энхболд оролцож цаашид энэ ажил улам өргөжихөд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Сангийн шугмаар Төв аймгийн Зуун мод хотод 200 мод, Баянчандмань суманд мөн 200 мод тарьж орон нутгийн байгууллагуудад хүлээлгэн өгсөн бөгөөд арчлан ургуулах хамгаалах ажлыг орон нутаг хариуцах юм. Evergreen XXI сан Ансан мужтай хамтран цаашид 200 орчим сая төгрөгийн төслийг хэрэгжүүлж жил бүр хоёр удаа ийнхүү мод тарих аж. Солонгос улс нийт нутаг дэвсгэрийнхээ 60 гаруй хувийг ногооруулж мод тарьсан туршлагатай. Монголын цөлжилт нь Азийн орнууд тэр дундаа Солонгос улсад дам нөлөөтэй учраас Монголд ийнхүү мод тарих нь зөвхөн Монголын байгаль орчныг хамгаалаад зогсохгүй цаад утгаараа өөрсдийнхөө төлөө хийж байгаа ажил хэмээн Солонгосын “Evergreen XXI” сангийн тэргүүн Ли Чан Сон хэллээ. “Модыг оршуулах бус хайраар тэтгэж ургуулцгаая, Хүмүүсээ” уриатай энэхүү арга хэмжээг дэмжиж “Evergreen XXI” сангаас Баянчандмань суманд 10 сая төгрөг хандивласан байна. Мөн энэ үеэр Баянчандмань сумын бизнес эрхлэгчид, иргэд болон Солонгосын төлөөлөгчид оролцсон Бизнес форум болж цаашид бусад салбарт хамтран ажиллах талаар ярилцлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.