Гурван улсын мал эмнэлгийн байгууллагуудын уулзалт эхэллээ
Хүнс, Хөдөө Аж Ахуйн сайд Р.Бурмаа
2015.09.11

Гурван улсын мал эмнэлгийн байгууллагуудын уулзалт эхэллээ

Монгол улс, ОХУ, БНХАУ-ын мал эмнэлгийн байгууллагуудын 5 дахь удаагийн уулзалт Чингис зочид буудалд эхэллээ.

Оросын холбооны улсын Ургамал, хорио цээрийн албаны дэд дарга, Ерөнхий малын эмч, мал эмнэлгийн хяналтын Ерөнхий байцаагч E.А.Непоклонов, Бүгд Найрамдах Хятад Ард улсын Хөдөө аж ахуйн яамны Мал эмнэлгийн газрын дарга, Ерөнхий малын эмч Жан Жонцу нар болон бусад төлөөлөгчдөд хандан

Хүнс, Хөдөө Аж Ахуйн сайд Р.Бурмаагийн нээлтэнд хэлсэн үгийг хүргэж байна.

Эрхэм хүндэт зочид оо,
Хатагтай ноёд оо,

Манай улсад найрсагаар зочилж, Ерөнхий малын эмч нарын 5 дугаар уулзалтад оролцож байгаа Оросын холбооны улсын Ургамал, хорио цээрийн албаны дэд дарга, Ерөнхий малын эмч, мал эмнэлгийн хяналтын Ерөнхий байцаагч E.А.Непоклонов, Бүгд найрамдах хятад ард улсын Хөдөө аж ахуйн яамны Мал эмнэлгийн газрын дарга, Ерөнхий малын эмч Жан Жонцу нар болон бусад төлөөлөгчдөд гүн талархал илэрхийлье.

Мал эмнэлгийн алба нь аль ч улс оронд зөвхөн мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, малын өвчин эмгэгтэй тэмцэх, эмчлэх үүрэгтэй төдийгүй хүн ам, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах, малын гаралтай бүтээгдэхүүний гадаад, дотоод худалдаанд үүсэж буй хориг саадыг арилгах үүрэг хүлээдэг чухал салбар юм.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, бичил биетний хувьсал, улс орны хил хязгаараас үл хамааран дэгдэж буй шинэ болон дахин сэргэж буй өвчнүүдтэй холбоотойгоор манай улсын мал эмнэлгийн салбар урд өмнөхөөс илүү хүнд сорилтуудтай тулгарч байна. Эдгээр сорилтуудыг амжилттай даван туулж, хүрсэн үр дүнг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаар баталгаажуулах чиглэлээр хөрш орнуудтай идэвхитэй хамтран ажиллах зорилт бидний өмнө чухлаар тавигдаж байна.

Бид малын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг олон улсын хэмжээнд мөрдөж буй арга, стратеги, стандартад нийцүүлэн хэрэгжүүлэх, халдварт өвчнөөс эрт сэрэмжлүүлэх, шуурхай хариу арга хэмжээ хэрэгжүүлэх бэлэн байдлын чадавхийг сайжруулахыг эрхэмлэн ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл”-ийг шинээр боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн нь Монгол Улсын мал эмнэлгийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бүтэц, тогтолцоо, ажил үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэхэд чухал алхам болно гэж үзэж байна.

Нүүдлийн мал аж ахуй нь монголчуудын олон мянган жилийн туршлагын дүнд буй болсон өвөрмөц соёлын нэг бөгөөд мал сүрэг нь үндэсний нөхөн сэргээгдэх баялаг, эдийн засгийн хөгжлийн тулгуур, хөдөөгийн хүн амын амжиргааны гол эх үүсвэр болж байдаг юм. Иймээс тус салбарыг хөгжүүлэн бүтээмжийг нэмэгдүүлэх талаар төрөөс тусгайлсан бодлого боловсруулж, олон талын үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Монгол Улс мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангахын зэрэгцээгээр экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн олон улсын зах зээлд нийлүүлэх бүрэн боломжтой гэж бид үздэг. Ялангуяа манай хөрш хоёр орон Монгол Улсын малын гаралтай бүтээгдэхүүний гол хэрэглэгчид юм. Иймээс хөрш орнуудаас тавигдаж байгаа шаардлагад нийцсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар гадаад худалдааг өргөжүүлэхэд мал эмнэлгийн байгууллагуудын хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Монгол улс мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнийг байнгын болон түр ажиллагаатай 23 боомтоор хөрш орнуудтай харилцан нэвтрүүлж байгаагийн зэрэгцээгээр манай гурван улсын хооронд зэрэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөн их байна. Үүнтэй холбоотойгоор хил дагуух нутгийн мал, амьтны халдварт өвчний талаар шуурхай мэдээлэл харилцан солилцох, тархвар зүйн судалгаа, тандалт шинжилгээний ажил хамтран гүйцэтгэх, орон нутгийн малын эмч нарын мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг сайжруулах, хилийн ойролцоо нутаглаж буй малчид, иргэдийг зохих мэдлэгтэй болгох замаар халдварт өвчин хил даван тархах эрсдэлийг бууруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Оросын холбооны улс болон Бүгд найрамдах хятад ард улстай сайн хөршийг найрсаг харилцааг хөгжүүлэх бодлого нь Монгол Улсын гадаад харилцааны тэргүүлэх чиглэлийн нэг юм. Гурван талын Ерөнхий малын эмч нарын энэхүү улзалт нь стратегийн түншлэлийн харилцаатай хөрш орнуудын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж байгааг энд дурдахад таатай байна.

Манай улсын мал эмнэлгийн байгууллага Оросын холбооны улс болон Бүгд найрамдах хятад ард улсын холбогдох байгууллагууд мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, тэдгээрийн гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах талаар олон ажил хамтран хэрэгжүүлсэн арвин баялаг туршлагатай билээ.

Олон зуун километр үргэлжлэх урт хилээр холбогдсон хөрш орнуудын хувьд хил даван халдварлах өвчинтэй тэмцэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, мал амьтны халдварт өвчингүй тайван байдлыг бүс нутгийн хэмжээнд баталгаажуулснаар малын гаралтай бүтээгдэхүүний экспортод тавигдаж буй тарифын бус хориг саадыг арилгаж, манай улсын төдийгүй бүс нутгийн эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуйн яамны зүгээс мал эмнэлгийн үйл ажиллагааг бодлого, зохицуулалтаар хангах, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан зөвлөмж, саналыг хүлээн авч бодлого, стратегит тусган хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлье.

Эрхэм нөхдөө,

Оросын холбооны улс болон Бүгд найрамдах Хятад ард улсын төлөөлөгчдөд дахин талархал илэрхийлэхийн ялдамд цаашдын хамтын ажиллагаанд өндөр амжилт хүсэн ерөөе.