Үндэсний цэцэрлэгт хүрээлэн таван нас хүрлээ
Сүүлийн жилүүдэд нийслэл Улаанбаатар хотод олон бүтээн байгуулалт өрнөж буйн нэг бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн юм.
Эдүгээгээс таван жилийн өмнө шарилж ургасан цулгуй хоосон газар анхны шаваа тавьж, мод тарьж байсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өдгөө хүмүүс цуглаж хүүхдүүд тоглосон хүн бүрийн очих дуртай газар болжээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд тус хүрээлэн нийт мянга гаруй мод сөөг, олон улсын стандартад нийцсэн 5.5 км дугуйн болон гүйлт, цанын зам, сагсан бөмбөг, хөлбөмбөг, софт теннисийн комплекс спортын талбай, хүүхдийн тоглоомын талбай, газрын усан оргилуур зэрэг олон бүтээн байгуулалтыг хийж амжуулжээ.
Энэ бүтээн байгуулалтын ажилд таван настай балчраас эхлээд 80 нас буурал хүртэл гар бие оролцож, мод тарьж, арчилж ургуулах амар үйлсийг эхлүүлж байлаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр цэцэгс бүрхсэн, ногоон талбар болжээ. Энэхүү хүрээлэнгийн ногоон байгууламж. мод бут нь Улаанбаатар хотын нийт ногоон байгууламж 23 хувийг дангаараа бүрдүүлж байгаа аж. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулахад өнгөрсөн хугацаанд төр засаг болон компани аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудаас олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж чадсаны дотор тус хүрээлэнгийн удирдлага, хамт олон идэвхи чармайлтаар гадаад хамтын ажиллагааны хүрээнд таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг бүрдүүлсэн юм. Тиймээс ч Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 26 хувийг дангаараа бүрдүүлж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон таван жилийн ойн баяраа энэ сарын 12,13-ний өдрүүдэд зөв хооллолт, эрүүл хөдөлгөөн уриан дор цогц арга хэмжээ зохиож, тэмдэглэн өнгөрүүллээ.