Төсвийн байгууллагынхан бухимдлаа илэрхийллээ
2015.09.15

Төсвийн байгууллагынхан бухимдлаа илэрхийллээ

Хоногийн хоолоо залгуулж чадахгүй хоосон хонодог өрхийн тоо нэмэгдэж, иргэдийн амьдрал доройтож байгааг МҮЭХ-ныхон эсэргүүцэж өчигдөр тайван жагсаал хийлээ.

“Өрхийн амьдрал доройтож, иргэд өдрөөс өдөрт ядуурч байна”, “Цалинтай ядуучууд олширлоо”, "Авлига хүнд сурталтай тэмцье”, Ажлын байрны баталгааг хангая, “Түлш шатахууны үнийг бууруул”, “Бид ажил хийсэн ч ядууралд өртөж байна”, “Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлж иргэдийнхээ цалин хөлсийг нэмэгдүүл” зэрэг уриа лоозон барьсан хүмүүс цугларчээ. Иргэдийн орлого огт нэмэгдэхгүй байхад цахилгаан, дулаан, сургалтын төлбөр, хүнс, өргөн хэрэглээний бараа зэрэг бүх үйлчилгээний үнэ үндэслэлгүйгээр нэмэгдэх нь иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж байгааг жагсаалд оролцогчид онцолж байв. “Өдөр тутмын хүнсний хэрэглээ гурил, гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногооны үнэ 13-69 хувиар өсч, их, дээд сургуулийн сургалтын төлбөр дунджаар 25 хувиар өссөн. Тиймээс Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг зэрэг төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай.

Мөн Засгийн газраас үйлдвэрлэл үйлчилгээний уналтыг бууруулах, өсөлтийг дэмжихийн тулд төрөөс тогтоодог эрчим хүч, дулааны суурь зардлуудыг зохистой төвшинд байлгах хэрэгтэй. Гадаад зах зээлийн үнийн хямдралтай уялдуулан дотоодын бензин, түлш шатахууны үнийг бууруулах, ажлын байрыг шинээр буй болгохын тулд татвар, хөрөнгө оруулалт, зээлийн эргэлтийн хөрөнгөөр дэмжин эрэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдпийг бууруулах, эдийн засгийг сэргээх цогц бодлогыг хэрэгжүүлэх       шаардлагатай” гэж МҮЭХ-ны дэд өрөнхийлөгч С.Эрдэнэбат онцолж байлаа. Түүнчлэн жагсаалд оролцогчид УИХ-д хандан мэдэгдэл, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн юм.

Тус мэдэгдэлд хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх, эдийн засгийн уналт, ажилгүйдэл, иргэдийн орлогын хомсдолыг арилгах, 2015 оны төсөвт тодотгол хийх, 2016 оны улсын төсвийг батлахдаа нэн тэргүүнд төрийн үрэлгэн зардлыг бууруулах бодлого баримталж, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах чиглэлээр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хүссэн байна. Харин шаардлагад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороогоор ойрын хугацаанд хэлэлцүүлж шийдвэрлэх, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэхийг шаардаж байгаа аж.

Түүнчлэн Засгийн газарт өөрчлөлт орох бүрт хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийг зөрчиж төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний мэргэшсэн удирдпага, албан хаагчдыг улс төрийн үзэл бодол, намын харьяаллаар үндэслэлгүй халж сольж төрийн байгууллагын залгамж, тогтвортой үйл ажиллагааг алдагдуулж байгаа явдлыг таслан зогсоохыг шаардаж байгаа юм байна. Хэрэв Засгийн газар хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөлд холбогдох Үйлдвэрчний эвлэлүүд хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх хүртэл тэмцлийн хэлбэрт шилжиж ажил хаялт зарлана гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Энэ үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас зарим зүйлийг тодруулсан юм.

-Төрийн албан хаагчдын цалинг нэмнэ гэж байсан. Гэтэл өнөө хүртэл нэмээгүй байна. Үүнийг хэрхэн шийдэх гэж байна вэ?

-МҮЭХ, Засгийн газар хэлэлцээрийн хүрээнд ажилчин, албан хаагчдын цалинг аравдугаар сарын 1-нээс долдугаар сарын 1 хүртэл нэмэгдүүлэх гэрээг хийсэн. Харамсалтай нь одоо хүртэл гэрээгээ биелүүлэхгүй байна. МҮЭХ Засгийн газрыг ямар учир шалтгаанаас болж гэрээгээ биелүүлэхгүй байгааг нь ойлгодог. Эдийн засаг хүнд, төсвийн орлого бүрдэж чадахгүй байгаа. Энэ бүхнийгээ Засгийн газар олон нийтэд мэдээлэх ёстой. Төсвийн орлого бүрдэж чадахгүй байгаагаас хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй нь гэдгээ ард түмэндээ ойлгуулах хэрэгтэй. МҮЭХ-ноос хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг л шаардаж жагсаал хийж байна. Найман сарын өмнө хүлээсэн үүргээ Засгийн газар биелүүлээч гэдгийг дахин сануулж байгаа юм.

-Та бүхний хүргүүлж байгаа шаардлагыг Засгийн газар хүлээж авахгүй бол цаашид яах вэ?

-МҮЭХ санууллаа. Тодорхой хэмжээгээр шаардсан. Тэгэхээр одоо хамтын тэмцэл рүү орох л үлдэж байна. МҮЭХ хуулиар олгосон ажил хаялтыг зохион байгуулах хүртэл тэмцлийн үйл ажиллагаанд шилжинэ.

-Улсын төсөв улайссан. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед цалинг нэмэх боломж бий юу. Цаг үеэ олоогүй жагсаал хийж байна гэж шүүмжлэх хүн олон байна?

-Цаг үеэ олоогүй гэж олон удаа хэлж байгаа. Гэхдээ Монгол Улсын  төсвийг 2014 оны арванхоёрдугаар сард батласан. Хууль зөрчиж байна.  Учир нь, улсын төсөвт суусан мөнгийг зарцуулахгүй байна гэсэн үг. Тесвийн орлого бүрдүүлнэ гэдэг нь цалин хөлсийг нэмэхгүй байх шалтгаан биш. Энэ нь шалтаг. Төсвөө бүрдүүлж чадах уу, үгүй юу гэдэг нь Засгийн газрын үүрэг шүү дээ. Тэгэхээр төсвөө бүрдүүлэх үүргээ биелүүлээч гэдгийг л бид шаардаж байгаа юм. Олон сая төгрөгийг үр дүнгүй зүйлд захиран, зарцуулдаг. Түүний оронд амласан ажлаа хэрэгжүүлмээр байна.

-Төрийн албан хаагчдын цалинг нэмчихээд хувийн хэвшлийнхний цалинг нэмдэггүй. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой вэ?

-Төрийн албан хаагчдын цалин бол зөвхөн 180 мянган хүний асуудал биш. Цаана нь олон хүний цалингийн нэмэгдэл давхар яригдаж байдаг. Төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд хувийн хэвшлийнхний цалин нэмэгдэх гол хөшүүрэг болдог. Одоогоор Төмөр зам, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр ажилчдынхаа цалинг төрөөс түрүүлээд нэмчихлээ. Ажил олгогчийнхоо үүргийг сайн биелүүлж байна.

-Жагсаалд хэчнээн хүн оролцож байна?

-Бид тоог чухалчилж үзээгүй. Засгийн газарт санал, шаардлага тавих нь хамгийн гол асуудал.

 

Жагсаалд нийслэлийн дүүргүүд, аж ахуйн нэгж, байгууллага, орон нутгийн үйлдвэрчний эвлэлийн гишүүд оролцож байсан юм. Энэ үеэр жагсаалд оролцож байгаа иргэдийн санал сэтгэгдлийг сонслоо.

ХӨСҮТ-ийн нярав Н.Нарангэрэл: Ядуурал газар авлаа

Эрүүл мэндийн салбарын ажилчид цалингаа 10-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагыг тавьж байгаа юм. Засгийн газар иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна. Төсөвт суучихсан мөнгийг олгох л хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарынхан хүнд, хэцүү нөхцөлд ачаалалтай

ажилладаг. Цалин, хангамж муу. Сүүлийн хоёр жил төгрөгийн ханш яаж унасныг хүн бүхэн мэдэж байгаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдлээ. Сургалтын төлбөр, цахилгаан гээд бүх юмны үнэ нэмэгдлээ. Гэтэл цалин хөлсийг нэмсэнгүй. Ядуурал газар авч, автобусныхаа үнийг ч дийлэхээ больсон иргэн олширч байна. Үүнд Засгийн газар анхаарал хандуулах хэрэгтэй.

Төмөр замын вагон депогийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Ганболд: Гурван настай хүүхэд гудамжинд гуйлга гуйж байна

Засгийн газар хуулиа зөрчиж байна. Хамтын гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй найман сар боллоо шүү дээ. Тиймээс бид хөдөлмөрийн маргаан үүсгээд тоохгүй бол орон даяар ажил хаялт зарлана. МҮЭХ ч гэсэн цалин хөлс нэмэх асуудлыг Засгийн газраас маш сул шаардаж байна. Ямар ч хүчгүй ажиллаж байна. Эдийн засаг хүндрэлтэй байхад иргэдийн цалинг нэмэх боломжгүй гэж Засгийн газрын гишүүд ярьж байна лээ. Эдийн засгийг хэн элгээр нь хэвтүүллээ. Засгийн газрын гишүүд өөрсдөө шүү дээ. Гурван сая иргэнээ тэжээж чадахгүй гурван настай хүүхэд өлсөхийн эрхэнд гудамжинд гуйлга гуйгаад сууж байна. Төрийг буруу удирдаж байгаа хүмүүс огцрох ёстой.

61 дүгээр сургуулийн багш Н.Оюунбилэг: Албан тасалгааны цонхоор ард түмний амьдралыг дүгнэж болохгүй

Цалинг нэмнэ гэсэн ч өнөөдрийг хүртэл хуучин хэвэндээ л байна. УИХ-ын гишүүд албан тасалгааны цонхоор ард түмний амьдралыг дүгнэж болохгүй. Иргэдийн амьдрал доройтож, идэх хоолоо олохын тулд хулгай дээрэм хийж гэмт хэрэгтэн болж байна. Багш нарын цалин бол үнэхээр бага. Сарын 400 мянган төгрөг. Ажлын ачаалал хэрээс хэтэрсэн. Гурил будааны үнэ өссөн. Гэтэл цалинг нэмэхгүй байна. Барааны үнэ нэмэгдээд цалинг нэмэхгүй байх нь буруу жишиг шүү дээ. Багш нар сүүлийн үед нэн ядуу бүлэгт багтаж байна.