Төрийн түшээ байна даа аятайхан гэр оронтой байх хэрэгтэй биз дээ
Барилга, Хот байгуулалтын сайд Баянсэлэнгэ
2015.09.18

Төрийн түшээ байна даа аятайхан гэр оронтой байх хэрэгтэй биз дээ

Барилга, хот байгуулалтын сайд, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй ярилцлаа. Төрийн ордонд ил, далд өрнөсөн элдэв асуудлын талаар асууж тодруулахаар хандах бүрт нууж хааж, тойруулалгүй шулуухан хариулж орхидог тэрбээр улс төрд ороод зангаа хувиргаагүй цөөн хүний нэг. Байнга улс төр, нам засаг ярьдаг түүнтэй бид энэ удаа арай өөр сэдвээр ярилцлаа.

-Зарим хүн УИХ-д сонгогдсон өдрөөсөө зан нь хувирчихдаг. Та харин хэвээрээ л байх юм.

-Ер нь бол хүн өөрчлөгддөг юм байна. Тэр бүү хэл ‘Гишүүн ээ” гэж дуудахгүй бол уурлачих гээд байдаг юм биш үү. Баг өмсөж, өөрийнхөө бодож байгаагаас тэс өөр байж, өөр ярих шаардлага ч зарим нэгд нь гардаг бололтой. Би л ийм болохгүй юм шүү гэж дандаа хичээж байгаа.

Итгэл үнэмшилдээ үнэнч байж, бодож байгаагаа, бодит үнэнийг хэлээд л явж байя. Ингэсний минь төлөө намайг муучилж гоочилно л биз. Яадаг юм. Айгаад байх юм алга. Худлаа бөөрөнхийлөөд, ойлгомжтой зүйлийг нуугаад, эвсэл ухаантны дүрд тоглож худлаа цэцэрхээд суухыг би хүсэхгүй.

Насаараа амьдралаас тасархай явсан, дарга даамлын  хүүхдүүд, хөрөнгө мөнгөөр бүх зүйлийг шийдээд сурчихсан хүмүүс албан тушаал авахаараа амьдралаас бүр ч тасарчихдаг биз. Өсөж хүмүүжсэнээс эхлээд одоо амьдарч буй орчин, явдаг зам нь хүртэл жирийн иргэдээс тусдаа тэдэнд өөрийгөө бусдаас илүүд үзэх нь амархан байдаг байх. Тэд наад зах нь хүнийг өмсөж зүүсэн, эдэлж хэрэглэж байгаагаар нь дүгнэж харилцдаг.

Би бол яах вэ дээ. Чингэлтэйдээ л байж байна. Өглөө, оройдоо гэр хорооллынхоо замаар л явж байна. Айл хөрш, ах дүүс маань бахь байдгаараа. Би яаж өөрчлөгдөх юм бэ.

Саяхны нэг жишээ ярья. Би айлын бага. Аав маань өнгөрсөн жил бурхан болсон болохоор өндөр настай ээжийгээ асарч тойлох үүрэг бага охинд ирсэн. Гэр нь ойрхон болохоор эгч маань өглөө ирж, ээжид шөл хийж өгдөг юм. Тэгсэн нэг өглөө ирдэггүй. Яасан гэтэл “Өчигдөр орой манай ангийн хүүхдүүд уулзаж байна гэж дуудаад. Мөнгө байхгүй гэтэл такси бариад хүрээд ир, бид мөнгийг нь өгье гэхээр очсон юм.

Тэгээд дахиад хүмүүсээс мөнгө авалтай биш, ойрхноор нь охиныдоо хоночихлоо” гэдэг байгаа. Тэгэхээр нь “Хүмүүс таныг гишүүний эгч гэчихээд унааны мөнгөгүй явахдаа яахав гэнэ шүү дээ. Надад хэлээд мөнгө авахгүй” гэхэд “Харин би чамаас авахаасаа санаа зовсон юм аа. Буруу юм хийчихлээ” гэж байгаа юм. Хөөрхий эгч минь 50 нас гарчихсан, тэтгэвэртээ сууж байгаа хүн л дээ.

Миний өдөр тутмын амьдрал иймэрхүү. Орчин тойрныхон маань ийм байхад би яаж гэнэт тэнгэрээс бууж ирсэн амьтан шиг болох юм бэ.

-Улстөрчдийн амнаас “Оймст хавчуулагдаж УИХ-д орж ирсэн” гэсэн уг гардаг. Үүнийг өнгөрсөн сонгуулиар анх удаа сонгогдсон, ялангуяа МАХН-ын харьяалалтай гишүүдэд хаяглаад байх шиг харагддаг.

-Тийм. Ялангуяа надад энэ үгийг зориулдаг байх. Үүнд нэг их эмзэглэдэггүй. Хэл үг сайтай, цэцэн цэлмэг, хүнийг доромжлох дуртай хүмүүс өөрсдөөс нь илүү тууштай байгааг минь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж байгаа нь тэр юм болов уу л гэж эерүүлж ойлгодог. Тууштай, үнэнч зан өнөөгийн нийгэмд, тэр тусмаа улс төрд тун ховордсон зан чанар шүү дээ.

УИХ-д олон удаа сонгогдсон гэж өөрсдийгөө бусдын дээр тавиад, биднийг элдвээр хэлээд сууж байгаа хүмүүс бүгд оймс байтугайд нь хавчуулагдаж улс төрд орсон. Тухайн үед Н.Энхбаяр даргын хавчуулагдаж болох газар бүхэнд нь хавчуулагдаж явсныг нь хүмүүс мэдэх байлгүй.

Ер нь хүнийг гаднаас нь дүгнэж ярина гэдэг сайн хүний шинж биш. Харин юу хийж бүтээв, юу хийхээр төлөвлөж байна, энэ хүн ард түмний төлөөлөл байж чадаж байна уу, үгүй юү гэдгийг нь анзаарч харж байгаасай.

Хааны алба халаатай, эзний алба ээлжгэй. УИХ-д ямар ч аавын хүү, ээжийн охин сууж болдог гэдгийг манайхан мартчихаад байна. Үүнийг нь би сануулах гэж, хүлээн зөвшөөрүүлэх гэж хичээж байна.

-Эмэгтэйчүүд улс төрд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд эрчүүдээс урт, саад бэрхшээлтэй зам туулдаг шиг харагддаг. Харин Та маш богино хугацаанд улс төрд орж ирсэн. Энэ аз байв уу?

-Ямар ч чадалтай, боловсролтой байсан эмэгтэй хүн гэдгээр нь эрэгтэйчүүдээс дор үзэх хандлага манайд байсаар байгаа. Үнэн хэрэгтээ монгол бүсгүйчүүд гайхалтай дайчин. Үр хүүхдээ төрүүлж өсгөх, гэр бүлээ авч явахаас эхлээд төрийн албаны ихэнх ажил эмэгтэйчүүдийн нуруун дээр байна. Төрийн албаны аль ч байгууллага руу орсон албан хаагчдын олонх нь эмэгтэй байдаг. Харин улс төрд эмэгтэйчүүдээ хүлээн       зөвшөөрдөггүй

Эмэгтэйчүүдийг хов ярихаа өөр юм хийдэггүй гэж хүртэл гутаадаг. Үнэндээ бид хов ярьдагтүй, амьдрал ярьдаг. Харин эрчүүд жинхэнэ утгаар нь хов баздаг байх шүү.

Намайг улс төрд богино хугацаанд орж ирсэн гэж ярьдгийг би мэднэ. Би тодорхой хугацаанд улс төрийн ажил хийж явсан. Олны нүдэнд ил биш, далд фронтод явж байсан УИХ-ын сонгуулийн хэсгийн хорооны дарга, хорооны засаг даргаар ажиллаж байлаа Хороо гэдэг чинь иргэдээ хүрч ажилладаг төрийн анхан шатны байгууллага. Механикч засварчин, хорооны засаг дарга хэн байх нь хамаагүй, сонгох сонгогдох эрх хүн бүрт бий Намынхаа үзэл баримтлалын төлөө ажиллаж чадна гэж нам нь итгэл үзүүлээд нэрийг нь дэвшүүлсэн тохиолдолд хөндлөнгөөс мянга шүүмжлээд яах юм бэ.

Үнэн хэрэгтээ хүмүүст танигдсан, улс төрд олон жил болсон хүмүүс л сонгогддог, УИХ-д энэ хэдэн хүн л байх ёстой, эд бол Монголын төр юм гэдэг ойлголтыг иргэдийн толгойд хүчээр суулгах гэж хичээгээд байна шүү дээ.

Сонин сонин байдлаар УИХ-д сонгогдож байсан жишээ өчнөөн бий. Намайг дунд сургуулийн сурагч байхад болсон сонгуулийг тод санаж байна. Зах зээлд шилжээд картын бараанд орчихсон, юм ховор байсан үе л дээ. Тэгэхэд УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн хүн хоёр ширхэг саван тарааж байсан. Сүүлд урлаг соёлын тоглолт их хийдэг болж, залуус хэний сурталчилгаа яваад байгааг ч ойлгохгүй сонгуулийн шоу хэсээд явдаг байсан үе бий.

Хамгийн инээдтэй, бүдүүлэг аргаар сонгогчдын санал авсан жишээг дурдъя. Нэг нөхөр 17-р сургуулийн авгобусны буудал дээр машин зогсоож байгаад хүмүүст нэг, нэг кг мах тараагаад л сонгуульд ялчихаж байсан. Иймэрхүү маягаар УИХ-д орж байсан жишээ олон бий. Би тэгээгүй шүү дээ. Намайг яагаад чичлээд байдгийг ойлгодоггүй.

Эмэгтэй хүн гэдгээрээ хэл ам, дайралтад илүү өртдөг, эмэгтэй болж төрснөөрөө нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх нь эрчүүдээс удаан байдгийг биеэрээ мэдэрлээ. Ийм нөхцөлд бусдаас дутахгүй ажиллаж чадна гэдгээ харуулж, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хичээж байна. Ингэж чадвал миний амжилт. Би бусадгай заавал адилхан байх албагүй.

-УИХ-ын  гишүүн болсноор таны амьдралд өөрчлөлт гарав уу?

-Гаралгүй яах вэ. Монголчууд төрт ёсны хэдэн мянган жилийн түүхгэй, төрөө дээдэлдэг, төрийн сүлдэндээ залбирдаг, төрийн түшээгээ хүндэлдэг ард түмэн шүү дээ. Төр түшилцэж яваа хүн гэдэг утгаар найз нөхөд, ах дүүс, танилууд маань хүндэтгэлтэй' сайхан харилцана. Иргэдийн итгэлийг дааж,  хоёргүй сэтгэлээр төрдөө зүтгэж чадвал буянтай сайхан ажил.

Буян хишгийг нь дааж явах ёстой. Төрийн сүлд ивээнэ гэж байдаг. Төрийн ажил хийж байгаа хүн цаанаа л сүр сүлдгэй, өнгөлөг жавхаалаг харагддаг гэж хөгшид ярьдаг даа. Найз нөхөд маань намайг гишүүн болоод өнгө зүс нэмсэн гэж хэлдэг юм.

-Нээрээ Та сайхан хувцаслаж, биеэ сайхан авч явдаг шүү.

-Баярлалаа. Ганцаараа дэлгүүр хэсээд хувцсаа сонгочихдог. Байгаа хувцсаа өөртөө тохируулаад өмсдөг. Хорин хэдтэй байхдаа би 40 настай эмэгтэйг хөгшин хүний тоонд оруулдаг байлаа. Одоо өөрөө 40 насны босго алхчихаад өөрийгөө хөгшин гэж бодохыг хүсэхгүй байна.

Аль болох залуу сэтгэлгээтэй байж, эрч хүчээр цэнэглэгдэж ихийг хийж бүтээмээр санагдаж байна. Энэ маань хувцаслалтаар дамжиж илэрдэг байж магадгүй. Дандаа ажил хэрэгч хувцас өмсөхөөр заримдаа чөлөөт хувцас өмсмөөр санагддаг л юм. Гэхдээ ажил маань ийм боломж олгохгүй байгаа болохоор ажил хэрэгч хэрнээ залуу харагдуулах хувцас сонгохыг хичээдэг.

Ард түмний төлөөлөл гэчихээд навсайгаад явж болохгүй шүү дээ. Хэчнээн ядарсан ч хүмүүсийн дор орохгүй гэдэг бодол надад бүр багаас минь л суусан. Би урсгалыг дагаж явдаг биш, сөрж явдаг хүн.

-Хувь хүнийхээ хувьд ямар зан чанартай хүн бэ?

-Бусдаас илүү гардаггүй юм гэхэд дутуу байхыг хүсдэггүй. Ажил хийвэл хийсэн шиг хийж, үр дүнг нь заавал үзнэ гэж зүтгэдэг. Эхлүүлсэн ажлынхаа ард гарч л санаа амардаг. Хүнд муу санаад яваад байж чаддаггүй. Түүнийгээ гаргаад хэлчихвэл амар байдаг.

-Цагдаагийн академийг төгссөн бил үү?

-Би долоон буудлын 35 дугаар сургуулийг төгсөөд Дарханы Анагаах ухааны дунд сургуулийн бага эмчийн ангийг дүүргэсэн. Мэргэжлээрээ хэсэг ажиллаад Цагдаагийн академийн үндсэн ангид элссэн. Тэнд эрх зүйч мэргэжлээр суралцаж байхдаа

гүйцэтгэх ажлын сонгоны ангид шалгалт өгч тэнцэж байлаа. Тухайн үед гүйцэггэх ажлын чиглэлээр гайгүй мэргэшиж байсан. Намайг бага эмч мэргэжилтэй болохоор худал мэдүүлэг илрүүлэгч полиграфын сургалтад ОХУ руу явуулахаар бэлтгэж байтал тэр төсөл бүтэлгүйтэж, миний явах талаар болсон.

-Гадаадын парламентын гишүүний амийг аврахад бага эмч мэргэжил хэрэг болсон байх нь ээ?

-Японд      зохион байгуулагдсан олон улсын хурлын үеэр болсон явдал шүү дээ. Индонезийн парламентын гишүүн      зүрхний шигдээс болж, зүрх нь зогссон юм. Тэгэхэд нь өөр нэг хүнтэй хамт хиймэл амьсгал хийж, зүрхэнд  нь массаж хийж, зүрхний    цохилтыг  оруулж, түргэн тусламж    ирэхээс өмнө анхан шатны тусламж үзүүлсэн. Жилийн дараа тэр хүнтэй Индонезэд уулзсан. 30 кг турчихсан, эрүул, эрч хүчтэй , болчихсон явна билээ. Эхнэр нь баярласнаа илэрхийлж, алчуур бэлэглэсэн.

-Тантай    холбоотой байрны тухай яриа яваад л байдаг. Яагаад танд байр өгөөгүй юм бэ?

-Өмнө нь орон нутгаас сонгогдсон гишүүдэд байр өгдөг байсан. Төрийн түшээ нь орох оронгүйн улмаас аль нэг компанийн байранд амьдарвал тэр байгууллагынхаа барьцаанд орох аюултай. Төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байгаа хүнд хараат бусаар ажлаа хийх нөхцөл бололцоог хангаж өгөх нь зүй ёсны асуудал.

Гэтэл үүнийг ашигааад зарим хүн хоёр гурван удаа сонгогдохдоо дахин дахин байр авах асуудал гардаг байсан юм билээ. Тэгээд энэ парламентын үед нэг ч гишүүнд байрны дэмжлэг үзүүлэхгүй гэсэн шийдвэр УИХ-аас гарсан юм.

Ингэж байхад би УИХ-ын гишүүн болчихлоо, надад байр өгөх ёстой гээд дахин дахин яриад явалтай биш. Надад ээж, аавын минь гал голомт байна. Тэндээ амьдраад л байж байна.

-Таныг жигтэйхэн гоё байшин барьсан гээд зураг, хөрөгтэй нь гаргаад байсан?

-Төрийн түшээ байна даа. Хүн амьтан орж гарахад ч гэсэн аятайхан гэр оронтой байх хэрэгтэй биз дээ. Тэгээд ээж аавынхаа гал голомтоо бадрааж байсан, өөрийнхөө төрж өссөн газар дээр хүч хөдөлмөрийнхөө хөлсөөр сайхан байшин барьсан. Үүнийхээ төлөө би муулуулж гоочлуулах учиргүй гзж боддог шүү.

Одоо тэндээ үр хүүхэд, хань, ижийтэйгээ сайхан амьдарч байна. Аав минь өнгөрсөн жил бурхны оронд явсан. Охиноо төр түшилцэж явааг аав минь энх тунхдаа хараад баярласан байх гэж боддог.

-Та МАХН-д хэзээ элсэж байв. Танай намыг ганц хүний нам, та нарыг Н.Энхбаярын шүтэн бишрэгчид гэж ярихад таатай санагддаггүй л байх?

-Би сонгуульд санал өгөх насанд хүрч, анх удаа санал өгөхдөө ээж, аавынхаа заавраар МАХН-ыг сонгож байлаа. Ээж аав минь МАХН-ын гишүүн болохоор би энэ намыг дэмждэг байсан. Яг ухамсартайгаар, өөрийнхөө итгэл үнэмшлээр сонголтоо хийж, гишүүнээр элссэн үе нь 2000-аад оны эхээр.

Би уг нь бусдын нэр нөлөөнд орох гзж, хүний далбаан дор явах гэж зүтгэдэг хүн биш. Бусад намыг бодвол манай нам үнэт зүйлтэй. Гишүүд нь үнэт зүйлээ хамгаалдаг, үүндээ үнэнч байдагт эдний дургүй хүрдэг юм болов уу даа. Намын үзэл баримтлал, энэ үзэл баримтлалыг дэмждэг мянга мянган гишүүд маань бидэнд үнэ цэнэтэй.